Харилцааны соёлд суралцахуй

Хэл яриагаараа харилцаж ойлголцоно гэдэг нь урлаг төдийгүй хүнийг амьтнаас ялгах хамгийн том онцлог. Тиймээс хүмүүс ч харилцаанд түшиглэн амьдардаг. Гэр бүл, найз нөхөд, хайр дурлал энэ бүхэн харилцаан дээр оршин тогтнодог. Бид энэ харилцаагаар дамжуулан мэдээлэл солилцож байдаг. 

Харин энэ мэдээллийн долоон хувь нь хэл яриагаар дамждаг бол 30 хувь нь дууны өнгө аяс, 60 гаруй хувь нь харц, дохио зангаа, нүүрний хувирал зэргээр дамждаг байна. Энэ нь харилцаанд хэл ярианаас гадна өөр олон зүйл нөлөөлдгийг харуулж байгаа хэрэг юм.  Харилцаа нь хоёр хүний дунд үүсдэг, хоёр урсгалтай зам л гэсэн үг. Тиймээс юуны түрүүнд өөрөө хамгийн сайн харилцагч байх ёстой. Энэ нь өөрийгөө зөв илэрхийлж, ойлгуулдаг бай гэсэн үг. Тухайн нөхцөл байдалд тохирсон зан гаргаж, үг хэллэгээ ч тохируулах хэрэгтэй. Хажуудах  хүн чинь  уурлаж байвал адилхан дүрэлзэх нь харилцааг нураах хамгийн эхний алхам. Харин таг дуугүй болох нь харилцааг аварч үлдэх энгийн хэрнээ чухал боломж. Сайн харилцагч гэж өөрийгөө үнэлүүлэхийн тулд маш сайн сонсогч байх нь зөв. Зарим үед хүмүүс хүний яриаг таслан дундуур нь ярьж эхэлдэг. Энэ нь харилцааны хамгийн бүдүүлэг хэлбэр. Тиймээс хамгийн эхлээд сайн сонсч дараа нь хариулт өгөх хэрэгтэй. Ийм тохиолдолд хүний санааг зөв ойлгож, өөрөө ч эвгүй байдалд орохгүй. Хүнтэй зөв найрсаг харилцахад хувь хүний сэтгэхүй, хүмүүжил  нөлөөлдөг ч гадны хүчин зүйлс ч  багагүй үүрэг гүйцэтгэдэг.  Ер нь нөхөрсөг харилцаа гэдэг нэг төрлийн урлаг гэж болно. Харилцаа нь тухайн орчин, харилцагчаасаа хамааран хувьсан өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл оршуулгын газар оччихоод инээгээд байдаггүйн адил цэнгээний газарт урвайгаад суугаад байх нь утгагүй гэсэн үг. Харилцааг зөвхөн хүн л жолоодон чиглүүлдэг. Ингэхийн тулд хэзээ таслан зогсоох бас үргэлжлүүлэх, эсвэл шинээр эхлэх, цаашид зөв жолоодох харилцааны эв дүйнд суралцах хэрэгтэй. Ер нь сүүлийн үед харилцаан дээр нэлээд анхааралтай ханддаг болсныг олон зүйлээс харж болно. Хамгийн энгийн жишээ гэхэд ажилд авна гэсэн зарын шаардлагад харилцааны соёлтой гэсэн үг зайлшгүй байдаг. Тиймээс ч хүнтэй танилцахаас эхэлдэг харилцаагаа хэрхэн зөв уур амьсгалтай үргэлжлүүлэхийн тулд юу хийх ёстойг энэ удаа зөвлөж байна. 

Эхлээд инээмсэглэ, дараа нь гарыг нь чанга атга
Нөхөрсөг, найрсаг харилцааны эхлэл бол инээмсэглэл. Тиймээс сэтгэл гундуухан байсан ч инээмсэглэж явсан цагт ямар ч харилцаа амжилттай болдог. Зөвхөн инээмсэглэлээр олон зүйлийг өөрчилж чадна. Анх танилцаж байгаа хүнийг инээмсэглэн угтаарай. Энэ бол харилцаа амжилттай үргэлжлэхийн бат, найдвартай суурь. Ер нь харилцаа гэдэг ухагдахуун танилцахаас эхэлдэг. Тиймээс хүнтэй танилцахдаа анхааралтай хандах хэрэгтэй. Хүмүүс янз бүрийн нөхцөл байдалд танилцдаг. Боловсон, өөрийгөө илэрхийлж чаддаг хүнд өөр нэгэнтэй танилцахад ямар ч хүндрэл гардаггүй. Тухайн хүн танд таалагдахгүй байсан ч танилцахдаа үл тоомсорлосон зан гаргахгүй байсан нь дээр. Өөрөөр хэлбэл хүнийг гадаад байдлаар нь үнэлж, нүдээр олзлох нь дараа харамсах байдлыг ч бий болгож магадгүй. Инээмсэглэлийн дараа мэдээж гар барилт. Энэ нь танилцахын эхлэл төдийгүй боловсон харьцааны бичигдээгүй хууль. Танилцаж байгаа хүнийхээ гарыг бүтэн бас чанга атга. Энэ нь түүнийг хүндэлж байгаагийн илэрхийлэл төдийгүй  найрсаг, нөхөрсөг занг илтгэдэг байна. Харин сул, үлбэгэр гар барилтад эрчүүд бүр ч дургүй байдаг. Ямар ч тохиолдолд эр хүний гар сул, унжгар байх ёсгүй гэнэ. Тухайн хүнд дургүй байгаагаа харуулахыг хүсч байсан ч гарыг нь сул атгаж мэндэлбэл аятайхан сэтгэгдэл төрүүлэхгүй. Бас нэг анхаарах зүйл бол гар барихдаа тухайн хүнийхээ нүд рүү нь эгц хар. Гарыг нь атгачихаад газар ширтээд байвал хэнд ч таалагдахгүй шүү дээ. Хэрэв залуу та эмэгтэй хүнтэй танилцах гэж байгаа бол эхэлж гараа сунгасан нь дээр. Энэ нь таныг соёлтой боловсон гэдгийг харуулж байгаагаас гадна хүндлэлийн эхний алхам болдог. Мөн зүүн гараараа уулзсан хүнийхээ бугуйг атгаж байгаа нь урам зориг өгч, дэмжиж байгааг илэрхийлдэг. Зарим тохиолдолд уй гашуу, харууслыг илтгэж буйн дохио юм. Гэхдээ өөрийнхөө даргатай ингэж мэндэлж болохгүйг анхаараарай. Ийнхүү бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар барилт нь энгийн зүйл мэт боловч асар их соёлыг агуулдаг байна. Тиймээс хүнтэй хэрхэн мэндэлдгээ бодоод үзээрэй. Учир нь өнөө үед хэрхэн мэндлэхээс бүх л зүйл шалтгаалдаг гэдэгт эргэлзэх хэрэгггүй. Эцэст нь хэлэхэд танилцаж байгаа хүнийхээ гарыг гадаадынхныг дуурайж  үнсч огтхон ч болохгүй. Бидний сэтгэхүй өөр шүү дээ. Энэ үйлдэл таныг яг л гаж донтон шиг харагдуулна гэдгийг анхаараарай.

Маргалдааны эцсийн үр дүн өөртөө уусгах

Аливаа хүний ярианы 40 орчим хувь нь маргаан байдаг гэнэ. Тэгэхээр маргаан нь харилцааны салшгүй хэсэг болдог байна. Харин үүнд хүмүүс янз бүрээр ханддаг. Зарим нэг нь маргаан үүсгэж сэтгэлээ амраадаг байхад нөгөө хэсэг нь маргаанаас аль болох зайлсхийхыг боддог. Гэхдээ өдөр тумын амьдрал маргаанаас ангид байна гэж бараг л байхгүй. Тиймээс маргаанаас таашаал авч, өөртөө ашигтай болгох чадварыг эзэмших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөв маргалдах соёлд суралцах нь маргаанаас өөрийгөө аятайхан аваад гарах боломжийг олгодог. Юуны өмнө өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй, бат зогс. Тэгээд маргалдаж байгаа хүнийхээ байр суурийг өмнөөс нь томъёолж, тайлбар хийх боломжийг олгохгүй, өөрийнхөө бодлыг хүчтэй илэрхийл. Ингэхдээ санал зөрж байгаа асуудал бүрийг өөрийн бодлоор тайлбарла. Мөн тухайн хүнийхээ бодлыг няцаах биш өөрийнхөө бодолд уусгах хэрэгтэй. Ингэж маргалдагч талынхаа сэтгэл санааг өөртөө урвуулж, ширүүн хэрүүл үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.  Үүнээс гадна маргалдаж байгаа хүнийхээ үг,  тайлбарыг анхааралтай сонсох нь бас эерэг үр дүнтэй. Энэ нь мэдлэгээ өргөжүүлэх, байр сууриа илэрхийлж сурах, маргалдах туршлага хуримтлуулах  сайн талтай. Харин ашигтай зүйлийн тухай маргалдаж байгаа тохиолдолд л шүү дээ. Ер нь маргаанаас санаатайгаар зугтаж, бүх зүйл бүтэлтэй байгаа мэт дүр эсгэн, хиймэл царай гаргах хэрэггүй. Маргалдаанаас ашигтай санаа төрдөг шүү дээ. Тиймээс  нэгэнт л маргалдсан бол өөртөө нааштай үр дүнд хүртэл нь үргэлжлүүл. Хүмүүсийн хоорондох маргааныг шилэн хундаганад хөөсөрч байгаа шар айрагтай зүйрлэх хэрэгтэй. Энэхүү хөөс нь таны бодол санаа, байр суурь, сэтгэл хөдлөл. Тиймээс энэ хөөс алга болсон үед л тухайн асуудлын мөн чанарт хүрнэ. Харин маргалдаж байхдаа нөгөө хүнээ доромжилж, нэр төрийг нь гутааж болохгүй. Бас хэн нэгний давуу тал, эерэг байдалтай харьцуулах хэрэггүй. Бас нэг анхаарах чухал зүйл бол тухайн хүнийхээ гадаад таагүй байдал, эвгүй зуршлыг нь хэлбэл эргээд өөрийнхөө талаар таагүй явган яриаг сонсох болно. Тиймээс маргаж байгаа сэдвээсээ халихгүй, өмнө  нь болоод өнгөрсөн зүйлсийг дурдахгүй байх хэрэгтэй. Хэрэв ийм байдал гаргавал маргаан хэзээ ч төгсөхгүй гэдгийг анхаарах нь хэрэгтэй. Ер маргалдаан гэдэг нь өөрийгөө сайн тал руу өөрчлөх нэг арга гэж болно. Тиймээс зөрөлдөж байгаа хүнээсээ ялагдал авахгүйн тулд маргалдах соёлыг сайн эзэмших нь хамгийн зөв гарц юм шүү.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.