2011 оны хамгийн халуухан залуу хэн бэ?

Жил бүр People сэтгүүлээс уламжлал болгон гаргадаг оны шилдгүүдийн нэрс гараад байна. Тус сэтгүүл энэ оны хамгийн халуухан залуугаар 37 настай жүжигчин Bradley Cooper-г тодруулжээ.
Bradley Cooper олон сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Johny Depp, Brad Pitt, George Clooney, Ryan Reynolds зэрэг эрчүүдийг ардаа орхиж өнгөрсөн оны хамгийн халуухан эр болсон ажээ.

Түүний тунгалаг цэнхэр нүд, дур булаам инээмсэглэлд ямар ч эмэгтэйн сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй гэнэ.
Ганц бие, халуухан залуу Bradley Cooper нь 2009 онд "Hangover" кинонд тоглосноор асар их нэр хүндийг олж авч байсан юм.
Харин өнгөрсөн 2011 онд царайлаг жүжигчин эр маань "Hangover Part II", "Limitless" зэрэг киногоороо үзэгчдийн таашаалыг ихэд хүртэж олон эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг булааж чадсан байна.

Тэрээр People сэтгүүлийн шалгаруулалтын үр дүнгийн талаар хэлэхдээ “Миний бодлоор загвар өмсөгч шиг харагддаггүй залуу энэ нэрийг авсан нь үнэхээр гайхалтай” гэжээ. Тэгээд “Би өөрийгөө зүгээр л аятайхан харагддаг залуу гэж боддог. Заримдаа гайхалтай харагдаж чадах ч харин зарим үед аймшигтай байх үе ч бий” гэж 37 настай царайлаг жүжигчин маань хэлжээ.
Аавыгаа нас барсны дараа ээжтэйгээ нэлээд дотно байх болсон Cooper People сэтгүүл өөрийг нь хамгийн халуухан залуу гэж зарласан тухай сонсмогцоо “Ээж маань энэ тухай сонсвол их баярлах байх” хэмээн ярьж олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Ямартаа ч дэлхийн олон гайхалтай эрчүүдээс ээжийн сайн хүү Bradley Cooper-ийг People сэтгүүл албан ёсоор "мэдрэмжтэй, ухаалаг, тачаангуй" гэдгийг нь хүлээн зөвшөөрч түүнийг оны хамгийн гайхалтай халуухан эр хэмээн зарласан ажээ.





