Сүрчиг гэж юу вэ?
Та хэзээ ч юм өөрөөсөө сүрчиг, үнэртэй ус, гар нүүрийн ус болон үнэрт цацлага гэж чухам юу болох, юугаараа ялгардаг, алийг нь сонговол дээр вэ гэсэн асуултыг тавьж байсан уу?
Сүрчиг гэж юу вэ? Сүрчиг бол хүн төрөлхтөн бидний гаргаж ирсэн нэг ёсны урлагийн бүтээл билээ. Сүрчиг нь хэр баргийн хүний үнэрлэхүй, хүртэхүйд нарийн мэдрэгдэхүйц гоо сайхан, гоо зүйн зөн совин гэлтэй. Төрөл бүрийн үнэртний бодисуудыг спиртээр найруулан шингэлэхийг сүрчиг гэж байгаа юм. Үнэртний хэрэглэгдэхүүнүүд бүгд үнэртний хольц, ус, спирт болон будагнаас бүрэлддэг. Эдгээр бүтээгдэхүүний өөр хоорондоо ялгарах зүйл бол найрлаганд оршиж буй үнэртний ханд юм.
Сүүлийн үед сүрчгэнд будгийг түлхүү нэмдэг болсноос биш хэрэг дээрээ сүрчигний өнгө түүнд орсон үнэртний өнгөтөй л адилхан байдаг. Сүрчгийг онгойлгомогц үнэрийг нь хурц байлгах үүднээс үл исэлдүүлэгчийг холих явдал түгээмэл.
Үнэртнийг дотор нь: Үнэртэй ус, Сүрчиг, Үнэрт цацлага, Гар нүүрийн ус, Сэрүүцүүлэх буюу спортын ус, Үнэржүүлсэн деодорант гэж хуваадаг.
Сүрчиг нь үнэртний үйлдвэрлэлийн маш нарийн цэвэрлэсэн төрөл. Сүрчигний үнэрийн орц нь 15-30% байдаг. Бараг 96%-ийн цэвэр спиртээр шингэлсэн үнэртний хандны хэмжээ их байх тусам сүрчиг бусад төрлийн үнэртний бараануудтай харьцуулахад хамгийн удаан үнэрээ хадгалдаг. Түүнийг өргөн хэрэглэх нь ямар ч хүнд таашаал өгдөг байна. Үнэр нь илүү хурц, янз бүр байхын зэрэгцээ савлагаа боодол улам сайхан болж, 2-3-хан дусал байхад 5-6 цаг үнэрээ барьдаг байх жишээтэй. Ер нь сүрчгийг 7 эсвэл 15 мл-ээр жижигхэн саванд хийж гаргадаг.
Үнэртэй ус буюу гар нүүрийн сүрчиг нь үнэ болон чанарын хувьд хамгийн боломжийн байдаг учраас өнөөдөр түгээмэл хэрэглэгдэж байна. 90%-ийн спиртээр шингэлсэн үнэртний ханд 0-20% байхын хажуугаар харьцангүй боломжийн үнэтэй байдаг. Гол төлөв үнэртэй усны сав цацах тургигчтай учраас хэрэглэхэд хялбар бөгөөд үнэрээ 4-5 цаг барьдаг.
Эрчүүдийн хэрэглэдэг үнэртний төрлийг бараг тэр чигээр нь гар нүүрийн усаар төлөөлүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч, эмэгтэйчүүдийн хэрэглэдэг дийлэнх үнэртнийг гарцаагүй тийм л найрлагаар үйлдвэрлэдэг. Ихэнхдээ гар нүүрийн ус 80-90%-ийн спиртээр шингэлсэн 4-10%-ийн үнэрийн орц агуулдаг юм. Тийм учраас, гар нүүрийн ус нь сүрчиг юмуу үнэртэй усны хурц тод үнэрийг бодвол илүү сул, зөөлхөн байдаг. Гэхдээ гар нүүрийн усны үнэрээ хадгалах чадвар сайнгүй болохоор 2-3 цаг болоод үнэр нь арилдаг. Өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой.
Одеколон буюу үнэрт цацлага нь 70%-ийн спиртээр шингэлсэн, 3-5%-ийн үнэртний ханд агуулсан, үнэртний бүтээгдэхүүний хамгийн бага найрлагатай төрөл юм. Хэрвээ үнэр нь АНУ-д хийгдсэн, саван дээр нь cologne гэсэн бичигтэй бол тэр нь үнэртэй ус буюу гар нүүрийн сүрчигтэй эн тэнцэх найрлагатай бүтээгдэхүүн болно. Үнэрт цацлага бол сэрүүхэн, сэргээх үйлчилгээтэй эрчүүдийн үнэртний төрөл юм. Хэрвээ «cologne» гэсэн үг үнэртний бараан дээр таарвал таны өмнө хамгийн сул үнэр байна гэсэн үг.
Сэрүүцүүлэх буюу спортын ус 70-80%-ийн спиртээр шингэлсэн 1-3%-ийн үнэртний ханд агуулдаг. Ийм үнэртнүүд голдуу шинэхэн жүрж, нимбэг, мандарин жимсний үнэрээр ялгардаг. Өдрийн туршид, мөн биеийн тамирын дасгалын дараа хэрэглэх зориулалттай. Үнэржүүлсэн деодорант нь үнэртний шинж чанарыг агуулсан, хувийн ариун цэвэрт ашигладаг бүтээгдэхүүн. Үнэртний бодисын бүтэц 3-10%-тай тэнцдэг байна.





