Төрөх эмнэлгийн шатан дээр паар тэвэрч өнгөрүүлсэн шөнө

 

      

Урд шөнө би төрөх эмнэлгийн шатан дээр сууж нэгэн шөнийг өнгөрүүллээ. Учир нь энэ эмнэлэгт бэр маань төрөхөөр хэвтсэн юм. Ус нь гэнэт гарсан болохоор яаралтай хагалгаанд орох болж шөнийн 03 цагт би эмнэлэг дээр дуудагдлаа.

Их хотын “харанхуй” эмнэлэг

Шууд утгаар нь битгий ойлгоорой уншигчид минь. Эмнэлгийн гадаах гэрэлтүүлгийг хэлсэн юм шүү. Монгол улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХ НЯЛХСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ. Хаалга нь хаана  байгаа нь тодорхойгүй төөрдөг байшин шиг энэ эмнэлгийн төв хаалгыг олох гэж бид нэлээд мунгинав. Хөшөөний ард байгаа хаалга л гэнэ, хажуу талд нь байгаа хүлээн авах л гэнэ, аркаар гараад арын лавлах л гэнэ... Уг нь хаяг байх нь байна. Жижигхэн тэр хаягнууд нь шөнийн харанхуйд огт харагдахгүй. Эргэн тойрны зам нь энхэл донхол нүхтэй, өөдөө өгсөх шат нь нийтийн 00-г санагдуулам овон товон мөстэй, аркаар оронгуут аймшгийн кинонд гардаг шиг тас харанхуй. Мөн ч их зовж байж эргэлтийн хаалгыг нь арайхийн оллоо.

Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг дээ...  

Эргэлтийн хаалга. Уг нь ч бүргэд хаалгатай юм. Үг хэлдэг бол гомдоод үглэж, уйлмаар байдаг байхаа тэр хаалга. Бариул байхгүй.  Бариул байсан нүхэнд нь хуруугаа шургуулан нэлээдгүй хүч гарган хаалгыг нээлээ. Хавтас нугас нь салчих шахан гяхтнаад хэрэг алга. Осолдохгүй л дотогш орлоо. Хаалганы хажууд шатны догол ашиглан дөнгөж төрсөн нялх үрсэд зориулсан өлгий, живх гээд л ойр зуурын юм зарж байна. Сав баглаа боодолтой тулдаа л бохирддоггүй байх. Түүнээс биш нярайн эрүүл ахуйд зохицох худалдааны эрүүл орчин лав биш.

Давхар болгон бөөн дараалал

Халуун савтай хоол цай, тор дүүрэн хувцас, хүүхдийн өлгий даавуу гээд янз янзын зүйл барьсан хүмүүс энд төрсөн, төрөх гэж байгаа ээжүүдтэй уулзахаар дугаарлан зогсоно. Эмнэлгийн давхар болгоны эргэлтийн хаалганы жижиг цонхон дээр шавалдан эргэлтээ оруулах гэж толгойгоо шоволзуулсан нөхрүүд зөндөө. Ядаж байхад хоёр хүн уулзалдсан л бол нөгөө жаахан цонх нь таглагдана. Таван үгний солио ч тухтай хийх арга алга. Аз болж гар утас гэж нэг сайхан юм байгаа болохоор нөхөр нь шатан дээрээс, эхнэр нь тасгийн коридороос бараа бараагаа харан ярилцаж болоод байнаа. Коридорын хүйтэн салхи тэр жижигхэн шагайвчаар нэвт үлээнэ. Төрсөн эхчүүд зулайнаасаа салхи авах магадлал тун ч өндөр.

 Хүлээлт буюу сандал хүрэлцэхгүйн зовлон

Өвдөнгүүтээ ирээд төрчихдөг бол төрөх эхчүүдэд ч амар, хүлээх ар гэрийнхэнд ч амар. Гэтэл тийм биш шүү дээ. Ирлээ, өвдөөд л байна, өвдөөд л байна. Олон цагаар хүлээх хүмүүст тухтайхан суух сандал хүрэлцэхгүй зовооно. Шатны харалдаа цонхны урд төмөр сандал байх боловч гурван хүн эгнэж суугаад л дүүрчихнэ. Үлдсэн хүмүүс нь эмнэлгийн шатан дээр хана налан сууна. Зарим нь бүр газар кардон цаас дэвсээд хурхиран унтана. Идэр есийн хүйтэн шувтарч байгаа ч урд шөнө мөн ч хүйтэн хонолоо. Гадаа хүйтэн болохоор ч тэр үү эмнэлгийн коридор дэндүү хүйтэн. Цөөхөн секцтэй, хуучны орос паарууд тэрүүхэн тэндээ халуунаар төөнөх боловч байнга онголзох хаалгаар орж ирэх хүйтэн жаврыг бүлээцүүлж үл чадна. Тоосонд дарагдсан, муухан вакуум цонх нь ч хүртэл энд тэндээсээ сийгж хүйтнийг мэдрүүлнэ.

Гэхдээ эмнэлгийн энэ тохьгүй муухай бүхнийг хорвоод шинээр төрж байгаа нялх үрсийн дуу мартуулж орхидог. Дуу дуугаа авалцан уйлалдах тэдний энхрий цангинам хоолойд тэнд байгаа хүн бүр анхаарлаа хандуулж “манай хүн төрчихсөн болов уу” гэсэн горьдлого, хүлээлт тээн уулзалтын цонх руу харц  илгээнэ.

Сайхан мэдээ сонсоод дэндүү их баярласандаа тэд дотроосоо дулаацдаг. Зарим нэг нь дээш доош гүйсээр хүйтнийг мартчихдаг бололтой.

Өвдөж эхэллээ, өвдөлт нь ойртлоо, ус нь гарчихлаа, төрөх орон дээр гарлаа, хүү төрлөө, охин төрлөө... Монголын үрс маш олон болтугай гэхээсээ өмнө тохилог дулаахан төрөх эмнэлгүүд маш олон болтугай! хэмээн ерөөж энэхүү тэмдэглэлээ жаргаая.

Miranza. A

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.