Монголын Хонгирад, Боржигоны ургийн холбоо

Эртний монголчууд нь харь овгийнхонтой ураг барилдах заншилтай, нэг овгийн дотор гэрлэхийг цээрлэдэг байжээ. Хонгирад аймгаас гоо үзэсгэлэнтэй охид төрж, хаан язгууртан болсон Боржигон овогтонд бэр болж очдог байлаа. Есүхэй баатар Хонгирадын салбар болох Олхонуд аймгаас Өүлэнийг эхнэр болгон авчээ. Чингис хаан бас Хонгирадын Дай сэцний охин Бөртийг гэргий болгон авсан байна. Үүнээс хойш ч Боржигон овгийн алтан урагтнуудаас Хонгирад аймгаас хатад авсан хаад язгууртнууд нэлээд байдаг.
Чингис хааны хадам Дай сэцэн хөвгүүн Тэмүжиндээ бэр гуйхаар явж байсан Есүхэй баатартай уулзмагцаа:
«Есүхэй худ энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ
гэрэлтэй хөвүүн байна» гэжхэлээд цааш нь өөрөө Хонгирад аймгаа:
«Бүх Хонгирад иргэн
Эрт өдрөөс
Зээгийн зүс
Охины өнгөтөн
Улс үл тэмцэн
Хацар гоо охины
Хаан болсон таны
Хасаг тэргэнд унуулж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хатан сууринд
Хамтсуулгамуй.
Бүх улс иргэн үл тэмцэн
Бүх өнгө сайт охидоо өсгөж
... Өлжгэтэй тэргэнд унуулж
Өл буур хөллөж
Үүсгэн одож
Өндөр суурин эзлэгчдийн
Өрөөл хань болгомуй гээд
Бүр эртнээс
Хонгирад иргэн
Хатан халагдан
Охид өчилдөн
Зээгийн зүс
Охины өнгөөр явмуй гэж хэлэв» / (С.Дамдинсүрэн. «Монголын нууц товчоон» § 64 /
Чингис хаан зарлигдан: «Хонгирад аймаг... охин төрвөөс хатан хэмээгдэж, нуган хөвүүн төрвөөс гүнж хэмээгдэж /хүү төрвөл гүнжээр шагнах/, үеийн үед тасрашгүй» гэж хэлсэн байна./«Юан улсын судар: Хатад татварын намтар», боть I сүүлчийн хэвлэл т 2869 /
Чингис хааны авааль эхнэр Бөртэ бол Олхонуд, Хонгирадын хүн мөн. Гэтэл Дай сэцний хөвүүн ач нар нь яваандаа тусгаарлан нэгэн овогтон болж салбарлан гарсныг түүхэнд Босохур Хонгирад гэдэг. Юан улсын эцэс болтол /1368/ энэ Босохур Хонгирад овгийн охидоос гол ордны Хуаньхоү /хатан/ болсон нь 11, мөн Хуаньхоү хэмээгдсэн ба Хуаньхоүгээр нэхэмжлэгдэн өргөмжлөгдсөн 9 хүн байв. Нуган хөвүүд нь гүнж шагнасан нь 19, түүний дотроос 13 хүн нь ван өргөмжлөгджээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







