Л.Лхагвацэрэн: Хилийн цэрэгтэй амьдралаа холбосон минь
“Монгол цэргийн баяр” болж байгаа болохоор цэргийн мөрдөс зүүсэн эмэгтэйчүүдийнхээ талаар ярилцахаар шийдлээ. Иймээс “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн, дэд хурандаа Л.Лхагвацэрэнтэй уулзлаа. Тэрбээр хилчин эмэгтэйчүүдийнхээ төлөө хийсэн ажилтай, хэлэх үгтэй нэгэн. Тиймдээ ч тэдний хийсэн ажлыг үнэлж “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүлэгч байгууллагуудын нэгээр “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” шалгарч байсан. Ингээд хэсэг хором хөөрөлдсөн яриагаа хүргэе.
-Юуны өмнө танд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе!
-Баярлалаа. Танай сaйтаар дамжуулж хилчин бүсгүйчүүддээ ч гэсэн баярын мэндийг хүргэж байна.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Чухам яагаад цэргийн хүн болсон тухайгаа яриач?
- Намайг Л.Лхагвацэрэн гэдэг. Аав, ах нар минь бүгд л цэргийн хүмүүс бий. Ганц эмэгтэй нь гээд намайг өөр мэргэжил сонгох байх гэж манай гэрийнхэн бодож байсан ч 16 наснаасаа эхлэн холбооны дунд болон дээд сургууль төгсөөд энгийн холбооны байгууллагад ажиллаж байгаад найз охин маань хилийн 0151 дүгээр ангид холбоочин авч байна шалгуулаад орох уу гэхээр нь дагаж орсон цагаас эхэлж хилийн цэрэгтэй амьдрал маань холбогдсон. 0151-р дүгээр ангид ахлагчаас эхлэн ахмад хүртлээ ажиллаад ахмадаас дэд хурандаа хүртэл ХХЕГ-т өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
-Энэ салбарт ажиллаж байгаа хүний ар гэр маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны хувь ямар байдаг вэ?
-Тиймээ, миний аав цэргийн хүн. Цэргийн хүн тушаалаар цаг наргүй ажиллах үед ар талын хань ижил ухаалаг хүлээцтэй, ар гэр ээ найдвартай зохицуулдаг байвал хүн сэтгэл өөдрөг ажил албаа хийнэ. Ер нь хүн өглөө гэрээсээ гарахдаа сэтгэл санаа ямар байдалтай гарна тэр өдрийн өнгийг тодорхойлдог юм шиг санагддаг. Хилчин бүсгүйчүүдийнхээ хүлээлгэсэн итгэлээр 2010 оноос эхлэн Хилчин эмэгтэйчүүдийн холбоо ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Тэднийхээ итгэлийг алдахгүй, хариуцлагатай ажиллана гэж боддог.
-“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” гишүүн байгууллагынхаа жилийн ажлын үр дүнг тооцоход “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо” ТББ гуравдугаарт шалгарсан байсан?
-Тийм ээ. Бид МЭХ-ны гишүүн 63 байгууллагаас гуравдугаар байрыг эзэлж, хийсэн ажлаа дүгнүүлсэн маань манай удирдах зөвлөл, гишүүдэд их урам өгсөн сайхан үйл явдал боллоо.
-Энэ шагнал мэдээж хилчин бүсгүйчүүдээс маань чамгүй хөдөлмөр шаардсан байх?
-Өнгөрсөн жил бид олон ажил хийсэн. “Хилийн заставт гэрийн хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг "жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх бизнесийн сургалтад хамруулах“ төсөл амжилттай хэрэгжиж байна. Хэдэн отрядын эмэгтэйчүүд эсгий эдлэл, зээгт наамлын сургалтад хамрагдсан. Аливаа ажил судалгаагүйгээр цааш явдаггүй. Иймд бид “Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа эмэгтэйчүүд, хилчдийн гэр бүлийн нийгмийн дүр төрх” сэдэвт судалгааны ажил хийж дүгнэлт гаргасны үндсэн дээр эмэгтэйчүүдийн дунд тулгамдаж буй асуудлуудыг тодорхой болгосон. Мөн “Хилчин эмэгтэйчүүдийн Чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, хилийн застав бүрээс нийт 200 бүсгүйчүүд оролцсон. Энэ үеэр ахмад хилчин Г.Даариймаагийн хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн гээд хийсэн ажлыг минь үнэлж “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” манай ТББ-г шалгаруулсан байх.
-Энэ сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд сэтгэл хангалуун байсан биз. Үнэхээр бүсгүйчүүдийнхээ төлөө сэтгэл гарган ажиллаж байгаа нь харагдаж байна?
-Тийм ээ. Цаашлаад ч олон ажлыг хийх болно. Энэ жил явуулсан төслийн эсгий эдлэлийн сургалтад амжилттай суралцаж, бусдадаа зааж, өрхийн орлогоо нэмэгдүүлж байгаа хамгийн бүтээлч эмэгтэйг шалгаруулсан. Хилийн 0287 дугаар ангийн цахилгаан холбооны оператор Г.Баярмаа шагнуулсан. Бид жил бүр тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл шалгаруулж шагнадаг уламжлалтай. Мөн ХЭХ-ны явуулсан сургалт төсөлд маш сайн оролцож, өөрсдийгөө болон бусдыг хөгжүүлж буй нэг эмэгтэйг шалгаруулж байхаар шийдвэрлэсэн. Иймээс дархан хил дээр албаа хааж буй дайчин нөхрийн гэргий, эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн ээж, эрхэмсэг хатагтай нар минь Тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл, Тэргүүний эмэгтэй болж бусдыгаа хошуучилж ажиллаарай гэж хүсье.
Уул уулын оройд хүслээ шивнэн тэмүүлээрэй
Ус, усны урсгалд биеэ угаан ариусаарай
Хүсэл хүслийн тэнгэрт жигүүр урган тэмүүлээрэй
Хүн, хүний төлөө зүрхээ зориулж амьдраарай гэж ерөөе дөө.
-Баярлалаа. Баяраа сайхан тэмдэглээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





