“Дэлхийн Мисс-2015” тэмцээнд эх орноо төлөөлж оролцох гоо бүсгүйн шалгаруулалт тун удахгүй

    Манай улс 2005 оноос хойш тасралтгүйгээр Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп хэмээн алдаршсан “Miss World” тэмцээнд гоо бүсгүйчүүдээ амжилттай оролцуулсаар ирсэн түүхтэй. Өнгөрсөн жил манай улсаас үндэсний гоо бүсгүйн тэмцээний ялагч, мисс Т.Батцэцэг маш амжилттай оролцсон билээ. Түүнийг гоо үзэсгэлэнгийн тайзан дээр гоо сайхан, гоолиг биеийг гайхуулан алхаж, бусад орны бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж явахад монголчууд маань ямар их дэмжиж, нэгдэж байсныг та бүхэн санаж байгаа.

    Дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд эх орныхоо нэрийг төлөөлөн оролцох сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээний бүртгэл өнгөрөгч 4 дүгээр сарын 1-нээс эхэлсэн ба энэ сарын 15-нд дуусах гэж байна. Энэхүү тэмцээний зохион байгуулалтын талаар ерөнхий зохион байгуулагч Asian Future ХХК-ий болон MNC телевизийн удирдлагууд, мөн жил жилийн дэлхийн миссийн тэмцээний үндэсний оролцогч нар маань мэдээлэл хийлээ.

    Тэмцээний бүртгэлийг 5 дугаар сарын 15-нд дуусгах ба 16-ны өдөр тэмцээнд хэдэн бүсгүй оролцох болсон талаар мэдээллийг хүргэх гэнэ. Харин 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 25 хүртэл нэг сарын хугацаанд оролцогчдоо 5 төрлөөр өрсөлдүүлэн, шалгаруулах ба 7 дугаар сард дэлхийн миссийн тэмцээнд оролцох үндэсний оролцогчоо шалгаруулж, титмээ гардуулахаар төлөвлөөд байгаа ажээ.
    Үндэсний гоо бүсгүй шалгаруулах тэмцээний үйл явц, шалгаруулалтыг олон нийтэд хүргэх ажлыг хамтран зохион байгуулагч MNC телевиз хариуцан ажиллаж байгаа бөгөөд нийт 15 дугаар цуврал нэвтрүүлэг болгон үзэгчиддээ хүргэнэ хэмээн мэдээллээ. Хэвлэлийн хурлын үеэр мисс бүсгүйчүүд маань дэлхийн миссийн тэмцээний онцлог ба шалгууруудын талаар мэдээлэл хийсний зэрэгцээ Т.Батцэцэг энэ жилийн үндэсний ялагч бүсгүйдээ хувийнхаа зүгээс маш их зөвлөгөө өгнө гэдгээ ч амласан юм.
Энэ жилийн үндэсний ялагч, эх орныхоо нэрээр овоглон Дэлхийн мисст оролцох авьяаслаг  гоо бүсгүй маань хэн байх бол?
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.