“ӨӨР ЗАМААР” цуврал нийтлэлийн 2-р хэсэг. Анхны ухуулах хуудас

 

“ӨӨР ЗАМААР” цуврал  нийтлэлийн 2-р хэсэг.

Анхны ухуулах хуудас

Ээжээрээ улс төр гээчийг анх тайлбарлуулж байснаасаа найман жилийн дараа гэхэд би дээд сургуулиа төгсөж, Хөвсгөл аймгийнхаа Материал техникийн хангамжийн удирдаж газарт мэргэжилтнээр ажиллаж байлаа.  Би улс төрийн намд хараахан элсээгүй боловч Монгол оронд гарч байгаа ардчиллын төлөө жагсаал цуглаануудад оролцож үзээд, Баабарын бичсэн “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг зохиолыг олж уншаад, бас НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаг гэдэг баримтыг тараасан нууц ухуулах хуудсуудыг олж авсан байлаа. ЗХУ-д 1983-1988 онуудад сурч байхдаа олж мэдсэн Маркс, Энгельс, Ленины сургаалиудтай шинэхэн мэдээллүүд маань ид зөрчилдөж эхэлж байв.

Горбачевын үед суралцаж байсны хувьд “олон ургальч үзэл” гэдэг зүйл байдаг юм байна, байх ёстой зүйл юм байна гэж би хатуу ойлгосон байв.

1990 оны хавар Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болсон өлгөсөн манай нутгийг цочроосон билээ. Энэ өлсгөлөнд Баярцэцэг, Оюунгэрэл гэдэг хоёр залуухан бүсгүй оролцсон нь намайг маш их цочроолоо. Би Даваадоржийн талбай руу орой болохоор очиж шөнийн ээлжинд аавыг ирж зогстол тэнд хүүтэйгээ сайн дурын харуулд зогсдог болов. Хоёр бүсгүй эрчүүдийн нэгэн адил цементэн талбай дээр хэвтэж амандаа маск зүүсэн харагдана. Тэр хүмүүс бидэнд эрх чөлөөтэй, олон намтай, чөлөөт сонгуультай нийгэм авчирч өгөхийн төлөө ийнхүү амь насаараа дэнчин тавьж байгаа ажээ.

Эмэгтэйчүүд талбай дээр гарч ирсэн нь зүрх сэтгэлд хүрч байв. Би эмэгтэй хүний хувьд бас нэг зүйл хиймээр санагдав.  Ялангуяа радио, телевизээр өлсгөлөн зарласан Монголын ардчилсан Холбоог шүүмжилж байсан учир би тэднийг өмөөрөх хүсэл төрөв. Ингээд өөрийн хамгийн сайн мэддэг Ленины зохиолыг ашиглаж ухуулах хуудас хийхээр шийдлээ.

Ватом цаасан дээр хоёр багана татаж “Ленины сургааль”, “МоАХ-ын байр суурь” гэж эгнээ бүрийг хаяглав.  Дараа нь хөндлөн мөрүүд татаж, “шашны тухай”, “өмчийн тухай”, “удирдагчийн тухай” гэж бичлээ. Шашны тухай Ленин сургааль гэсэн нүдэнд “шашин бол хар тамхи” гэж бичээд, МоАХ-ны байр суурь гэсэн нүдэнд “хүн бүхэн шашин шүтэх эрхтэй” гэж бичлээ. Түүнчлэн Ленин хувийн өмчийг устгах ёстой гэж үздэг бол МоАХ хувийн өмчийг дэмжинэ гэсэн гэж ялгав. Удирдагчийн тухайд Ленин  ганцхан коммунист намын удирдан чиглүүлэх үүргийг санаачилсан гээд, МоАХ харин олон намууд өрсөлдөж улсаа удирдах тогтолцоог дэмжиж байна гэж бичлээ.

Ийнхүү улаан, ногоон пламастераар хольж гараар бичсэн ухуулах хуудсаа аваад, хэдэн гутлын хадаас хармайлаад гадагш гарав. Мөрөнгийнхний хамгийн их алхдаг чиглэл болох “тээврийн товчооны зам” гэх нэг зам бий. Хүмүүс хөдөө явах болбол зөвхөн тэнд л очиж “зам явах” гэдэг бичиг авдаг учир тээврийн товчооны замд байдаг хашаанд ухуулах хуудсаа хадчихвал янз бүрийн сумын хүмүүс унших боломжтой гэж бодлоо. Ингээд гараар бичсэн нэр хаяггүй ухуулах хуудсаа Мөрөнгийн гэр хорооллын нэгдүгээр гудамжны зүүн захын хашааны зүүн хананд хадаж орхив.

Миний ватом цаасан ухуулах хуудас олон хүний анхаарлыг татаж чадаж байв.  Нэг удаа бүр баахан хүмүүс тэнд шавчихсан байхаар нь сонирхоод очтол хоёр хүн миний ухуулах хуудаснаас болоод хэрэлдэж байх нь тэр. Ихэнх хүмүүс миний бичсэнийг хананаас хуулуулахгүй гэж хэрэлдэж байв. Цаасыг хашаанаас хуу татна хэмээн агсарч байгаа эрхэм нь манай байранд байдаг, миний ээжийн дарга байсан, МАХН-ын аймгийн хорооны удирдах ажилтан ах байлаа.

Би ч сүнс зайлчих шиг боллоо. Яагаад ч юм хүн бүхэн миний бичгийн хэвийг мэдчих юм шиг санагдаад. Энэ үед л би ил гарч улс төрч болох зориг гээч зүйл надад хараахан байхгүй байгаа юм байна гэдгээ ойлгосон юм. Би сэтгэлээ гаргаж хийсэн зүйлээ олны өмнө “миний бодол ийм байна” гээд хамгаалчихаж чадахгүй байлаа.  Тэр тусмаа намын хорооны дарга нарын өөдөөс үг хэлэх зориг бүр ч байхгүй аж.

Улс төрч болоход ихээхэн зориг хэрэгтэй байдаг ажээ. Зориг гэдэг зүйл надад тэр мөчид үнэхээр байхгүй байх тул би өөрт бүрэлдэн тогтож байгаа үзэл санаа, нэр хаягаа нуусан хэвээр, улс төрч болохгүй байх нь өлзийтэй юм шиг байна хэмээн  бодсоор 1990 оныг үдсэн билээ. 

 

Ц. Оюунгэрэл

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.