Цорын ганц хайр


                          

Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярт зориулж анхны хайрын тухай бичих даалгавар ажлын хамт олон маань надад өглөө. Учир нь сурагчийн ширээнээс амьдралын ханиа сонгосон, намайг жинхэнэ анхны хайрын эзэн гэж тэд  үзжээ. Би үүнд баярлан дуртай нь аргагүй зөвшөөрөв. Оройхон хэрд тухтайхан суун  “Анхны хайр” гэсэн гарчиг тавьж юуны тухай бичихээ эргэцүүлэн бодлоо.

Хүн болгоны зүрх сэтгэлд халуун төөнүүлэн дурсагдаж явдаг анхны хайрын нандин мэдрэмжийн тухай бичнэ гэдэг амаргүй мэт. Гэхдээ хүмүүсийн анхны хайр янз бүр шүү дээ. Нүд, уруул хамар нь эгдүүтэй, хацар нь хөөрхөн хонхойдог ч юм уу, эсвэл булбарай зөөлөн гар зэрэг огт санаанд ормооргүй зүйлс хүртэл эсрэг хүйстнийг нь ухаан алдтал дурлуулдаг. Тэр бүү хэл оюутан байхад сандаль өмсөж явсан ангийн охины маань хөлийн хурууг хараад дурлачихлаа гэх залуутай ч таарч байснаа саналаа.

Огт хараагүй хэрнээ дуу хоолойд нь татагдаад анхны хайраа өгсөн хүмүүс байдаг. За ингээд тоочоод байвал дуусахгүй биз, энэ бүгдийг орхиод өөрийнхөө анхны хайрын тухай бичихээр зэхлээ.  Анхны хайрын дурсамжаа сэргээх санаатай зурагт үзэж суугаа нөхрийнхөө хажууд очин “Би чиний анхны хайр мөн үү” гэж асуухад гэнэтийн энэ асуултанд тулгамдаж гайхсан шинжгүй тайван гэгч хэсэг бодсоноо “Мэдэхгүй ээ, би ер нь анхны хайртай учирсан энэ тэрээ юм мэдэхгүй, чамдаа дурлан шохоорхож яваад л ханилж суугаад өдий олон жил боллоо. Би чамайгаа миний анхны хайр гэж хэлэхээсээ илүү миний цорын ганц бөгөөд эцсийн хайр гэж хэлнэ” гээд “Би хэнийг ч, хэзээ ч, чамайг хайрлаж байгаа шигээ хайрлахгүйгээ л сайн мэднэ. Одоо тэгээд ч хайр энэ тэртэй учирч байдаг нас өнгөрч дээ” гэж хэлэв. “Чи минь гомдоогүй биз дээ. Санаанд орсноо л хэлсэн шүү” гээд энгэртээ намайг чанга гэгч тэврэн үнслээ.

Энэ миний хүсэж байсан хариулт биш боловч би өөрийнхөө анхны хайрын эзнээс хэзээ ч мартахааргүй хамгийн сайхан хариултыг авлаа. Хүний цорын ганц хайр байхын сайхныг мэдэрсэн учир “Анхны хайр” гэсэн гарчигаа сольж “Цорын ганц хайр” болголоо.

Бүсгүй хүний романтик бодлоос төрсөн анхны дурсамж, анхны хайр гэдэг ойлголт магадгүй зарим эр хүнд “Жинхэнэ хайр” байдгийг мэдэрлээ. Үүнийг уншин суугаа хонгор бүсгүй таныг хэн нэгэн эр хүний Цорын ганц хайр нь, үүрдийн хайр нь байгаасай гэж хүсье!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.