Хүний үнэ цэнэ
Хүн бүр энэ ертөнцөд ирэхдээ өөр өөрийн авъяасаа авч ирдэг. Зарим нь авъяасаа нээн илрүүлж, хөгжүүлэн гайхамшгийг бүтээж бусдад үнэлэгдэн бахархал болон мөнхөрнө. Авъяасаа олж нээсэн зарим нь алдар хүндийн титмийг дааж чадалгүй, архи, магтаалд живж зэврүүлнэ. Амьдралын нугачаанд үүртэн авъяасаа нээж амжилгүй зарим нь өөртэйгөө аваад буцна.

Хүн амьдрах явцдаа өөртөө хэрэгтэй зүйлээ үнэлж, авч ашигладаг. Түүн
лугаа адил хүний "үнэ цэнэ" нь хэнд хэрэгтэй байх явдал юм. Хүмүүс
чамайг анхааран сонсож, ойлгож бас хүндэлж, чамаас ухаарал авч байгаа
бол энэ чиний "үнэ цэнэ". Өөртөө цуглуулж бий болгосон авъяас чадвар,
оюун санааны итгэл үнэмшлүүд л чиний үнэ цэнийг бүрдүүлдэг юм даа.
Ямар ч хүнийг ойлгох, өөрийгөө ойлгуулах чадвар хамгаас чухал. Хүнийг
ойлгох, болж буй үйлдлийг ойлгоход тухайн нөхцөл байдлыг бодитоор харж
мэдрэх чадвар их тус болдог. Хүнийг буруутган муулахаас илүүтэй "энэ хүн
ийм байдалд ороход юу нөлөөлөв өө?", "би энэ хүний оронд байсан бол яаж
чадах байваа?" гэж өөртөө тавьсан асуултууд зөв хариуг олоход танд
тусална. Хүнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл буруугаа эхлээд өөрөөсөө
хайдаг зуршил хүнийг амархан тайвшруулж бодит байдлыг мэдрэх боломжийг
олгодог.
Аугаа ууч сэтгэл. Ямар ч хүнийг гаргасан алдааных
нь төлөө хогийн саванд хийгээд гаргаад хаяж болдоггүйтэй адил уучлах
хэрэгтэй болдог. Аль ч шашны сургаалиудад аугаа ууч сэтгэлийн тухай
олонтаа өгүүлсэн байдаг. Алдаа гаргасан хүнийг харааж зүхэх тусам дараах
алдаа руу түлхэж, харин уучлал гэмшил рүү хөтөлдөг. Эгээ л чулууг чулуу
хагалж харин голын ус мөлийлгөхгтэй адил.
Өөрийгөө таньж, өөрийн үнэ цэнээ бий болгосон хүмүүс л бусдын сэтгэл
санаанд сайнаар нөлөөлж, ухаарал, баяр баяслыг өгдөг юм. Тиймийн тулд
хүмүүс их уншиж, их зүйлийг суралцах хэрэгтэй болдог. Бас их тэвчиж их
хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Орчлон дэлхийн гэрэл гэгээ болсон алтан
нарны илч хүмүүсийн биеийг дулаацуулж, цацраг нь бүх л зүйлийг өнгөлөг
сайхан харагдуулна. Үүнд нь баярлаж талархсан шувууд жиргэж, араатан
амьтад ч тааламжтайяа суниаж, ургамал модод цэцэглэн дэлгэрч, далайн
давалгаа хүртэл үзэсгэлэнтэйеэ цацран бүжиж, алсын уулс хүртэл сүр
жавхлантайяа цэнхэртэнэ. Үүн лугаа адил хүмүүсийн бие биедээ өгч байгаа
сэтгэлийн илч, зүрх сэтгэлийг дулаацуулж, уураг тархинд нь аялгуу сайхан
хөгжим эгшиглүүлж, бүх судсаар нь баяр баясгалан урсаж, харцаараа
хамгийн өнгөлөг сайхан бүхнийг олж харан, хоёр хөл нь өөрийн эрхгүй
товшин бүжиглэнэ.
Хүн энэ сайхан хорвоо дээр ирээд буцахдаа, өөрийгөө олж танин өөрийн
үнэ цэнээ бий болгож, өөрийн мөрөө үлдээн, бусдын сэтгэл зүрхэнд
хадгалагдана гэдэг сайхан хэрэг шүү.






