Дэлхийн шилдэг сонгодог зохиол ”цуврал”

Францын сонгодог зохиолч Виктор Хюгогтийн "Инээмтгий хүн" хэмээх гайхалтай романы тухай бүсгүйчүүддээ толилуулж байна!


Та хэзээ ч толинд харж үзээгүй бол өөрийгөө ямар царай зүстэй, хэн бэ? гэдгийг мэдэж чадахгүй л байх байсан болов уу. Магадгүй эргэн тойрны хүмүүсийн хэлснээр өөрийгөө тодорхойлж, төсөөлөх байсан байх. Хөөрхий “Инээмтгий хүн” бол яг л тийм. Тэр өөрийнхөө жинхэнэ төрхийг хэзээ ч харж байсангүй. Компрачикосууд хэмээх 17-р зуунд алдаршиж байсан ер бусын жигшүүрт дээрэмчдийн бүлэглэл нь хоёрхон настай балчир хүүг эцэг эхээс нь салган хулгайлж, амыг нь чихэнд нь хүртэл цуулан, нүүр нүдийг нь хүн танихын аргагүй болтол зэрэмдэглэн алиа салбадай болгоно. Яах гэж?
 Ердөө л язгууртан ноёдыг баясгах гэж. Гуинплен нэрээр алдаршсан энэ алиа салбадайг харсан хүн болгон элгээ хөштөл инээдэг байлаа. Яагаад гэвэл тэр тийм л царайтай юм. Уурлаж байсан ч, гомдон уйлж байсан ч түүний хөсрийн царайнаас аймшигт тэр муухай инээмсэглэл хэзээ ч арилдаггүй. 

Зохиолын гол дүрүүд болох Үүрс буюу гүн ухаантан, Гомо буюу Үүрсийн дотно найз, цорын ганц итгэлт хань болох чоно, хөөрхий зэрэмдэг Гуинплен, сохор Дея нар нь ядуу буурай ард түмэн, тухайн үеийн нийгмийнхээ золиос болсон төлөөллүүд билээ. 17-18-р зууны үеийн Английн нийгмийн бузар булай, хөндий хүйтэн, жихүүдэс хүрэм үнэнийг өгүүлсэн уг зохиол 10-хан настай эрэмдэг хүү аймшигт цасан шуурганаар хөлдүүс болсон эхийнхээ цээжин дээр уйлж буй бяцхан, сохор охиныг олж авснаар эхэлж байна. 

Хоёр өнчин хүүхдийн өр өвдөм учрал хожмоо аугаа их хайр дурлалын эхлэл болдог. Гуинплен, бяцхан охин хоёр цасан шуурганаас арай гэж амь хэлтрэн нэгэн хот бараадаж айл бүрийн үүдийг нүдэвч нэг ч хүн хаалгаа үл тайлна. Хаалгаа нээж, тэднийг хооллосон аугаа буянтан бол Үүрс, Гомо /чоно/ нар байлаа. Ийнхүү золгүй хүмүүс хамтдаа амьдарч, Үүрсийн мухлаг тэргэнд жүжиг тоглож эхэлсэн нь “Инээмтгий хүн”-ийг алдаршуулсан билээ. Улмаар мухлаг тэрэг өргөжин тэлж, жүжигчид нэмж авснаар “Ногоон хайрцаг” театр бий болно. Энэ зуур эрэмдэг муухай Гуинплен, үзэсгэлэнт Дея нар хайр дурлалдаа шатаж байлаа. Гэвч тэдний аз жаргал муу санаат хүмүүсийн харгайгаар бүх зүйл орвонгоороо эргэнэ. Хувь тавилангийн эргүүлгээр Гуинплен нэг л өдөр Английн удам залгасан Лорд /тайж/ болдог. Учир нь тэртээ Компрачикосуудад хулгайлагдсан хоёр настай хүү бол Лорд Линней Кленчарлийн хууль ёсны ганц өв залгамжлагч Фермен Кленчарли байжээ. Нэгхэн өдрийн дотор тэрээр асар их өв баялагийг эзэмшиж, Английн “Үнэн мөний шүүх” болон “Улсын хурал”-д нэр бүхий гишүүн болчихно. Нэгэнтээ зарлагдсан “Улсын хурал”-д тэрээр суух бөгөөд язгууртан, эрх мэдэлтнүүдийн үнэн царайг хараад тэссэнгүй. Муухай инээмсэглэлээ хүчлэн байж дараад аймшигт царай гарган ард түмний үгийг тэдэнд хүргэхийг зорьсон боловч бүх зүйл талаар өнгөрнө. Тэр минут хэртэй л хөгийн инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж хаясан билээ. Үүнээс илүү тэссэнгүй. Танхим дүүрэн инээдэм болж хөөрхий Фермен Кленчарли нөгөө л алиа салбадай Гуинплен хэвээр үлдэв. Энэ зуур Үүрс, Дея нар Гуинпленийг үхсэн хэмээн ойлгож, Лондонгоос хөөгдөх бөгөөд гуниж гутарсан алиалагч маань амиа хорлохыг завдана. Дея Гуинпленийг үхсэн хэмээн гашуудаж байтал Гомо Гуинпленийг дагуулан ирснээр аз жаргал дахин бий болно. Гэвч хэтэрхий их баярлахад Деягийн зүрх тэсэхгүй нас барж, гашуудсан Гуинплен харанхуй далайн ёроолруу үүрд одох буй...

Та 17-18-р зууны үеийн Английн нийгэмд хөл тавьж амьд хүнээр зугаа хийгч язгууртан, тайж нар, баян тансаг үгээгүй хоосны ялгаа, эрх тэгш бус байдлын гол тулгуур хууль эрхзүй, “Үнэн мөний шүүх” болон “Улсын их хурал” гэгчийн цаана юу байх зэргийг мэдрэх бөгөөд үүний зэрэгцээ хүний зүрх сэтгэл гэгчийг юу ч хааж боож үл болохыг харуулсан эмгэнэлт зохиолоор аялаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.