Зөв амьсгалах, буруу амьсгалах гэж байдаг уу?
Та хэзээ нэгэн цагт амьсгалын йога явж, эрүүл саруул болцгооё эсвэл зөв амьсгалснаар урт насална гэж хаа нэгтэйгээс уншсан эсвэл хэн нэгнээс сонссон нь лавтай.

Тэгвэл би энэ постоороо та бүхэнд амьсгалын талаар мэдээллийг хүргэхээр шийдлээ. Хүмүүс бид хором мөч, секунд бүрт, унтаж байхдаа хүртэл амьсгалж байдаг. Яагаад хүн байнга амьсгалах шаардлагатай юм бэ? Учир нь бидний амьсгалаар авдаг О2 нь хүний биеийн энергийн эх үүсгэврийг бий болгодог. Өөрөөр хэлбэл хоол хүнсээр биед орсон нүүрс ус, өөх тос, уургийг О2 исэлдүүлж бие махбодийн энергийн эх үүсвэр болох аденозин трифосфат (АТФ)-ыг үүсгэдэг. Мөн хүчилтөрөгч хамгийн их шаардлагатай эрхтэн бол бидний хайртай тархи гэдгийг сануулъя.
Хүний биед хүчилтөрөгчийг оруулж, биеэс нүүрс хүчлийг зайлуулж байгаа нь амьсгалын ердөө 1 л процесс нь юм. Үүнийг бид гадаад амьсгал гэж нэрлэдэг.

Үүний дараа уушгины бүтэц, үйл ажиллагааны нэгж – цулцан, хялгасан судас 2-ын хооронд хийн солилцоо (СО2, О2) явагдана. Ингэж амьсгалаар орсон хүчилтөрөгч маань уушгины хялгасан судсанд орж, уушгины артериар дамжин зүрхэнд хүрч, цусны эргэлтээр эд эрхтнүүдэд хүчилтөрөгч цусаар зөөвөрлөгдөн очдог байна. Цаашилбал эсэд АТФ үүсгэж байгаа процессыг бид эсийн амьсгал (cellular respiration) гэж нэрлэдэг.
Амьсгал нь хүний ухамсарт ухаанаар болон үл ухамсарлахуйгаар 2-уулангаар нь зохицуулагдаж байдаг хүний биеийн цөөн хэдэн үйл ажиллагаануудын нэг.
Ухамсарт захирагддаг гэдэг нь усанд сэлэлт, кардио фитнесс, яриа, дуу хоолойны дасгал зэргийн үед хүн амьсгалаа тохируулж чаддаг. Харин үл ухамсарлахуйгаар зохицуулагдана гэдэг нь уртавтар тархин дээрх хэсэг бөөмс биеийн хэрэгцээ, шаардлагад тохируулан амьсгалын хэм, хэмжээг тохируулж байдаг.
Амьсгалын механизм: Амьсгалын булчингийн тусламжтай 2 төрлийн биомеханик хөдөлгөөн хийж, цээжний эзэлхүүнийг өөрчилснөөр гадаад амьсгал явагдана. Тэдгээр нь:
– Хавирганы өргөх болон буулгах хөдөлгөөн
– Өрцний хөдөлгөөн

Уушгины эд маань уян сунамтгай учраас өрц доошлох үед тэлэгдэн, даралтын зөрүүгээр хүчилтөрөгч уушгинд орно. Тайван амьсгал авах үед өрц 1.5 – 2 см доошилж, доод хавирга 3 см орчим өргөгддөг. Харин гүн амьсгал авахад өрцний төвгөр үндсэн байрлалаасаа 10 см доошилдог байна. Тэгэхээр йогад заадаг зөв амьсгалын ач холбогдол нь уушгинд О2-ийг их хэмжээгээр оруулах юм. Ингэснээр хүний биед хангалттай энерги бий болж, биеийн эсэргүүцэл сайн, хүн тайван амгалан, тархи илүү сэргэг болдог байна.
Эцэст нь хэлэхэд зөв юм уу буруу амьсгалах гэж байхгүй, харин гүнзгий амьсгал авснаар таны дархлаа сайжирч, хорт хий биеэс тань зайлуулагдан, эрүүл мэндэд тустай аж. Яагаад ийм энгийн зүйлийг өөрийнхөө төлөө хэвшүүлж болохгүй гэж? Гүнзгий амьсгалцгаая!
via: http://www.doctorpro.mn/breathe/
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







