Christian Dior CD
Францын алдарт загвар зохион бүтээгч, CD загварын ордны үндэслэгч Christian Dior нь 1905 онд Францын Normandy хотноо чинээлэг гэр бүлд мэндэлсэн аж. Тэрээр эцэг эхийнхээ хүслээр дипломатч болохоор Ecole des Sciences Politiques-д элсэн орж таван жилийн турш суралцжээ. Гэвч түүний туйлын хүсэл нь дипломатын ажил биш, харин уран зураг тэр дундаа хувцас загвар байсан тул тэрээр мөрөөдөлдөө хөтлөгдөн сургуулиа орхисон гэдэг. Ийнхүү хүсэл мөрөөдлийнхөө зүг сэтгэл шулуудсан Dior мөнгө олохын тулд өөрийн гаргасан загваруудаа байшингийнхаа гадна нэг бүрийг нь 10 центээр зарж эхэллээ. Сургуулиа орхисны дараа 1928 онд тэрээр ааваасаа мөнгө авч санхүүжүүлсэн уран зургийн жижиг галерейгаа нээжээ. Тэндээ Pablo Picasso зэрэг зураачдын бүтээлийг зардаг байв. Харин санхүүгийн хямралын дараа гэр бүлийнх нь бизнест асуудал тулгарч Dior уран зургийн галерейгаа хаахаас өөр аргагүйд хүрлээ.
Тэрээр 1931 оноос эргэж загварын ажилдаа идэвхийлэн оржээ. Түүний карьер эндээс л эхлэлтэй. 1935 он гэхэд Dior-ын бүтээсэн бүрх малгай Парис даяар нэлээд нэрд гараад байсан юм. Хэдийгээр тэр даашинз урлаж байсан ч анхандаа малгай нь илүү эрэлттэй байлаа. Ингээд Dior өөрийн даашинзны загвар дээр нэлээд шаргуу ажиллаж эмэгтэйчүүдийн хувцас загварын ертөнцийг шинэ шатанд ахиулж чадсан юм. Үүний дараа 1938 онд Robert Pique-ын загварын ордонд ажиллаж эхлэв. Энд ажиллаж байх хугацаанд түүнд цэргийн дуудлага ирж Дэлхийн II дайнд Францын өмнөд хэсэгт тулалдаанд оролцжээ. Дайнаас 1941 онд эргэн ирж Паристаа загварын ажлаа үргэлжлүүлэн хийв. Дайны жилүүдэд Lucien Lelong-н загварын ордонд Pierre Balmain-тэй хамтарч маш амжилттай ажиллаж эхэллээ. Харин 1946 онд Dior-н хувийн карьерт шинэ хуудас нээгдсэн гэж хэлж болно. Энэ үед нэхмэл эдлэл үйлдвэрлэлээрээ алдартай Marcel Boussac-н загварын ордонд дизайнер хийж байсан түүнийг Marcel Boussac дэмжиж тусдаа гарахад нь тусалсан байна. Ингээд Dior өөрийн гэсэн худалдаагаа эрхэлж Парисийн алдарт Montaigne Avenue-д анхны хувийн студиэ байгууллаа.
Дараа жил нь тэрээр New Look нэртэй анхны коллекцио танилцуулж Парисийн загварын тайзнаа тэсрэлт хийн гарч ирэв. Эмэгтэй хүний галбирыг тодотгосон дугуй нарийн мөр, бариу бүсэлхийтэй хувцаснууд мөн Дайны дараах эрх чөлөөг эрхэмлэсэн бүсгүйчүүдэд зориулсан сул чөлөөт юбка зэрэг нь түүний загварын онцог болж байв. Түүнчлэн Dior-н загваруудаас мэдрэмж, эмэгтэйлэг дүр төрх, төгс галбир, жинхэнэ сонгодог өнгө төрхийг олж харж болохоор байв. Одоо ч энэ хэв маяг нийт загварын өнгө аяст нь шингэж үлдсэн байдаг.
Ийнхүү дайны дараах эринд түүний загварууд маш их нэр хүндийг авчирсан төдийгүй брэндийн нэр хүнд ч асар хурдтай өссөн юм. Тус брэнд нь үслэг эдлэл, тансаг үнэртэн, гоёл чимэглэлүүд гээд олон төрлийн бүтээгдэхүүнээрээ олны таашаалыг хүртээд байлаа. Түүний бүтээлүүд Парисын бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлоод зогсохгүй дэлхий дахинд үнэлэгдэж байсан юм. Харамсалтай нь амжилт бүтээлээр дүүрэн байсан цуутай загвар зохион бүтээгч Christian Dior ихийг хийж бүтээх 52-хон насандаа тодорхойгүй шалтгаанаар нас нөгчсөн байна. Түүний нас барсаны дараа хамтран ажиллаж байсан загвар зохион бүтээгч Yves Saint Laurent түүний ажлыг үргэлжлүүлж 4 жилийн турш ерөнхий дизайнераар ажилласан байна. Түүнээс хойш 1997 онд John Galliano энэхүү хүндтэй албыг хариуцсан юм.
Christian Dior-ын гайхалтай загварууд нь эмэгтэйчүүдийн загварын ертөнцөд жинхэнэ хувьсгал хийж хөгжлийн шинэ шатанд авчирч чадсан төдийгүй Дэлхийн II дайнаас хойш Парис хотыг дэлхийн загварын төв болохыг дахин баталсан юм.






