Америкт ханиадыг ус ууж эмчилдэг гэнэ
Хүүхэд өвдөхгүй байна гэдэг гэр бүлийн нэгэн жаргал яахын аргагүй мөн. Хаана өвдөж байгаагаа ч хэлж чадахгүй бяцхан үр тань шөнөжин уйлаад унтахгүй гэр бүлийнхэнийгээ бүгдийг нь жагсаачихаар ямар байдгийг бүсгүй та мэднэ л биз дээ.
Надад бас эрхэм ээж танд ч тохиолддог бэрхшээлийн талаар хуваалцъя
Үдэш болсон хэдий ч хүү минь тавгүйтээд унтахгүй байлаа. Халуурсан юм болов уу гээд халууныг нь үзлээ, зүгээр байна. Хүүхдийн чих амархан өвддөг гэсэн гэж бодоод чих орчмыг нь дарж үзлээ зовиур алга. Хүү минь унтахгїй уйлагнасаар шөнийн 02 цаг болгосон байлаа.
Хүүхдийн түргэн рүү залгахад нойрмог хоолойгоор:
- Хүүхдийн түргэн байна /унтаж байхад нь сэрээсэн нь тодорхой байлаа/
- Дуудлага өгөх гэсэн юм. Хүү минь уйлагнаад унтахгүй байна ирээд үзээд өгөөч гэхэд
-Халуурсан уу? гэв.
... Би ч хүүгийнхээ байгаа байдлыг аль чадалаараа тодорхойлж өглөө.
Түргэний ЭМЧ "За тэгвэл хлорфенамин / харшилын эм/ өгч унтуулаад, өглөө өрхийн эмч дээ үзүүл" гэлээ.
Оношийг тогтоогоогүй байж уух зааваргүй эмийг дөнгөж ой хүрч байгаа хүүдээ шууд өгчих зориг хүрсэнгүй. Хүүгээ тайвшруулан унтуулчих санаатай хичээсээр...Айсан юм бол уу гээд, нөхөр бид хоёр ширэг энэ тэр хийсээр өглөөний таван цаг хүргэлээ.
Түргэний эмч рүү ахин залгаж "өрхийн эмч найм есөөс наашгүй хүү минь уйлаад байна ирээд үзээд өгөөч" гэж гуйхад
- Хлорфенамин өгсөн юм уу?
-Өгөөгүй ээ, Үзээгүй байж эм өг гээд байх юм ирээд үзээд өгөөч гэхэд:
-Айл болгоны уйлсан хүүхдийг бид нар очиж үзэж чадахгүй гэсэн хатуу хариу сонслоо. Хүүхдийн түргэн яг яасан хүүхдийг үздэг болж байна аа...
Хүү минь уйлганасаар байсан тул эмчийн зөвлөсөн хлорфинамин эмийг нь өглөө. Харин уйлагнаад байсан хүү минь бүр унтах гээд унтаж чадахгүй уйлж орилж эхэллээ. Найман цаг болонгуут л хүүхдийн хувийн эмнэлэг рүү явлаа. Хувийн эмнэлэг болохоороо явдал чирэгдэлгүй үзээд "ханиад хүрч, хоолой нь идээлсэн" гэж оношлоод, эм бичиж өгөн хоолойг нь арчлаа.
Түргэний эмч ирээд хоолойг нь хараад идээлсэн эсэхийг хэлсэн бол шөнөжөнгөө хүү минь уйлахгүй байсан ч юм бил үү. Өндөр хөгжилтэй оронд хүүхдээ уйлуулаад байгаа айл руу хөршүүд нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын хүмүүсийг дуудчихдаг юм гэсэн. Гэтэл манайд хүүхдийн түргэний эмч нь хүртэл уйлсан хүүхэд дээр очдоггүй юм байна.
Угтаа утааны хар гай
Анх жирэмсэн болох гэж эмнэлэгээр явж байхад эмч надад "жирэмсэний эхний гурван сараа утаагүй үед тааруул, хүүхэд эрүүл саруул буюу тархины даралтгүй гарах боломжтой" гэж зөвлөсөн юм. Би ч эмчийн зөвлөсний дагуу зуны эхэн сард хүүгээ олсон боловч идэр хүйтэнд, ханиадны тархалт ихтэй үед төрүүлсэн билээ.
Шинэ хүндээ ханиад хүргэхгүй гэж байдгаараа хичээсэн боловч цэцэрлэгт явдаг дөрвөн настай ах нь ханиад хүрчихэв. Ахыг нь дүүд нь ойртуулахгүй аминдаа л тусгаарлав. Гэвч төрөөд сар ч хүрээгүй хүү маань учир нь олдохгүй уйлаад түргэн дуудсан боловч "өрхийн эмчээ дууд" гэв. Өрхийн эмч ирээд
- Халууныг нь үзсэн үү?
- Үзсэн, та ахиад үзэх үү гээд хамт халууны нь үзлээ. Зүгээр байна.
- Чих нь өвдсөн юм шиг байна гээд чихний эм бичиж өгөөд явлаа.
Гэтэл ээж "Хөхөө хөхөж байгааг нь харахад чих нь өвдсєн шинж алга даа. Харин гар, хөл нь яагаад үе үе татвагнаад байх шиг л санагдахын" гэв. ээжийг ингэж хэлэхэд нь би хүүгээ сая л анзаарч үнэхээр бага зэрэг хөл гар нь татвагнаад байгааг мэдлээ. Ингээд дахиад л хувийн эмнэлэгт очиж үзүүллээ.
Эмч "Жаахан ханиад хүрсэн байна тэр нь тархины даралтаа бариад таталт өгөх гээд байх шиг байна, тархины цусан хангамжийн дутагдал бас ингэдэг" гэв. "Энэ яах аргагүй утаанаас болж байна" гээд өнөөх л хэлдэг үгээ хэллээ. Утаагүйд олсон хүүхэд тархины даралтгүй байдаг гэсэн найдвар ингээд талаар боллоо.
Энэ бүгдийг тоочоод байгаа минь баян цатгаландаа хувийн эмнэлэг рүү гүйгээд байгаа юм биш, манай эмнэлэгийн тогтолцоо буруу, анхан шатны үзлэг хийдэг өрхийн эмчийн чадвар тааруугаас эцэг эхчүүд бид нар сайн эмч рүү зүтгэдэг гэдгийг онцлохыг хүссэн хэрэг юм. Хувийн эмнэлэгийн давуу тал нь явдал чирэгдэл багатай байдагт оршино.
Ингээд л утаанд зэвүүцэн амьсгалах агаараа үзэн ядан хүүтэйгээ эмнэлэгт хэвтээд гарсан. Гарахад эмч:
- Хүүгээ халууруулж болохгүй гэдгийг хатуу анхаарууллаа. Ингээд л би гэдэг хүн тархины даралт, таталт гэсэн айдастай хүүгээ ёстой л шилэн хоргонд хийж байлгах шахуу байсаар урин цагтай золгож хавар, зун, намрын гурван улирлыг зуслангийн агаарт өнгөрүүллээ. Хүү маань овоо болж санаа амарсан боловч дахиад л өвөл, утаа, ханиад. Эмчдээ дахин очтол “одоо зөөлөн эм өгнө өө” овоо болсон байна. Зөөлөн эмээ уугаад, бас л хэд хоносон боловч хааяа нэг ханиах нь зүгээр болохгүй л байлаа.
Дахиад л эмчдээ очлоо. харин эмч маань "Улаанбаатарын утаанд байгаа хүүхэд эрүүл уушигтай байна гэж байхгүй одоо бол гайгүй гэсэн үг“ гэж хэлсэн нь "би үүнээс илүү эмчилж чадахгүй” гэсэнтэй адил сонсогдсон юм.
Сүүлийн үеийн шинээр мэндэлж байгаа хүүхдүүд бүгд тархины даралттай гарсан болохоор ханиадны эмийн хажуугаар бас тархины даралтын эм байнга ууна, жаахан зовиур илрэхэд л толгойгоо бариад өвдөх нь өнөөх л утааны гай. Хүүгээ цоо эрүүл өсгөх боломж байхгүй ч зовиургүй байлгах санаатай хэдэн хэдэн эмчийн үүд татаж, зарим нэг хүнээс эмчид үзүүлэх “донтон” гэсэн зэмлэл хүртэл хүртсэн билээ. Харин хүүг минь үзсэн эмч болгон урд нь үзсэн эмчийг буруутган, өөрийн бичиж өгсөн эм нэртэй хорыг /энэ тодорхойлтыг хүүг минь үзсэн эмч хэлсэн/ магтан бичсээр хэзээний хоёр сар гаран болчихсон байлаа. Хүү минь нус нь гоожсон, хааяа нэг ханиасан хэвээрээ л.
Америкт байдаг дүүгээ ярих болгонд л хүүхдэдээ эм өгч байгаа аль эсвэл эмнэлэгт үзүүлээд гэж ярьдаг болохоор дүү маань намайг их л хүнд өвчтэй хүүхэд гаргасан юм байна гэж боддог байснаа хожим хэлж "ямар сонин юм бэ, америкт ханиад хүрэхээр халуун ус л уу гэдэг" гэхэд би үнэхээр гайхсан.
Эрүүл тайван орчинд амьдарч өвчин тусахаас нь өмнө хамгаалж чаддаг учир ханиад зэрэг өвчинг өөрийн биеийн дархлаагаар нь дарж эмчилдэг юм байна.
Ганц миний хүүд биш монголын хойч үе, нялх балчир хүүхдүүд бүгд эрүүл өсөж бойжих боломжгүй байгаа нь амьсгалах агаараасаа хордох болсон Монгол үндэстний хамгийн том эмгэнэл....







