Нүүрэнд дэвсгэр өнгө сүүдэр тавих нь
Ямар ч нүүрний төрхийг дэвсгэр өнгө, сүүдэр тавих аргаар өөрчилж болдог шүү дээ. Сүүдэр тавих гэдэг нь гэрэл сүүдрийн аргыг хэрэглэн, нүүр царайныхаа аль сонирхол татамгүй хэсгүүдийг бүдгэрүүлж, хэлбэрийг нь засах урлаг ажээ. Үүний тулд арьсны өнгөнд тохирсон цайвар, түүнээс арай бараан гэсэн хоёр өнгийн энгэсгийг сонгох хэрэгтэй байх нь.

Бараан өнгө нь нуухыг хүсч байгаа хэсгээ будахад, цайвар өнгө нь тодруулахыг хүсч байгаа хэсгээ будахад хэрэглэгдэнэ. Эхний дэвсгэр өнгийн нүүрний бүх хэсгээр нягт нямбай, жигд тавиарай. Хоёрдахь өнгийг нүүрний зөвхөн тухайн хэсэгт сүүдэртүүлэн тавьж, сайн уусгаж өгдөг байна. Өөрөөр хэлбэл, нүүрний тодотгож өгөх хэсгийг цайвар өнгийн, далдлах хэсгийг илүү бараан өнгийн будаг, далдлагчаар засаж будна гэсэн үг юм.

Нүүр будалт хийхийн өмнө ямар хэлбэр гаргах гэж байгаагаа сайн тодорхойлох хэрэгтэй. Хэт өргөн нүүртэй бол нүүрнийхээ хажууг сүүдэртүүлж, нүүрнийхээ уртын дагууд цайвар өнгө тавина. Харин үүний эсрэгээр нүүрээ богино харагдуулахыг хүсч байвал үсний ирмэг доогуур дух болон эрүүнийхээ доод хэсгийг сүүдэртүүлж, шанаагаа тодруулан буддаг байна. Нүүрээ уртасгахын тулд чихнийхээ хэсэгт бараан, харин духны дээд хэсэг ба эрүүний доод үзүүрт цайвар өнгө тавих хэрэгтэй. Сүүдэр нь үл анзаарагдам, бараг ялгарч харагдахгүй байх ёстой. Сүүдэр тавигдсан хэсгүүд дээр тунгалаг энгэсэг тавьдаг байна.

Хацар өнгөлөгчийг ашиглан сүүдэр тавьж болох авч, энэ нь маш нарийн ур чадвар шаарддаг гэнэ. Сүүдэр тавихын тулд цэвэрхэн, зөөлөн багсанд бага зэрэг хуурай хацар өнгөлөгч ба тунгалаг энгэсгийг сайтар холин авна. Хацар өнгөлөгч хэрэглэхдээ улаан өнгөнөөс зайлсхийж, цайвар арьсанд ягаан, боровтор арьсанд хүрэн улаан өнгийг ашиглавал илүү зохимжтой байдаг байна шүү.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





