Евгения Медведева гран при финалд шалгарч чадах уу
Японы Хирошима хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд уран гулгалтын NHK Trophy тэмцээн болж өнгөрлөө. Энэ улирлын Гран При 6 тэмцээнээс ийнхүү 4 нь өндөрлөж, Москвад энэ сарын 16-17-нд болох Rostelecom Cup, Гренобльд 23-24-нд явагдах Trophée de France тэмцээнүүд л үлдээд байна. Гран При тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр 6 шилдэг тамирчин 12 дугаар сарын 5-9-нд Канадын Ванкуверт болох Гран При финал тэмцээнд оролцох эрх авах юм.
Одоогийн байдлаар эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр тамирчин л финалд уралдах эрхээ аваад байгаа. Энэ бол ОХУ-ын Елизавета Туктамышева, Японы Сатоко Мияхара нар юм. Үлдсэн 4 эрхийн төлөө 7 тамирчин өрсөлдөж байна. Үүнээс Японы Каори Сакамото хоёр Гран Прид оролцсон тул дахиж гулгахгүй. Үлдсэн 6 нь ОХУ, Францын тэмцээнд оролцоно.
Алина Загитова (ОХУ), Финландын тэмцээнд түрүүлсэн.

"Rostelecom Cup"-д оролцоно. 3-р байраас доошгүй байр эзлэхэд эрхээ авна. Мөн Константинова, Ямашита хоёр 2-оос доош байр эзлэвэл 4-т орсон ч финалд шалгарна.
Рика Кихира (Япон), Японы тэмцээнд түрүүлсэн.

Францад гулгах бөгөөд Загитоватай ижилхэн 3-р байраас доошгүй байр эзлэхэд эрхээ авна. Мөн Константинова, Ямашита хоёр 2-оос доош байр эзлэвэл 4-р байрт орсон ч финалд шалгарна.
Мако Ямашита (Япон), Канадад 2-т орсон.

"Rostelecom Cup"-д оролцоно. 2-р байр эзлэхэд финалд шалгарна. Сакамото, Медведева хоёроос илүү оноо авч чадвал хүрэл медаль авсан ч шалгарах боломжтой.
Станислава Константинова (ОХУ), Финландад 2-т орсон.

"Trophée de France"-д орно. 2-р байрт ороход хангалттай. Сакамото, Самодурова хоёроос илүү оноо авбал 3-р байрт орсон ч финалд шалгарна.
Софья Самодурова (ОХУ), АНУ-д 3-т орсон.

ОХУ-д болох "Ростелеком" тэмцээнд оролцоно. Түрүүлэх, эсвэл Сакамото, Константинова хоёроос илүү оноо авсан нөхцөлд 2-р байрт орж байж, финалын эрх авна.
Евгения Медведева (ОХУ), Канадад 3-т орсон.

Францад өрсөлдөнө. Түрүүлэх, эсвэл Сакамото, Ямашита хоёроос илүү оноо авсан тохиолдолд 2-р байр эзлэж байж, финалын эрх авна.
Алина Загитова, 16 настай Рика Кихира нар хамгийн боломжтой байгаа. Үлдсэн 2 эрхийн төлөө тун халуухан өрсөлдөөн явагдана. Олимпийн мөнгөн медальт Медведева шинэ нутаг болох Канаддаа хүрэл медаль хүртсэн. Францад түүнтэй Рики Кихира өрсөлдөх тул түрүүлж байж л финалын эрхээ авах магадлалтай. Учир нь 2-р байр эзлээд Сакамото, Ямашита хоёроос илүү оноо авна гэвэл 214 оноо авах шаардлагатай болж байгаа юм. Ерөнхийдөө Гран При тэмцээн ОХУ, Японы тамирчдын өрсөлдөөнөөр эхэлж, тулалдаанаар өндөрлөж байна.
Эх сурвалж: http://www.ub.life/p/16298







