ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ

 

 

 

            Хацар гоо охид, бүсгүйчүүд та бүхэндээ айлчлан ирсэн 2012 оны гал халуун мэндийг хүргэхийн хамт хүн бүхэн энэ жил санасан зорилгодоо хүрч, өвчин зовлонгүй, эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсэн ерөөе.


            Миний бие та бүхэндээ энэ удаа хүний амьдралын үндэс болсон “Гэр бүл”-ийн талаар бяцхан ойлголт өгөхийг хүслээ.


            “Гэр бүл” гэдэг энэ холбоо үгийг хүн болгон мэддэг бөгөөд ямар утга илэрхийлдэг болохыг нь өөр өөрийнхөөрөө тодорхойлж чадна.

Тийм болохоор энэ холбоо үг нь нийгмийн харилцаанд ямар утгаар ойлгогддог болохыг хууль зүйн агуулга талаас нь тайлбарлахыг хичээлээ.


Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсан бөгөөд энэхүү хуулиар гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл, журмыг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бүхий л харилцааг зохицуулдаг.


Гэр бүлийн тухай хуульд зааснаар “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд бий болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлдэг байна.


Гэрлэлт гэдэг нь 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, хэний ч дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр гэр бүл болох зорилгоор төрийн эрх бүхий байгууллагад буюу иргэний гэр бүлийг бүртгэх албанд бүртгүүлж байгаа үйлдлийг хэлдэг.


Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар эрэгтэй хүн нэг л эхнэр, эмэгтэй хүн нэг л нөхөртэй байх ёстой. Гэр бүл болохоор сонгож байгаа эхнэрээ, нөхрөө болгох гэж байгаа хүн нь заавал Монгол улсын иргэн байх шаардлагагүй бөгөөд тэр ч байтугай ямар ёс заншлаар гэрлэх нь тэдний эрхийн асуудал юм.

Энэ байдал сүүлийн үед гэр бүл болж байгаа залуу хосуудад их ажиглагдаж байгаа бөгөөд зарим нэгэн монголчууд христийн сүмд гэрлэдэг, гэрлэлтээ европ ёс заншлаар гүйцэтгэдэг болсон байна.

Ер нь хүмүүс ямар ч ёс заншлаар гэрлэсэн, ямар ч соёл иргэншилтэй бай тэр бүхнээс үл хамааран гэр бүлийнхээ өмнө эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага нь адил хэмжээтэй байдаг.


Гэрлэгчид нь хэн хэнийхээ өмнө дараах нийтлэг тэгш эрхтэй байдаг. Үүнд:

- Гэр бүлээ төлөвлөх,

- Оршин суух газар, эрхлэх ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,

- Хуваарь эд хөрөнгөтэй байх,

- Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах гэх мэт.


Харин дараах нийтлэг үүргийг хүлээдэг. Үүнд:

- Бие бидээ үнэнч байх,

- Хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх,

- Гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах,

            - Гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх,

            - Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх,

            - Угийн бичгийг хөтлөх гэх мэт.


            Дээрх эрх, үүргүүд нь хуульчилсан эрх үүрэг гэхээсээ илүү хүний өөрийнх нь ухамсартай шууд холбоотой ойлголт гэж би хувьдаа үздэг юм. Ийнхүү үзэж байгаа шалтгаан маань, жишээ нь, эхнэр нөхөр нэг нэгнийхээ өмнө үнэнч байх үүргээ биелүүлээгүй гээд хүлээлгэх хуулийн хариуцлага байдаггүйтэй холбоотой. Мөн гэр бүлдээ шаардагдах эдийн засгийн нөхцлийг харилцан биелүүлэх үүрэг хэн алинд нь байдаг атлаа амьдрал дээр хэн нэг нь энэ үүргийг голчлон үүрч байгаатай бас холбоотой юм.


            Гэр бүл гэдэг нь өөрөө асар өргөн ойлголт тул энэ удаагийнхаа нийтлэлийг энд хүргээд өндөрлөе. Цаашид гэр бүл болоход харшлах шалтгаан, нөхцөл, гэрлэлт цуцлахад анхаарах зүйлс, хүүхдийн асрал хүмүүжлийн талаар цуврал болгон та бүхэндээ мэдэж байхад илүүдэхгүй нийтлэлүүдийг хүргэхийг хичээх болно.



Өмгөөлөгч Г.Оюунцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
niki (112.72.13.126) 2013-11-02 21:22:34
гэр бүлийн эрүүл мэндийн талаар