“Над аа”
Шулагнан хэлд орж байгаа хүүгийнхээ “над аа” гэж тод хэлэхийг нь өхөөрдөн суухдаа, тэр нэгэн өвөл дүүгээ үүрсэн арав орчим настай хүүтэй таарснаа саналаа.
...Өвлийн жиндүүхэн жаварт бодол болон алхаж явтал ар талд “Эгчээ зуун төгрөг байвал өгөөч” гэх дуу гарсан юм. Хүүгийн хацар даарсанаасаа болоод зэвхий даасан байлаа. Би “байхгүй” гэж хэлээд зөртөл “Эгчээ зуун төгрөг байвал өгөөч” гэж бүр нарийнхан хоолойгоор дахин хэллээ. “Би чамд” гээд дуугаа өндөрсөгөн эргэн хартал хүүгийн нуруунд нус нь гоожсон, ой хүрсэн болов уу даа гэмээр нялх амьтан үүрүүлсэн байлаа.
Би өөрийн эрхгүй:
“Хүүе, чи ярьж чаддаг юм уу?” ийм жаахан байж гэж дуу алдахад:
“Эгчээ зуун төгрөг байвал өгөөч” гэж дахин шулганан хэлэх нь ямар ч эх хүний өр зүрхийг шимшрүүлмээр өрөвдөлтэй бас өхөөрдмөөр байсан юм. Би тэр нялх хоолойг хэзээ ч мартахааргүй зүрхэндээ сонссоон.
Тэрхэн зуур “гуйлга гуйсан хүнд юм өгвөл өөрөө хоосордог” гэсэн /хэн зохиосныг бурхан л мэдэх байх/ дүрэм толгойд зурсхийсэн боловч тэр жаахан амьтанд юу ч өгөхгүй явж үнэхээр чадсангүй.
“Зуун төгрөгөөр яах гэж байгаа юм бэ?” гэтэл:
“Дүүдээ хоол авч өгье” гэв.
Би "тэгвэл гурвуулаа энэ цайны газар оръё, эгч нь та хоёрт хоол авч өгнөө" гээд ойрхон харагдах хоолны газар луу алхах зуур хүү хялам, хялам хийн хаа нэг тийш хараад байгаа нь анзаарлаа. Эргэн тойрноо хартал замын эсрэг талд бидний хэлдгээр өвгөнтийн гэмээр эмэгтэй сууж байв. Би огт хараагүй мэт явсаар цайны газар орлоо. Хэдэн ширхэг мантуун бууз аваад:
“За дүүдээ өг” гэтэл
“Зүгээрээ эгчээ, би аваад явъя” гэв. Харин нуруунд үүрүүлсэн бяцхан дүү нь:
“Над аа, над аа” гэж яг өнөөдөр миний хүүгийн хэлсэнтэй адилхан хэлсэн юм. Би “Дүүгээ хоолло” эгч нь чамд шанд нь мөнгө өгнө, харин чи тэр гадаа байгаа хүнд өгч болохгүй шүү” гэхэд хүү цонх руу айсан нүдээр сэм харлаа.
“Тэр хүн хэн юм бэ?” гэж намайг асуутал хүү сулхан дуугаар:
“Ээж” хэмээн хэлээд дүүдээ нэг мантуун бууз өгөөд, өөрөө нэгийг бүтнээр нь шахуу ам руугаа чихэн идэхэд нь:
“Яаралгүй ид ээ” хахаж мэднэ шүү, цай уух уу, ундаа уух уу гэж асуух хооронд өнөөх авгай ч ороод ирлээ. Бид гурвыг чиглэн ирж яваа ээжийгээ харсан хүү идэж байсан буузаа хам хум халаасандаа хийгээд дүүгээ тэврээд зогслоо. Жаал хүүгийн гэмгүй харцанд нь айдас хэдийн хурагжээ.
Би ч “Энэ хоёр таны хүүхдүүд мөн үү” гээд ууртайхан асуулаа.
Харин өнөөх эмэгтэй “Чамд ямар хамаатай юм, муусайн хулгайчууд” гээд л эх хүний амнаас гарамгүй элдэв муухай үгээр намайг булж, сайн явахыг чинь харнаа хэмээн харааж, хоолны газраар дүүрэн шуугиан тарьлаа. Тэнд байгаа хүмүүсийн зарим нь учрыг нь олохгүй гайхаж, нөгөө нэг нь төвөгшөөн “гарч хэрэлдээч” гэж зандарна. Би тэндээс бушуухан гарахын түүс болж үүд чиглэн явтал өнөөх эмэгтэй хүүгээ:
“Илүү дутуу юу ярьсан” хэмээн байцаан тас хийтэл алгадах нь сонсдлоо.
Хүүд өгнө гэж бодож байсан мөнгөө гартаа тас атган “муухай авгай вэ, ийм юмнуудад яахаараа бурхан үр хүүхэд заяадаг байна аа” гэж амандаа үглэсээр явтал нэг мэдэхнээ ажил дээрээ иржээ.
...Атгасан мөнгөө ширээн дээрээ шидэхэд ажлын маань хүүхэн:
“Яав юу болов мөнгө төгрөг хаялаад” гэхэд болсон явдлаа ярьж, хүүд өгөх байсан мөнгө гэдгээ хэлтэл найз маань миний атгаж үрчийлгэсэн мөнгийг тэнийлгэнгээ “чи энэ мөнгөө хүүд өгчихгүй дээ. Энэ мөнгө хүүг зодуулахгүй ч байсан юм билүү” гэлээ.
Тэр хоёрыг халуун хоолонд оруулаад, бүлээн цай уулгая гэсэн минь илүү зан байсан гэж үү. Магадгүй тэр ээж хүүд өгсөн мөнгөөр найруулсан хор авч уучихаад зөлмүүн амьдрал дунд хүүхдүүдээ осгоож мэднэ шүү дээ. Өвлийн хүйтэн жаварт хацар амаа хайруулан байж гуйлга гуйж байсан тэр өрөвдөлтэй хүүхдүүдийг ямархан ирээдүй хүлээж байгаа бол доо...
Д. Байгалмаа




