Хоолыг хор болгохгүйн тулд яах ёстой вэ?
Хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд хүн бүр,ялангуяа эзэгтэй нөр маань хүнсний хэрэглээний тухай мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Олон төрлийн нян бактери, шимэгчид болон химийн бодисуудыг агуулж байдаг найдваргүй, эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнүүд хүн төрөлхтөнд ямар хэмжээний хор хохирол учруулж байгааг анзаарч харах цаг хэдийнэ болжээ.

Өвчин үүсгэгч эдгээр хүнсэнд дутуу болцтой амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд, ялгадас болон химийн бодисоор бордсон жимс, хүнсний ногоо зэрэг ордог байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалж, боловсруулсанаас өвчин үүсэж байдгийг мартаж болохгүй. Хүнсний эрүүл бус хэрэглээ юунд хүргэж болдог тухай доорх баримтуудыг уншигчиддаа дэлгэж байна.

- Эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнүүд нь нян бактераас гаралтай гэдэсний өвчлөлүүдийн суурь болдог ба хүний биед хорт хавдар ч үүсгэж болох хор уршигтай.
- Гэдэсний хижиг өвчний тохиолдол хамгийн их бүртгэгдсэн бүс нутгийг Африк тэргүүлдэг бол Зүүн Өмнөд Ази удаалдаг байна.
- Найдваргүй, эрүүл бус хоол хүнс хэрэглэснээс болж гэдэсний хижиг өвчин туссан хүмүүсийн 40 хувь нь 0-5 насны хүүхдүүд байдаг.
- Эрүүл бус хоол хүнс нь эдийн засгийн ноцтой хор хохирол үзүүлдэг нь нотлогдсон. Тухайлбал, 2011 онд Германд дэгдсэн хүнсний бүтээгдэхүүнээс гаралтай өвчин үүсгэгч савханцар болох E-coli нь үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд тухайн үеийн ханшаар 1,3 тэрбум ам.доллар, Европын холбооны орнуудад түргэн тусламж үзүүлэхэд шаардагдсан 236 сая ам.долларын хохирол учруулж байжээ.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
- Бэлэн болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
Түүхий мах, тахиа шувууны мах, далайн бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд аюултай бичил биетэн агуулж байдаг тул хоол бэлтгэх болон хадгалах явцдаа бусад бүтээгдэхүүнээс тусгаарлаж байгаарай.
- Сайтар болгосон хүнс хэрэглэх
Чанаж болгох үед бичил биетнүүд бараг бүрэн устдаг. Татсан мах эсвэл бүхлээр нь чанаж буй махыг илүү сайн болгох шаардлагатай.
- Хадгалах орчинг хянах
Тасалгааны хэмд 2-оос дээш цаг хадгалсан хоолонд хүний биед хор учруулдаг нянгууд маш түргэн үрждэг. Тиймээс 2 цаг өнгөрсөн л бол заавал халааж идээрэй.
- Цэвэр ус хэрэглэх
Гол, нуурын ус нь суулгалт, гэдэсний хижиг, цусан суулга гэх мэт өвчин үүсгэгч нянтай байх нь элбэг тул хоол хүнсэнд шууд хэрэглэхээс татгалзаарай. Үргэлж буцалсан, шүүсэн ус хэрэглэж байх нь эрүүл мэндэд тустай. Жимс, хүнсний ногоог заавал угааж хэрэглээрэй.

Эх сурвалж: mongolianeconomy.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






