Эргэл хийх ёс
Ирж буй жилийнхээ заслыг хийлгэх гэж байгаа эзэгтэй нартаа эргэл хийх ёсын талаар хүргэж байна.
Эргэлийг Түвдээр “Гороо” гэдэг бөгөөд монгол хэлний үсийн санд орж “Гороо хийх" гэх болжээ. Эргэлийг нар зөв буюу баруун эргэж хийдэг. Тарнийн ёсонд нар буруу эргэх ёс ч байдаг ч тийм түгээмэл биш байдаг. Сударт “номын зүг баруун”, номын бус зүг зүүн хэмээжээ. “Бодичаряа аватра”-аас “Бусадтай гараар мэндлэхдээ баруун гараар үйлдэх хэрэгтэй” гэж айлдсан байдаг. Энэ бүгдээс үзвэл Бурханы шашны ёсоор баруун зүгийг эрхэмлэн дээдлэж байсан нь тодорхой харагддаг юм. Эргэлийг сүм дуган суварга, багшийнхаа өргөө, өөрийн бурхан шүтээн залсан орон гэрээ ч тойрон эргэж болно.

Хүн өөрийн хүссэн зүйлээ залбиран эргэл хийж болно. Гэвч их хөлгөний үүднээс мөргөхдөө бурхан, ном, хувраг гурван эрдэнэд итгэсэн сүсэг бишрэл чухал бөгөөд бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцээ арилган, ариусаж улмаар гэгээрлийн хутгийг олох эрдэм төрүүлж адистидла гэж чин сэтгэлээр залбирах хэрэгтэй. Эргэл хийхдээ эргэлийн эхэнд тоог арвижуулдаг тарни үүнийг унших нь чухал. “Намо вага вадэ радна гэдү разаяа дата гадая архадэ сам яа гасам бүддаяа дадяата ом раднэ раднэ маха раднэ визая суха” гэж уншаад мэгзэм, маани, итгэл, ерөөл, магтаал, залбирлаа унших хэрэгтэй. Адгуус хүн алин ч зовлонг хүсдэггүй зөвхөн жаргалыг хүсдэг. Бид жаргалтай байхын тулд буяныг хураах хэрэгтэй, зовлонгоос гарахын тулд нүгэл хилэнцээсээ ангижрах хэрэгтэй. Үүний тулд эргэлийг олон дахин хийх хэрэггэй. Эргэл хийх үе нь бурхны дүйчэн, багш, аав ээжийн мэндэлсэн, таалал барьсан сайн өдөр цагт болон бурхан шүтээн, сүм хийд, сувраганд очих үедээ хийвэл сайн.

Түүгээр ч барахгүй эргэлийг Бурхан багш, Богд лам зэрэг дээдсийн төрсөн мэндэлсэн газар орон Гүнбүм, Баруун зуу, Эрдэнэ зуу, Их хүрээ зэрэг адистэд оршсон алдартай сүм дуган, хүрээ хийдүүд болон тахилга шүтлэгтэй уул хайрхадыг эргэх ёс ч байдаг. Эргэлийн тусыг санаанд багташгүй гэж ном сударт айлдсан байдаг. Үүнийг мэдэхийг хүсвэл эртний ном судрыг судлан унших хэрэгтэй боловч товчилвол гурван эрдэнэд үл сүсэглэн, үл биширсэн тэргүүнтэн хилэнц ариусч буян агуу ихийг хурааж санасан ажил үйл сэтгэлчлэн бүтэх учиртай гэдэг. Бурханы сургаалд “буянтай хүний санасан бүгд бүтнэ” гэж сургасан байдаг. Үүнээс гадна эргэл их хийвэл хий, бадганы төрлийн болон бусад олон өвчинд тустайн дээр хүний эрүүл мэнд мөн урт наслахад чухал зүйлийн нэг болдог юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






