Цаг агаар шинжих монгол арга
Мал, амьтадын байдлаар:
Сарлаг тал хөндий, нам дор, нөмөр газар бараадан идээшлэх, үхэр бэлчээрт гарахын өмнө их мөөрөх, зуны цагт үнээ тугалдаа хоргодон мөөрөлдөх, морь дахин дахин тургих, ботго бага насны тэмээ тонгочин тоглох, тэмээ жалга энгэр нөмөр газар бараадан хэвтэх, ингэ ботгондоо хоргодон буйлаад байх, хонь ямаа өглөө бэлчээрт гарахын өмнө дэвхрэх, хөөцөлдөх, мөргөлдөх, эсвэл хашаанаасаа гарах дургүй байх, бэлчээрт гарсан хойноо өвс тасралтгүй идэх, хонь ямааны хамар түгжрэх, шуухинах, үс ноос нь хөвсийн чийглэг нойтон болох, салхи руу харж хэвтэх зэрэг шинжүүд нь цаг агаарын байдал муудах, тэнгэр бүрхэх, бороо цас орох, хүйтрэх, салхи шуурга тавихын дохио.
Ямаан сүрэг задгай газраар бэлчээрлэх дуртай байх, өглөөгүүр малын хот хэвтэр рүү харахад хонь ямааны олонхи нь салхи сөрөн хивж хэвтэх, тэнгэр муухай бүрхэг байлаа ч гэсэн бух урамдах, зэлтэй унага унгалдах, адуу шилгээх, ингэ ботгоо орхиод бэлчээрт гарах, мал бэлчээрт гарахыг яарах, бэлчээрт гарсан хойноо тал тал тийш харж, тайван идээшлэх, зэрэг төлөв нь тэнгэр сайхан болохын шинж

Бороо орохын өмнө хонины ноос зөөлөрч, шулуун болно. Өвлийн эхэн сард хонь ямаа хот, хэвтрээсээ гарч хэвтээд байвал тэр өвөл нь өнтэй дулаан болох. Намар нядалсан хонины гүзээний үс нь их байвал өвөлдөө их цас орох, хүйтрэх, цаг зутруу болдог гэж малчид ярьдаг байна
Цаг агаар муудах үед сохор номин нүхэн дээрээ ихээхэн шороо овоолдог ба, усархаг бороо орохын өмнө нүхнээсээ гардаг байна. Нарлаг сайхан өдөр ойд жирх гэнэт чанга шуугилдах маягтай хашгиралдвал тэнгэр бүрхэж бороо орохын дохио болдог ажээ. Хэрэм хүйтрэх, цас орох, салхи шуурга болохын өмнө үүрэндээ орж нүхээ сайтар бөглөөд хэдэн өдрөөр ч гаралгүй хэвтдэг байна. Харин цас орж байхад модноос бууж үүрээ орхиод, цасан дээгүүр гүйж эхэлбэл цаг агаар сайжрахын тэмдэг. Хэрэм үүрээ нам газар зассан ажиглагдвал хүйтэн өвөл болох, өндөрт зассан байвал өнтэй өвөл болох
Тарвага, зурам, үхэр огодой, ам цагаан хулгана зэрэг амьтад эрт ичих, хөеөгөө их цуглуулах нь өвөл хүйтэн, цаг нэлээн зутруу болохын шинж. Тэнгэр муудахын өмнө агаар чийгшиж, нисдэг хорхой шавьжийн бие, далавч, өд сөд чийг даан хүндрэн газрын гадарга орчмоор ниснэ. Цаг агаар сайхан байлаа ч гэсэн бууцны цох хорхой үзэгдэхгүй бол хэдэн цагийн дараа бороо орох, салхи гарахын дохио. Зөгий өглөөгүүр үүрнээсээ сүргээрээ нисэж гарвал тэр өдөртөө цаг агаар тааламжтай байна
Зөгий үүрнээсээ гарлаа ч хол явахгүй эргэлдэх, үүрнээсээ гарах дургүй, тасралтгүй дүнгэнэн дуугарч байвал удахгүй тэнгэр бүрхэж бороо орох, өглөөнөөс орой хүртэл бал цуглуулж ердийнхөөсөө хожуу эргэж ирж байвал тэнгэр нэлээд хугацаагаар муудахын шинж
Амьдрал, эд ахуйн зүйлсээр:
Бие нозойрон залхуу хүрч нойрмогловол зуны цагт бороо орохын шинж
Бие хүндрэн ууцаар хөшиж нүд бүрэлзэн тархи толгой манарах нь тэнгэр эвгүйрэхийн тэмдэг
Гаансны бохь түгжирч устаж ирэх нь тэнгэр муудаж бороо орохын шинж
Уут савтай тамхи давс чийгтэх нь бороо орохын шинж
Хэдийгээр сэрүүвтэр хүйтэн байвч байшингийн цонх хөлрөх нь дулаарахын шинж
Хөгжмийн утас уртсан мултраад байвал бороо орохын, тасраад байвал агаар хуурай тэнгэр сайхан байхын тэмдэг.
Зуух, пийшэнд хийсэн модыг асаахад дүрэлзэн шатаж дөл нь хүхээрүүгээ татагдаж байвал салхи, шуурга болохын, мод чад пад хийн дуугаран утаа савсан муу шатаж байвал бороо хур орох буюу дулаан тогтуун өдөр болохын шинж.
Аргал түлш чийгтвэл хур орохын тэмдэг
Яндангийн утаа эгц дээшээ хөөрч байвал өдөртөө салхи багатай тогтуун байхын, утаа хөөрөхгүй хоргодох буюу хажуу тийшээ хийсч байвал салхи ширүүсч тэнгэр бүрхэж хур орохын шинж.
Тогоо зуухны хөө шатаж ямаарвал шуурч салхилахын тэмдэг.
Зууханд асч буй дөл улаан өнгөтэй харагдвал хүйтэрнэ, цайвар бол дулаарна.
Хувцас, сур, бусад материал чийг даавал бороо орохын шинж
Шир савхин эдлэл зөөлөрвөл хур бороо орно гэж мэд.
Эсгий даавуу ялангуяа бэржээхэн бүрээс гэрийн хялгасан хошлон бүс дээсэн цулбуур олс агшиж чангарвал тэнгэр бүрхэж бороо орохын шинж.
Савласан хураасан ноос хялгас чийг даах нь бороо хур орохын санамж гэж бод
Агаарын даралт хэмжих багажгүй бол архины шилэнд голын уснаас тал хувь хүртэл хийгээд сайтар бөглөж, авдар ширээ цонхны тавцан дээр тавиад ашиглаж болно. Шилтэй усны дээд хэсэгт шилний хананд усны дусал тогтож байвал тэнгэр удалгүй муудахын, хэрэв тэнгэр эвгүйдсэн үед шилний ханан дахь усан дусал арилсан бол тэнгэр сайжрахын шинж
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






