Юнми Пак охин Хойд Солонгосын тэсвэрлэшгүй амьдралын тухай ярьжээ




ХОЛЛИВУДЫН КИНО ҮЗЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГ ГЭЖ ҮҮ-

Хойд Солонгосоос зугтаж гарсан 21 настай Юнми Пак охин “One Young World Summit 2014” уулзалтын үеэр төрөлх улсынхаа тэсвэрлэшгүй хүнд, бэрх амьдралын талаар уйлан ярьсан байна. Тэрээр Хойд Солонгосыг "төсөөлшгүй улс орон" гээд, азаар оргон гарсан талаараа өгүүлжээ.




Хэрвээ БНАСАУ-ын иргэн хилийн шугамаасаа гарсан л бол тэднийг аймшигтай харгислал хүлээж байдаг. Иргэд нь байнгын айдас хүйдэст автдаг талаар тэрээр ярьжээ. Юнми Пак 1993 оны аравдугаар сарын 4-нд Хятад, Хойд Солонгосын хил орчимд төрсөн. “Би хүний эрх, эрх чөлөө гэдгийг мэдэхээсээ өмнө хулгайлагдсан” гэжээ.

Юнмигийн хэлснээр БНАСАУ-д цорын ганц телевиз үзэгчдэд хүрдэг бөгөөд тэр нь зөвхөн их удирдагчийн суртал ухуулгыг хийдэг байна. “Хойд солонгосчууд мөнхийн дарангуйлалд байна. Би өсөх наснаасаа хэзээ ч Ромео Жулетта шиг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорон дахь хайрын түүхийн талаар дуулж мэдэрч байсангүй” гэж Юнми Пак хэлжээ.



Есөн настайд нь найз охиных нь ээж гадны оронд хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө өдөр бүр тэмцэж буй талаар бичлэг үзэхийг урьж байсныг тэрээр дурсан санаж явдгаа ярьсан байна. Түүний хэлснээр, БНАСАУ-д Холливудын кино үзэх нь гэмт хэрэг. Тиймээс Юнми Пак охин “Холливудын кино үзэх гэмт хэрэг гэж үү” хэмээн асуужээ.

Улсынхаа дарангуйллыг шүүмжилвэл хор уршиг нь гурван үед нь дамжиж, шоронд хоригдон, эрүү шүүлт амсаад зогсохгүй амь насаа ч алддаг тохиолдол олон байдаг аж. Тэрээр эрх чөлөөнд хүрэхийн тулд багагүй зовлон туулжээ. Луужингийн зааснаар, оддын гэрэлд элсэн цөлийг хүртэл гаталж, үхэхэд ойрхон явах үед нь одод л түүнтэй хамт байсан талаараа дурсан ярьжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.