Хонины ордонд төрсөн хүний төөрөг зурхай

Нийтлэг зан чанар
Та, эрсхэн хөдөлгөөнтэй, хүнд үнэн сэтгэлээсээ ханддаг. Яралзтал сайхан инээмсэглэдэг, шудрага үйлийг хамгаалахад хэзээ ч бэлхэн байдаг, гойд нөхөрсөг хүнтэй дайралдаж байсан уу?
Тэгвэл тэр чинь хонины ордонд төрсөн хүн гэдэгт итгэж болно. Хонь бүхнийг өөрийнхөө биеэр жишээлж боддог. Тэдний зоримог байдал нь зарим талаар гэнэн зантай нь холбоотой. Хүүхэд юманд түлэгдтлээ юунаас ч айдаггүй. Хонины ордныхон яг тийм. Түлэгдсэн ч өвчнөө намдаж, айдсаа арилмагц огт хашраагүй хэвээрээ л байна. Хонинд ов мэх арга башир огт байхгүй, дэндүү итгэмтгий, үхэн үхтлээ тэр л чигээрээ байна. Худал хэлж огт чадахгүй. Тэд өөртөө арчаагүй эмзэг сэтгэлтэй байх нь олонтоо. Өөрөөс нь чадалтай хүн дээрэлхэж гомдоох юмуу эсвэл юмыг нь булаахаар завдвал хонь ганц чаддаг аргаараа байдаг чадлаараа хашгирч шуугиан дэгдээхэд цаад хүн нь халширч даруй холдоно.
Гурав дөрөвдүгээр сард төрсөн хүмүүс түрэмгий зантай мэт боловч бүх хүнийг өөрийнхөө найз нөхөд гэж боддог. Хэн нэгэнд урам хугарвал сэтгэлийнхээ зовиурыг ил гаргахгүйг хичээдэг. Хонь хэрвээ үнэн голоосоо уйлж байвал чухам л зүрхийг нь шархлуулсан гэсэн үг. Юмны ая зан олохдоо муухан тэвчээргүй улс. Хэтэрхий шулуун зантай ов мэх хуурмаг зан угаасаа байхгүй. Яг хүүхэд шиг шулуун хонгор зан гаргах, хийсэн хэргээ хариуцах чадваргүй байх нь олонтаа бөгөөд энэ нь заримдаа эвгүй юманд хүргэдэг. Аймшиггүй зоригтой, ямар ч бэрхээс заяа мэдэг гэж явдаг мөртлөө өвчинд тэсвэргүй. Жишээ нь шүдний эмчид очих болвол аль болохоор хойшлуулна. Бие нь асаргүй байвч хичнээн жилээр эмчид очихгүй явсаар өвчин нь газар авч ноцтой болсон үед л сая нэг очно. Хонь нугаршгүй өөдрөг үзэлтэй болохоор архаг хууч өвчинд шаналах нь ховор. Их халуунтай ханиад хурц үрэвсэл, цус харвахад л сая нэг сөхөрнө.
Хонины ордныхон аливаа ажлыг өөрөөс нь илүү сайн хийх хүн байхгүй гэж зүтгэн тэнхээгээ тасартал тэр ч байтугай мэдрэлийн ядаргааны туйл болтлоо ажилладаг. Тэднийг өөр юмаар буруутгаж болно. Харин залхуу гэж хэлж яав ч болохгүй. Хонь хатуу хүн биш. Гэнэт дүрсхийн уурлаж мэдэх боловч дорхноо намдаж өс хонзон өвөрлөдөггүй цагаахан сэтгэлтэй. Уур нь хүрсэн үедээ арсалдагчаа юу ч хэлж мэдэх боловч уур нь гарсан хойноо уучлал гуйхад хэзээд бэлхэн байдаг. Олон хүний гайхшлыг төрүүлдэг эрс шууд зантай ч гэсэн хэрвээ хүсвэл эелдэг найланхайн туйл ч байж чадна. Өнөөдөр чухам энэ хором л тэдэнд чухаг. Бусад нь сонин биш учраас цагийг дэмий үрэх дургүй.
Хонины ордныхон чиглэсэн тодорхой зорилготой ажил хэрэгч хүмүүс байдаг боловч сэтгэлийнхээ мухарт хийсвэрлэн бодож, уясч, гуниж, ид шидэнд итгэж явдаг. Улс төрийн зүтгэлтэн байх нь ховор, бизнэс уран бүтээлийн ажилд тохирно. Бас гүдэсхэн зантай нэг нь сайн зохион байгуулагч байдаг. Дарга бол залхуу, хайш яаш хүнийг тэвчиж чадахгүй, хэн нэг нь ажил хийдүүлснийг мэдвэл галтайгаа бууна. Харин буруугаа хүлээж цаашид сайн ажиллахаа амлавал өршөөж хэлсэн амандаа хүрэх боломж олгоно. Ийм даргын гар доор ажилладаг хүн бол илүү цаг сууж, заримдаа амралтын өдөр ч ажилдаа ирэхэд бэлэн байх хэрэгтэй. Тэгсэн ч гэсэн таныг ажилдаа хожимдох буюу үдийн хоолноос хагас цаг хоцорч ирэх, хөл бөмбөгийн тэмцээн үзэхийн тулд эмээгээ оршуулъя гэж худал хэлж чөлөө гуйвал танд өөдтэй хандахгүй. Уг нь үнэнээ хэлчихвэл чөлөө өгч байж мэднэ.
Хонийг ажилтнаар авч буй удирдах ажилтан нэг бол их онож мэднэ, эсвэл алдаж ч мэднэ. Бүх юм түүнд яаж хандахаас л шалтгаална. Нэг л янзын юм хийлгээд байвал дорхноо уйдаад эхэлнэ. Харин зохион байгуулах авъяас чадвараа илрүүлэх, санаачлага гаргах, аль нэг юм хийх боломжийг нь олгоод л байвал гялалзаад л байна. Ажилдаа хоёр цаг хожимдож ирдэг байлаа ч ажил тарах үед цаг руугаа байн байн хараад байхгүй. Тэд үүдний сахиулд хөөгдтөлөө ганцаараа сууж ажилласаар л байх болно. Бүтээх, туурвах оргилсон хүсэл нь хоногийн 24 цагийн алинд нь ч автаж байж магадгүй. Тэр үед л саад болох хэрэггүй.
Гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын сүүлчээр төрсөн хүмүүст бол мөнгө шагнал бол хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлс. Мэдээж хийснийхээ хэрээр авах нь зүйтэй гэж боддог. Гэхдээ нэр хүнд амжилтыг эд баялгаас чухалд тооцдог. Өөрийнх нь авъяас чадвар, амжилт ололтыг үнэлбэл хонь улам илүү ажиллах гэж хар байдгаараа зүтгэнэ. Иймд гярхай удирдагч хонийг тушаал дэвшүүлэх, биеэ дааж ажиллахыг нь зөвшөөрөх, тэр ч байтугай өөрийнхөө орлогчоор тавьчихвал маш зөв юм хийж байгаа нь тэр. Хонь танд гомдвол, эсвэл танаас уйдвал зан авир нь дорхноо л царцаад ирнэ. Хонь тэвчээргүй, өөртөө итгэлтэй, маш өгөөмөр, өрөвчхөн, тэгсэн байтлаа баргийн юмтай эвлэрдэггүй. Гаднаас нь харахад амархан юм шиг байвч дотроо бол сэтгэл санаа сэрэл мэдрэл нь буцалж явдаг. Аль нэг ажил нь бүтэлгүйтэвч хонь яаж ийж бүтээхийн төлөө л зүтгэнэ.
Хэрэв эрэгтэй бол:
Гурав дөрөвдүгээр сард төрсөн эрэгтэй хүн хэн нэгэнд үнэхээр дурласан бол тэр хүндээ л үнэнч байсаар дуусна. Шударга шулуун зантай болохоороо хэдэн хүнтэй зэрэг чадахгүй. Хонь их хартай. Энэ талаараа арслантай дүйнэ. Тийм болохоор эхнэр нь буюу сэтгэлтэй бүсгүй нь түүнийг хууран мэхлэх нь бүү хэл санамсаргүй өөр хүн рүү харц чулуудахад ч сүйд болж мэднэ. Хонь харамч биш. Хүнд бэлэг сэлт өгөхдөө дуртай. Гэвч орлогоо эхнэртээ хянуулж цагдуулах дургүй. Эхнэрээ зөвхөн гэрийн ажилтай зууралдахад дургүй. Тэдэнд ухаан ихтэй амьдралын хань хэрэгтэй.
Хэрэв эмэгтэй бол
Гурав, дөрөвдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд шар замын 12 ордны бүхий л хүүхнүүдээс илүү эр хүний гар харалгүй амьдарч чадна. Хонины ордны хүүхнүүд эр хүнийг үнэлэх өөрийн бодолтой. Эргэн тойрных нь эрчүүдээс сэтгэлд таарах нэг ч хүн олдохгүй. Яагаад гэвэл тэд ямар ч юмыг эрчүүдийн хэнээс нь ч илүү сайн илүү хурдан хийж чаддаг гэж боддог. Хонины ордонд төрсөн хүүхнүүд хэрэв хэрэгтэй гэж үзвэл сэтгэлтэй болсон хүндээ хайр дурлалаа өөрөө илчилж чадна. Тэгээд бас өөрийг нь хайхрахгүй байгаа хүнийг л сонирхоно. Өөрийг нь өдий төдий хүн сонирхон эргүүлж байдаг боловч сэтгэл зүрх нь цорын ганц бүтэшгүй хүн тийш үргэлж тэмүүлж байдаг.
Гурав, дөрөвдүгээр сарын хүүхнүүд магтуулах дуртай. Гэхдээ магтаалыг хэтрүүлэх хэрэггүй. Тэд хүнд хайрлагдаж байгаагаа мэдвэл тэр хүндээ онцгой үнэнч, гэхдээ эр хүнд захирагдах дургүй. Энэ одонд төрсөн хүүхнүүд хүнтэй суухаасаа өмнө ч хойно ч бүрэн бүтэн эрх чөлөөг эдэлнэ. Гэхдээ яс маханд шингэсэн дэндүү шударга зантай болохоороо шалиг зангүй. Хэн нэгэнд сэтгэл хөрч өөр хүнд сэтгэлтэй болсон бол заавал ч үгүй үнэнээ хэлнэ. Хонины ордны эмэгтэйчүүд сайн эхчүүд. Үр хүүхдээ эрүүл чийрэг, цэвэр цэмцгэр, сайн хувцастай байлгах гэж үргэлж санааширч явна. Тэд хүүхдээ биеэ даасан хүмүүс болгохын тулд хатуу чанд сахилга батад дасгана. Гэсэн ч хүүхдүүд нь хайр энхрийллээр ерөөсөө ч дутахгүй. Ямархан нэгэн зав гаргаад унтахаас нь өмнө хүүхдүүддээ сайхан үлгэр яриад өгчихнө.
Хүүхэд ахуй цагтаа:
Гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 20-ны хооронд төрсөн хүүхдийн эцэг эх нь зочдоо хүлээн авч байх хооронд сая төрсөн нялх хурга орон дотроо бархирч гарна. Тэр нь та нар намайг нэгхэн эгшин ч болов орхиж яаж зүрхлээ вэ? Эцсийн эцэст энэ чинь хэн нь жанжин болж байна аа гэсэн үг. Хэн нь жанжин болохыг эцэг эх нь амаржих газраас ирсэн даруйдаа л мэдэж авна. Та хүүгээ /охин ч байсан ялгаагүй/ халбагаараа ширээ нүдэж өгсөн хоол өөрт нь тохирохгүй гэдгийг нотлох гэж хоолныхоо ногоог зад тургилж байгааг хараад энэ үг үнэн болохыг итгэнэ. Хурга үе тэнгийнхээ багачуудаас хэлд ч, хөлд ч түрүүлж орно. Шүд нь загатнасан үед тун ярвигтай. Их сониуч, явахгүй газаргүй, оролцохгүй юм гэж үгүй. Үзүүртэй иртэй юм, шүдэнзийг сайн нуух хэрэгтэй. Тэд юун духанд хүрэлгүй бэртэж гар хөлөө эсгэж, түлэгдэж явдаг тул тэднээс нүд салгаж болохгүй. Бяцхан хурга өсөж өндийн, улаан бурхан, гахайн хавдар, салхин цэцгийг давгүй туулж гарсны дараа ааш аяг нь улам ч нэмэгдэнэ. Ялихгүй л эсэргүүцэлтэй учирвал уур нь дүрсхийнэ. Гэхдээ дорхноо намдана.
Хонины ордны хүүхэд баргар царайлсан дүнсгэр хүүхэд биш. Шуурганы дараа наран мандах лугаа адил уурласныхаа дараа үргэлж сэтгэл татам инээмсэглэнэ. Юманд шуналгүй, бусадтай тоглоомоо дуртай хуваалцана. Сургуульд орохоороо гэрийн даалгавраа үл тоомсорлох хандлага гаргана. Яаж ч загнаад, бусдаар жишээ авч яриад нэмэр болохгүй. Харин миний хүү бусдын хүүхдийг арай л гүйцэхгүй доройхон амьтан юм даа гэж хэлбэл бусдаас юугаараа ч дутахгүй, тэр ч байтугай илүүгээ нотлох хичээж гарна даа.
Дөрөвдүгээр сард төрсөн хүүхэд дүрслэн бодох чадвар сайтай. Тэд агуу их мөрөөдөгчид. Тэр мөртлөө мөрөөдөл нь тодорхой байдаг. Хүүхдүүд нь үгэнд нь үл орж өөрийг нь дагахаа больчихвол сэтгэл нь ихэд эмзэглэж, эцэг эхдээ гүйж ирнэ. Ийм үед түлхэж болохгүй. Амьдралд бүх юмыг шууд дайрч, захиран тушаах замаар хийж болдоггүйг тайлбарлаж өгөөрэй. Гэхдээ өөртөө итгэх итгэлийг нь бүү алдуулаарай. Тэр нь өөрт нь агаар ус шиг хэрэгтэй. Тэд эцэг эхтэйгээ л холбоо тасрах юм бол гэрээсээ оргох оролдлого хийж ч мэднэ. Ийм явдал тэдэнд бишгүй нэг тохиолддог. Бяцхан хурга маш их уншдаг, баатарлаг явдал, шинэ газар орон нээгчдийн тухай өгүүллэг, бас үлгэрт ч дуртай. Ийм хүүхдүүдийг их тэвчээр гарган хайрлаж хүмүүжүүлээрэй. Тэд хамгийн нарийн нандин мөрөөдлөө биелүүлж, та ч бахархах юмтай байхыг хэн байг гэхэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Hishigee
(150.129.143.155)
2016-02-22 20:12:27
Unen bnaa
0
0
0
Хариулах






