М.Уранцэцэг “Их дуулга” тэмцээнээс хүртсэн медалиараа бүх жүдочдыг тэргүүллээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Японы Осака хотод боллоо. Энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээнд 71 орны 421 жүдоч өрсөлдсөнөөс Монголоос 13 жүдоч багтжээ. Үүнд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медалийн эзэн болов.  “Их дуулга” тэмцээний ээлжит мөнгөн медалиа хүртсэн М.Уранцэцэг нэгэн түүхэн амжилтыг Осакагийн дэвжээнд бичив. Тэрбээр “Их дуулга” тэмцээнээс таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлж нийт медалийнхаа тоогоор бүх жүдочдыг тэргүүлж эхэллээ.


Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд 18 жүдоч барилдсанаас М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Япон Ёошида Сана, БНСУ-ын Юү Жон Каныг ялж, аваргын төлөө шалгаран үлдсэн. Тэрбээр Японы Фүна Тонакитай барилдаж, 49 секундэд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Сонирхолтой нь энэ жинд дөрвөн япон бөх барилдсанаас гурав нь медальд хүрсэн бол БНСУ-ын хоёр бөх шагналт тав, долдугаар байрт оржээ.



Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Ё.Басхүү Японы хоёр, ОХУ-ын бөхийн хамт медалийн тавцанд зогссон юм.

Ё.Басхүү АНУ, Кыргизстан болон Казахстаны хоёр бөхийг ялж, хагас шигшээд үлдсэн ч дэлхийн хошой аварга Японы Абе Хифүмид ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө ОХУ-ын Хаметов Исламыг ялснаар “Их дуулга” тэмцээний анхны медалиа хүртлээ. Энэ жинд нийт 37 бөх барилджээ.

Манай бусад бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Сосорбарам шагналт долдугаар байр эзэлсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд барилдсан М.Тогтохбаяр, Б.Амартүвшин, 66 кг-д Г.Хэрлэн нар гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгасан юм.

Тэмцээний эхний өдөр дөрвөн жингийн бүгдэд нь Япончууд түрүүлсэн бөгөөд нийт 16 медалийн 10-ыг авчээ. Харин ОХУ, Монгол хоёр, БНСУ нэг медаль хүртлээ.

Эх сурвалж: http://www.mnb.mn/i/159062
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.