Эрчүүд ямар эмэгтэйтэй гэрлэхээс айдаг вэ?

Он жилүүд урсан өнгөрсөөр, харин та нөхөр ч үгүй, гэр бүл ч зохиогоогүй байдаг... Ханьтай болохыг хүсэгч хэн бүхэн тэр тусмаа эмэгтэйчүүд энэ тухайгаа мэргэч төлөгчдөд очин мэргэлүүлдэг. Харин мэргэ төлөгчид бүгдээрээ л удахгүй ханьтайгаа учирна гэж зөгнөн хэлдэг ч тэдний хэлснээр тийм ч амархан нөхөрт гарчихдаггүй.
Харин та ийм хөөрхөн, ухаантай мөртлөө яагаад нөхөрт гарахгүй байгаа юм бол?
Магадгүй, энэ нь таны ааш аяг, тавьдаг шаардлагаас шалтгаалж байж болзошгүй юм. Сэтгэл судлаачид энэ талаар, эрчүүд ямар эмэгтэйгээс айдаг, эсвэл зугтдаг болохыг ийнхүү тодорхойлжээ.
Нэгдүгээрт, нөхөрт гарах тухайгаа шууд тулган хэлдэг эмэгтэйчүүдээс тэд шууд айдаг. Ертөнц дээрх бүх эрчүүд энэ асуудлыг ямар ч шахалт, түлхэлтгүйгээр шийддэг жамтай билээ. Гэрлэхийг шаардсанаар та түүнийг шууд алдах юм уу, эсвэл тэр таниас шууд зугтана.
Хоёрдугаарт, өөрийнхөө зорилго хүслийн төлөө юу ч хийхээс буцахгүй эмэгтэйчүүдээс тэд айдаг. Тийм эмэгтэйчүүд зөвхөн өөртөө хайртай, эрчүүдийг өөрийнхөө эрхэнд оруулах сонирхолтой, гоё ганган, царайлаг болохоор үнэ цэнээ мэдэрчихсэн, бас ч үгүй ашиглах санаа өвөрлөсөн байдаг. Тэдэнтэй зөвхөн маш хүчирхэг бөгөөд ухаалаг, тэднийг номхоруулж, өөрийгөө хайрлахыг шаардаж чадах мэдрэмжтэй эрчүүд л амьдардаг.
Гуравдугаарт, овилгогүй, дэндүү зөрүүд зантай эмэгтэйчүүдээс тэд дөлдөг. Ийм эмэгтэйчүүдийг эрчүүд үнэлдэггүй. Харин ийм төрхийн эмэгтэйчүүдэд ном уншиж, цуврал кино үзээд сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг, мөрөөдөмтгий залуус л хэрэгтэй. Тайван сайхан амьдрахыг хүсдэг эрчүүдэд сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхнүүд таалагддаггүй.
Дөрөвдүгээрт, муугаараа зартай явдалтай хүүхнүүдийг эрчүүд цааш нь түлхдэг. Ийм хүүхнүүдийг өөрчлөгдөнө гэж найдаад суух тохиолдол эрчүүдэд байдаг ч ихэнхдээ тэд найз нөхдийнхөө бодлыг сонсоод эвгүйрхдэг тал ч бий.
Тавдугаарт, хэрвээ эрчүүд дурлалд сохроогүй л бол түүний зузаан түрийвчинд нь болсон эмэгтэйтэй гэрлэхээс шууд дургүйцдэг. Шунал гэдэг нь эмэгтэй хүний муу шинж чанар учраас гэрлэх сонирхолтой залуугаасаа энэ сонирхлоо чандлан нуух хэрэгтэй.
Зургадугаарт, сексийг зөвхөн үр хүүхэд л төрүүлэхэд хэрэгтэй гэж үздэг хүйтэн юм уу, эсвэл хэт их сүсэг бишрэлтэй хүүхнүүдийг манай сэдвийн баатрууд бас ойшоодоггүй. Сексийн хэвийн харилцаа нь гэр бүл оршин тогтнохын гол үндэс суурь шүү дээ.
Долоодугаарт, эр хүн шиг төрхтэй, хамаа, замбараагүй зантай хүүхнүүдтэй тэд үерхэхийг хүсдэг ч зарчмын хувьд амьдрах нь ховор. Бас үргэлж мөнхийн уйлагнаж, гомдоллосон эмэгтэйг тэд тэсч чаддаггүй байна. Уйлагнасан эмэгтэйчүүдийг эхлээд эрэгтэй хүний өрөвдөх зангаар хайрласан ч тун удалгүй тэр хайр нь уур уцаар болж өөрчлөгддөг.
Наймдугаарт, насанд хүрч хүнтэй суучихаад хийх зүйл, алхах гишгэх бүрээ ээжтэйгээ зөвлөн асууж, хэлэлцдэг эмэгтэйгээс эрчүүд болгоомжилдог байна. Хуримын дараа ч энэ байдал нь өөрчлөгдөхгүй байх гэхээс айдаг гэнэ шүү.
Иймээс хүндэт бүсгүйчүүд та нар минь нөхөрт гарахыг хүсч байгаа бол эрэгтэй түүний, магадгүй нөхөр болох хүнийхээ арга барилыг зөв олж харилцаарай. Танд аз жаргал хүсье!







