Хүүгээс тань ирсэн захидал

Би нэгэн өдөр “огт ярихгүй” байхаар шийдсэн юм. Тэр ч бүү хэл насан туршдаа үг дугарахгүй байхаар шийдлээ.

Учир нь “чимээгүй байх” нь миний жижигхэн ертөнцөд аавтайгаа тогтоосон харилцаа холбооны нэгэн хэлбэр байв. Аав минь орой ажлаасаа их ядарсан байдалтай ирдэг.
Харин би өдөржингөө гэртээ уйдаж, аавынхаа ирэхийг тэсэн ядан хүлээж сууна. Аавыгаа хаалгаар ороод ирэнгүүт гүйж очоод түүнийг хүзүүгээр нь тэврэн эрхэлж, аавтайгаа тоглохын мөрөөсөл болдог байлаа.

Аав минь намайг тэвэрч, үнсээд “миний хүү өрөөндөө оч” гэдэг байв. Оройн хоол бэлэн болоход ээж биднийг дуудахад би аавтайгаа нэг ширээнд сууна. Ээж аав хоёр маань хоол идэнгээ ойр зуурын юмсыг ярилцаж суухад нь би дундуур нь орж асуулт асууна, намайг тоохгүй бол тэдний анхаарлыг татах гэж чанга гэх чинь орилдог байлаа.

Энэ үед ихэнхдээ аав уурлаж ‘Өдөржингөө олон хүний чимээнд тархи толгой ядраад ирэхээр л энэ хүүхэд ингээд орилох юм!’ гэнэ. Ээж зөрүүлээд ‘Би өдөржингөө л чамтай зууралдлаа. Аавтай чинь ганц үг сольж болох нь уу, үгүй юу?’ гээд намайг өрөө рүү минь явуулна.

Ямар ч аргагүй толгой гудайлган өрөө рүүгээ, өрөө ч гэж дээ “боловсон гяндан” руугаа би алхана. Аав миний хойноос ‘Намайг бага байхад хүүхдийн өрөө гэж тусдаа өрөө ч байдаггүй байлаа. Бүх л юмаар нь хангаад байхад яалгах гэдгийн бол доо, ердөө ойлгохгүй юм’ гээд чангаар үглэнэ.

‘Надад ч гэсэн тусдаа өрөө байдаггүй байсан болоосой, манайх ч гэсэн нэг өрөө байранд бүгд хамтдаа байдаг байсан болоосой’ гэж би дотроо бодолхийнэ. Даан ч үүнийгээ чангахан хэлэх зориг зүрх үгүй юм даа.

Оройн хоолны дараа аав минь буйдан дээр хэвтээд зурагт үздэг байв. Тэр зуур намайг дуудаад хэсэг эрхлүүлнэ. Харин аавын үздэг чухал нэвтрүүлэг гарахаар надад хөдлөх ч эрх байхгүй болно.

Жаахан хөдлөх ч юм уу, ярихыг завдахад л “өрөөний шийтгэл” дахиад л эхэлнэ. Нэг өдөр би ерөөсөө “дуугүй, чимээгүй” л байвал аавтайгаа илүү сайн ойлголцох юм байна гэдгийг ойлгосон юм. Ингээд би чимээгүйхэн тоглох тоглоомуудыг сэтгэж эхэлсэн юм.

Эхлээд зураг зурж эхэллээ. Аав миний зурсан зурганд их дуртай; ‘Ингээд миний хүү томоотой тогло л доо’ гэнэ.

Аав над руу хааяа хааяа нүднийхээ булангаар харна, харин зурагны талаар асуулт асуухад тэр их тэвддэг байлаа. Гэхдээ намайг зандарч өрөө рүү минь явуулдаггүй нь сайхан.

‘Сүүлийн хэдэн хоног миний хүү чинь их ухаантай болсон’ гээд л ээж минь намайг хөршийн эгчид магтана.

Гэвч зурсан зураг маань олшрох тусам өрөө замбараагүйтэж эхлэв. Энэ удаа ээж намайг ‘Наад өрөөгөө янзал!’ гэхэд би яг хаанаас нь эхэлж, яаж янзлахаа мэдэхгүй байлаа.

Өрөөгөө янзлах гэсээр мунгинаж байтал нэлээд хугацаа өнгөрсөн ч, би өрөөгөө янзалж дийлсэнгүй.

Ээж нэг өдөр өрөөнд орж ирээд ‘Ерөөсөө зураг зурахыг чинь хориглоно’ гэж дуугарав. Огт юм ярихгүй, дуугаа хураасныг минь “ухаалаг алхам” хэмээн дүгнэдэг энэ хүмүүс зураг зурахыг минь хориглочихвол би яах билээ?

Би яг энэ сэдвээр зохиомжлоод гэр бүлийн зураг зурлаа.

Тэр орой бид хоолоо идээд бүгдээрээ том өрөөнд орлоо. Аавыг буйдан дээр суунгуут би зурсан зургаа бариад очив. Аав зураг руу хараад ‘Миний хүү сайхан зуржээ. Энэ том хүн нь би бололтой’ гэв. Би ‘Үгүй ээ наадах чинь би, та бол энэ жаахан хүүхэд’ гэлээ.

Аав ‘Үгүй ээ, энэ том эрэгтэй хүн нь би, тэр жаахан хүүхэд нь чи байна. Хажууд нь зогсож байгаа охин чиний найз’ гэв.

Би бас л ‘Үгүй ээ, тэр том хүн нь би, энэ жаахан хүүхэд нь та, дэргэд нь зогсож байгаа охин нь ээж’ гэлээ.

Аав надтай зууралдахаасаа залхаж: ‘За тэгвэл бид хоёрыг яагаад ийм жижигхэн зурав?’ гэж асуув. Би ч энэ асуултыг хүлээж байсан болохоор сэтгэл догдлон тайлбарлаж эхэллээ.

Би том болоод ийм залуу болно.
Гоё сайхан ажилд орно.
Харин та хоёр хөгширч жижигхэн болно.
Та хоёрын нуруу чинь бөгтийж, хөрш айлын эмээ, өвөө хоёр шиг намхан болно.
Би ажлаа тараад гэртээ их ядарсан ирнэ.

Та хоёр надтай ярилцъя гэхээр миний тархи ядарсан байх учраас та хоёрыг сонсохгүй.
Та хоёр надтай ямар нэгэн зүйлийг хуваалцахыг хүсэхэд ‘За өрөөндөө орцгоо, би жаахан амармаар байна’ гэж хэлнэ. Тэгээд бас та хоёрыг ‘Хэрэгтэй гэсэн бүх юмыг нь авч өгөөд байхад өөр яалгах гээд байгаа юм бэ? Дулаахан өрөө байна’ гэж загнана.

Аав ээж хоёрын маань нүд бараг бүлтрэх шахам томорлоо.

Сонссон зүйлдээ итгэж чадахгүй байв.

Намайг чанга гэх чинь тэвэрч, чин сэтгэлээсээ энхрийлж байлаа. Бараг намайг зогсолгүй хэдэн өдрөөр ярьсан ч сонсохоор уриалгахан байсан юм.

Хүн зарим зүйлийг мэдэрч амьдрах ёстой…

Өөрийгөө, амьдралд өрнөж буй зүйлсийг, өдөр тутмынхаа амьдралыг мэдэрч, анзаарах хэрэгтэй.

Насан туршид гээд байгаа зүйл маань ердөө 3 өдөр шүү дээ. Өчигдөр аль хэдийнээ өнгөрсөн, маргааш юу болохыг хэн ч тааж мэдэхгүй. Тэгвэл амьдрал гэдэг нэг л өдөр юм. Тэр нь өнөөдөр.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.