Эцгийн хайр
Энэ хорвоод эхийн хайр шиг үнэтэй зүйл үгүй ч эцэг хүн, аав хүний үрээ гэх сэтгэл мөн л агуу. Нэгэн хүү эцгээсээ “Ааваа та надтай хамтдаа марафонд оролцох уу?” хэмээн асуужээ. Эцэг нь хэдийгээр зүрх нь муу байсан ч хүүдээ эргэлзэлгүйгээр “тэгье” гэж хэлэв. Тэд марафон уралдааны замыг хамтдаа туулж, урам зориг орсон аав хүү хоёр нэлээд хэдэн холын зайн уралдаанд оролцжээ. Нэг удаа хүү ааваасаа дахин “Ааваа, бид Ironman тэмцээнд оролцож болох уу? гэж асуухад, аав нь хүүдээ нөгөө л эелдэг “тэгье” гэх хариултыг өгөв. Энэ тэмцээнд хэн дуртай нь ч ороод байдаггүй, ёстой л Төмөр хүн нэрэндээ тохирсон 42 км замыг гүйж туулан, 3,86 км замыг сэлж гатлан, эцэст нь 180,2 км замыг дугуйгаар уралдан дуусгадаг гурвалсан төрлийн уралдаан байв. Гэвч бүхнийг эцэг хүү хоёр хамтдаа амжилттай давж чаджээ. Тэмцээний дараа хүүгийн аав Dick Hoyt телевизэд өгсөн ярилцлагадаа эхийн хэвлийд байх үед хүүгийнх нь хүзүүг хүй нь ороосны улмаас хүчилтөрөгч болон тэжээлийн дутагдалд орон Рикт тархины саажилт үүссэн аж. Хүү эсэн мэнд төрсөн хэдий ч эмч нар Дик болон гэргийд нь тэдний хүү хэзээ ч явж бас ярьж чадахгүй болсон тухай хэлж, харин хүүгээ эмнэлэгт орхиж болохыг зөвлөжээ. Гэвч эцэг ингэхийг хүссэнгүй, хүүгээ цээжиндээ чанга тэврээд гэртээ ирснээсээ хойш түүнтэй яг л хэвийн хүүхэд шиг харьцаж халамжилж байв.

Гэтэл 1977 оны нэгэн өдөр хүү телевизээр марафон уралдааныг үзэж байснаа гэнэт аавдаа тэмцээнд оролцож болох талаар дээрх өгүүлсэн түүх эхлэх асуултыг асуужээ. Мөн нэгэн сонирхолтой түүх аав Дикт нь тохиолдсон аж. Учир юу хэмээвээс түүнд хэдэн жилийн өмнө нэгэн уралдааны үеэр бага зэгийн зүрхний шигдээс үүссэн байна. Шинжилгээгээр түүний нэг артерийн судас нь 95 хувийн бөглөрөлтэй болохыг тогтоосон ч эмчлэгч эмч нь Дикт “Хэрэв чи ийм сайн биетэй байгаагүйсэн бол аль 15 жилийн өмнө нас барах байсан шүү” хэмээн толгой сэгсрэн хэлсэн гэдэг. Ийнхүү аав хүү хоёр нэг нэгэндээ эрч хүч, эрүүл мэнд төдийгүй амьдрал бэлэглэжээ.

Тэд хамтдаа 1108 уралдаан тэмцээнд /үүнээс 72 марафон, 255 триатлон болон 15 цагийн Ироманд 6 удаа/ оролцсон бөгөөд нэгэн ярилцлаганд Дикийг баатар хэмээн өргөмжлөхөд тэр даруухнаар “Би зүгээр л гэр бүлдээ хайртай нэгэн” хэмээн хариулжээ. Мөн хамтдаа 1992 онд төрөлх америк орноор 45 хоногийн турш гүйх болон дугуй хослуулан 6010 гаруй км замыг туулсан аж. Тэд өнгөрсөн жил буюу 2014 оны дөрөвдүгээр сард Бостоны марафонд 74 настай эцэг Дик, 53 настай хүү Рик нар хамтдаа амжилттай уралдан “зодог тайлжээ”. Гэхдээ Дик “Энэ бол миний хувьд сүүлчийн уралдаан болохоос миний хүү Рик цааш үргэлжлүүлэн уралдах болно. Түүнд тийм хүч байгаа” хэмээжээ. Хүү Рик нь 1993 онд Бостоны их сургуулийг амжилттай дүүргэж, улмаар Бостоны коллежийг мэдээлэл технологийн лабораторид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан программ хангамжийн төслийн багт ажиллах болжээ. Эцгийн хайр, хүүгийн хүсэл хамтдаа санасандаа хүрч, сэтгэлээ жаргаах эрмэлзлэл тэмүүлэл эрч хүчийг өгдөг ажээ.










