Цагаан сард бэлдэх нь

Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясна. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. 


Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сараар үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтэч зан заншилтай билээ.
Цагаан сарын идээ бэлдэх нь

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.