Төрүүлсэн хүүхдийнх нь тоогоор ээжүүдийн ажилласан хугацаа 1.5 жилээр нэмэгддэг боллоо
Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Л.Элдэв-Очир, Ц.Цогзолмаа нарийн гишүүн санаачлан боловсруулсан билээ.

Тэгвэл дээрх хууль өчигдөр
/2017.02.02/ батлагдсантай холбоотойгоор хууль санаачлагчид өнөөдөр Төрийн
ордонд /2017.02.03/ мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн
тухай хуулийн талаар хэлэхдээ “Энэ хууль нь ээжүүдийг нийгмийн даатгалд
хамруулах зорилгоор олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой
үнэлэх зорилготой. Ингэснээр олон хүүхэдтэй ээжүүд тэтгэвэрт гарахдаа өндөр
тэтгэвэр авдаг болно. Ээжийн төрүүлж, өсгөсөн хүүхдийн тоогоор тухайн ээжийн
шимтгэл төлсөн жилийг 1,5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болно. Тухайлбал, нэг
эмэгтэй 20 жил улсад ажилласан, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол тэр хүний
ажилласан жил, шимтгэл төлсөн жил дээр зургаан жил нэмж тооцно. Ингээд олон жил
шимтгэл төлсөн байх тусам тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэр авна. Тодруулбал,
нэг хүүхэд төрүүлсэн бол 1,5 жил, хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн бол гурван жил,
гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 4,5 жил, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол
зургаан жил гэх мэт тооцно6
Хоёрдугаарт, Ээжүүд Хөдөлмөрийн
тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх
зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан
ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Нийгмийн
даатгалын санд заавал даатгагдаад шимтгэл төлж буй ээж хүүхдээ гурван нас
хүртэл харсан бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Сайн дураар шимтгэл
төлдөг ээж хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа бол энэ хугацааны шимтгэлийг
НД-ын сангаас төлнө. Ерөөсөө ажил хийдэггүй, НДШ төлдөггүй ээж төрөөд хүүхдээ
гурван нас хүртэл асран хамгаалж байгаа бол 50 хувийг нь төр, 50 хувийг нь өөрөө
төлөх боломж олгох юм.
Гуравдугаарт, НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг.
Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100
хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ
75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан
хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100
хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгч байгаа юм” гэлээ.
Харин Малчид болон хувиараа хөдөлмөр
эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар
“Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47,5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл тэдний нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлөх явц маш муу байна. Малчдын тухайд есөн хувь нь НДШ төлдөг. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм. Үүнээс гадна малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулсан. Эдгээр хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ” гэлээ.







