Сэтгэлд үргэлж шинээрээ ”Ийм нэгэн явдал”

"Ийм нэгэн явдал"-ын зохиолыг Эльдар Рязанов, Эмил Брагинский хоёр ердөө ганцхан сарын дотор биччихжээ. Харин дараа нь тэд энэхүү зохиолоо кино зохиол болгоход дахин хамтран ажилласан байна.

Киноны жүжигчдийг богино хугацаанд сонгож чаджээ. Рязанов өмнөх кинонуудад нь тоглож байсан хуучин багаасаа хэнийг нь энэ кинонд авахаа урьдчилан тооцолчихсон байсантай ч холбоотой гэнэ. Самохваловын дүрийг бүтээсэн Олег Басилашвили, "Мангаа"-д тоглосон Алиса Фрейдлихийг ч өмнөх киноноосоо Рязанов онилчихсон байж. Нарийн бичгийн дүрийг бүтээсэн Лия Ахежакова, Новосельцовыг амилуулсан Андрей Мягков ч Рязановын хуучин киноны багийнхан юм.

Рязановын өгүүлснээр бол Мягковт зориудаар сахал, нүдний шил зүүлгэхээс өөр аргагүй болсон аж. Учир нь өмнөх кинонд тоглоод од болчихсон жүжигчнийг хуучин дүрээр харахвий гэснээс зайлсхийсэндээ ийнхүү өнгөлөн далдлалт хийхээс аргагүй болжээ.

Дарга Калугина буюу Мангаагийн дүрийг Алиса Фрейндлихт өгнө гэдгээ Рязанов шууд хэлж, түүгээрээ ч болжээ. Тухайн үед дүрийн сонголтыг найруулагч ганцаар биш бас баахан хяналт тавьдаг байсан ч энэ удаад Рязановынхаар болсон байна. Харин Калугинад ямар хувцас олж өмсгөх тал дээр багагүй асуудал үүсчээ. Кино үйлдвэрийн хувцасны архиваас олон хувцас шилж үзсний эцэст хамгийн мухарт мартагдсан нэгэн ямар өнгө, загвартай нь үл мэдэгдэх "аймшигтай" хувцсыг олсон байна. Энэ хувцсыг л Алиса Фрейндлих өмсөж "эмгэн" болсон юм. Гэвч хувцас оллоо гээд нэг зүйл дутаад байж. Гэтэл оператор В.Нахабцев эцгийнхээ хуучин нүдний шилийг олж ирснээр "Мангаа"-г жинхэнэ утгаар нь амилуулах боломж бүрэн бүрджээ. Самохваловын дүрийг бүтээсэн Олег Басилашвили эхэндээ Новосельцовын дүрд тоглохоор Рязановыг "найрч" үзжээ. Гэвч огт зөвшөөрөөгүй гэнэ. Өөрт нь Новосельцов илүү ойр гэж Басилашвили олонтаа хэлсэн ч гэсэн түүнд Самохваловыг л өгчээ. Кино дэлгэцэнд гарсны дараа Басилашвили Рязановын дүрээ зөв сонгосныг ойлгож, хүлээн зөвшөөрсөн байна.

Самохвалов кинонд машин жолоодож гардаг. Гэвч амьдрал дээрээ Басилашвили жолооны хүрдний ард огт сууж үзээгүй байж. Ингээд түүнд богино хугацаанд жолоо барихыг заах шаардлага гарчээ. Хэдийгээр жолооны бүрэн сургалт төгсөөгүй ч гэсэн Басилашвили жолоо атгаж, хоёр ч удаа осол гаргаад амжсан гэнэ. Эхлээд кино камерыг дайрчих шахсан бол дараа нь Хэвлэл зардаг мухлагийг мөргөжээ. Мухлаг мөргөчихсөн болохоор Басилашвили киноноос шагнал, цалин авахаасаа өнгөрч гэж бодож явж. Гэтэл түүнд кино гарсны дараагаар урамшуулал шагнал чамгүй өгснөөс гадна ЗХУ-ын одонгоор хүртэл шагнажээ.

Нарийн бичиг Верачкагийн дүр эхэндээ нөхөртэй эмэгтэй байж. Нөхрийнх нь дүрд А.Фатюшин хүртэл тоглож эхлээд байжээ. Нөхөр нь байсхийгээд л мотоциклоор ажил дээр нь давхиж ирээд хэрүүл ам хийдэг байхаар зохиолд тусгасан гэнэ. Гэтэл жүжигчин Фатюшин зураг авалтын хугацаанд өвдчихсөн тул тэр дүрийг бүр хасч, Вераг зөвхөн утсаар л нөхөртэйгээ муудалцахаар хэмжээнд гаргажээ. Сонирхолтой нь, нөхрийнх нь утсаар яриад байдаг дууг Самохваловын дүрийг бүтээсэн Олег Басилашвили оруулсан байна.

Нарийн бичиг Верагийн дүр зохиол дээрээ бол өндөр гоолиг бүсгүй байсан гэнэ. Гэвч Рязанов дүрийг зөвхөн Ахижековад зориулан өөрчилжээ. Жижигхэн, царай муутай нарийн бичиг бүсгүйн зохиол дээрээс нь л үлдсэн ганц чанар нь хувцас загварын талаар бүхнийг мэдэгч шинж нь гэнэ. Ингээд л Вера намхан хэрнээ загвар ертөнцийн учрыг хамгийн сайн олдгоос гадна хэрхэн эрчүүдийг эргүүлэх урлагийг нэвт шувт мэддэг нэгэн болж хувирчээ.

Рязановын өгүүлснээр бол Калугинагийн гэрт хамтдаа хооллож, амрагийн үгсээ бүтэлгүйхэн ярилцдаг хэсгийн гавьяаг зөвхөн Алиса Фрейдлих, Андрей Мягков хоёр л үүрэх ёстой аж. Хоёр гайхалтай чадварлаг жүжигчин "романтик зоог"-ийг жинхэнэ гайхалтай харилцаа, бөөн мэдрэмж, хошин шогийн нарийн мэдрэмж болгож чаджээ.

Мөн Самохваловын гэрт Новосельцов даргаа эргүүлж, мөөг зэрэг бүтэлгүй сэдвийг сонгож ярьдаг хэсэг ч Фрейндлих, Мягков хоёрын өөрсдийнх нь зөнгөөрөө аваад явчихсан, дэндүү амьдруулчихсан хэсэг гэнэ.

Олон нийтийн ажилд идэвхийлэн гүйдэг Шурагийн дүрийг бүтээсэн Людмила Иванова тухайн үедээ "Орчин үе" театрынхаа үнэхээр олон нийтийн асуудлыг хариуцдаг ганц хүн байжээ.

Рязанов бүтээлээ телевизийн кино шиг болгочихгүйн тулд тагтан дээр гарах, вагоны буудлыг харуулах зэргээр зориудаар "байгальжуулсан" байна.

Киноны дүрүүдийн чанар онцлогийг гаргахын тулд дарга Калугинагийн гэрийг Никитийн гудамжинд байрладаг Элитүүдийн гэх байранд амьдардгаар гаргасан бол Юрий Самохваловыг Москвагийн төвд байрлах Тверийн /тухайн үеийн Горькийн/ гудамжинд амьдардгаар харуулжээ. Харин энгийн ажилтан Новосельцовыг захдуу орших Чернышовын гудамжинд, нарийн бичиг Вераг Чертановын гудамжинд, Рыжоваг Москвагийн ойролцоо амьдардгаар харуулсан байна.

Нас ахьсан ч гэсэн дурлалдаа шатаж, алдаж яваа Ольга Рыжовагийн дүрийг бүтээсэн Светлана Немоляева яруу найрагч Белла Ахмадулинагийн "Өө миний бүрэгхэн баатар минь Чи гутамшиг болохоос ямар ч овтой зугтав даа" гэдэг шүлгийг уншдаг. Харин түүний гунигт бодлоо уншдаг хэсгийг киноны зураг авалтын багийнхны нэгнийх танил эмэгтэйн түүхээс сэдэвлэсэн ажээ. Гэхдээ мэдээж тэрхүү эмэгтэйн нэрийг хэлэхээс татгалзсан байна.

Новосельцовын өргөдөг хүрэл том морь Леонид Гайдайгийн "Эрдэнэ нуусан гар" болон Юлиан Семёновын "Хаврын 17 учрал" зэрэг алдартай кинонд бас гардаг байна. Энэхүү хүрэл морь үүнээс гадна ч хэд хэдэн кинонд хэрэглэгдэж, ЗХУ-ын кино урлагийн түүхэнд хүндтэй байр эзлэх болжээ.

Харин киноны " У природы нет плохой погоды" хэмээх дууны үгийг Эльдар Рязанов өөрөө бичжээ. Олон яруу найрагчийн шүлгийг уншиж, хайсан ч гэсэн сэтгэлд нь хүрэх үг олдоогүй тул Рязанов өөрөө биччихээд англи шиг шүлэг орчуулсныг олсон мэтээр хөгжмийн зохиолч Петровт өгчээ. Харин дууг дарга Калугина буюу Алиса Фрейдлих дуулсныг та мэдэх биз ээ.

Эх сурвалж: urlag.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.