Ууц чанах тухай
Урьдаар асуух нурууны хамар ясны хоёр талыг дагасан бүлхийг хөндлөн тасалж чанавал ууц татаж хотойдоггүй. Мөн сүүлийн үед нугасны нүхээр бүдүүн төмөр утас сүвлэж чанах болжээ. Том ууцыг тогоонд чанахад багтахгүй, чаналтыг сайн тааруулахгүй бол шалз чанагдах тогоонд хүрсэн хэсэг нь хайрагдах зэрэг бэрхшээл гардаг. Иймд бүрхээр буюу модон торхоор чанах арга бий.

Ингэхдээ тогоондоо бараг дүүртэл ус хийгээд бүрхээрээ тавина. Тэгээд ууцаа усанд лавхан дүрээд харцага нуруу талаар нь бүрхээрийн аманд дүүжлэн бэхэлж битүү чанана. Ингэхэд жигнэх чанах хосолж хайрагдах хавчигдах бэрхшээлгүй болно. Чаналтыг 30 минут орчим үргэлжлүүлэхэд жигд сайхан болно. Сүүлийн жилүүдэд хот суурин газруудад усны лаазанд хийж 1,5-2 квт-ын цахилгаан тулганд чанах арга өргөн дэлгэрчээ. Чанасан маханд наалдсан нитгэл үс хялгас зэргийг хусаж түүж цэвэрлэхэд тийм ч амаргүй Иймд шингэвтэр зуурсан гурил дээгүүр өнхрүүлж наалдуулж авах нь хамгийн хялбар арга юм.






