32-ын тойргийн

 

Харцнаас нь хайр мэдрэгдсэн ягаан дээлтэй энэ эмээг 7 буудал орчим 32-ын тойрогт харж , үзээгүй хүн гэж үгүй бизээ. 12 жилийн өмнө халуун савтай, хоёр тор бариад ойр орчмоор холхиж эхэлсэн тэрээр өнөөдөр ч мөн хэвээрээ зовлонгүйхэн алхаж явна.

Би "Бүрд" худалдааны төвийн хойхно зам дагуух “Дугуй засвар”-ын гадаа түүнийг анх харсан юм.  Хамт яваа найз минь “Хүүе, аарц зардаг эмээ байна” гэсээр ухасхийн гарч төд удалгүй эмээг машиндаа оруулж ирээд суулгачихлаа.

- Эмээ таниас арван жилийн өмнө аарц авч ууж байсан юм байна?

- Өө тэгэлгүй яахав. Эмээ нь хөдөөнөөс хотод орж ирээд 12 жил аарц зарж байна. Энэ аарцныхаа буянд л амьдарч байна.

- Таны аарц шаргалтаад яг хэвээрээ байна шүү. “Бренд” болчихсон юм уу даа...?

- Тийм байна уу? Олон жил болж байна өө, “бренд мренд” гэж мэдэхгүй ээ эмээ нь. Нэг охиноос байнга худалдаж авдаг юм гэснээ торноосоо цэмцийтэл арчсан аяга гаргаж ирээд ахин  хэд зүлгэснээ шар тос хийхүү? гэж бид хоёрлуу инээв.

- Хийлгүй яахав. Аарц авбал шар тос үнэгүй юм байна.

- Ай мэдэхгүй, шар тос л гэж  авдаг юм.  Сүүлд хоёр гурван удаа базаахгүй шар тос авсан. Энэ л  “хүн хуурахааргүй жаахан охин” байна, энэ л надтай адилхан хөгшин хүн байна сайхан шар тос зарах байх гэхээр үгүй юм өө.  Одоо аарц авдаг охиноосоо л авч байгаа.

- Та хаа хүрчихээд явж байгаа юм бэ?

- Энэ урд Бүрд худалдааны төвөөр орчихоод одоо хойшоогоо энэ хавийн дугуй засвар, хүнсний дэлгүүр гээд л бүгдийг нь гүйцээнэ дээ. Зарим нь ч  бүр намайг хүлээгээд сууж байгаа байх.  Анх энэ  Бүрд намайг оруулдаггүй байсан юм. Муухай эмгэн цайны газрын орлого хаалаа гээд.  Тэгсэн харин худалдагчид нь "бид нар түрээсийнхээ мөнгийг төлж байж  хэнээс аарц авч уухаа өөрдсөө мэднэ" гэж хэл ам хийж байж намайг оруулсан шүү дээ.

- Ингэхэд таны аарц хэдэн төгрөгний үнэтэй вэ?

- 100 төгрөгөөр зардаг байсан юм. Одоо бензиний үнэ нэмэгдээд, тэгээд ч хүмүүс ханиад томуу хүрэхээрээ эм гэхээсээ илүү аарц л гэдэг болж, тэгээд л аарц зардаг хүмүүс үнээ нэмчихэж, би ч нэмэхээс аргагүй болоод одоо 300 төгрөгөөр зарж байгаа.

- Цайны газарт аарц 500 төгрөг байдаг шүү дээ. Та хүйтэнд алхан байж хүргэж өгч байж...?

- Зүгээрээ. Аарц шар тос, талхаа авчихаж болоод л байдаг юм.

- Эмээ та чинь бээлий  өмсөхгүй яагаа вэ?  Энэ удаан, ийм хүйтэнд явж байгаа хүн байна?

- Эмээ нь ёстой даардаггүй юм. Та хоёр бариад үз, машинд байсан та хоёрынхоос дулаан байгаа. Тийм байгаа биз? гээд гарыг минь барьлаа.

Үнэхээр тийм байсаан.  Ерөөсөө хүний сэтгэл гэгч тэсгэм өвлийн хүйтэнд ч хөрдөггүй, түүн шигээ сэтгэл шингэсэн аарц нь ч гар шиг нь дулаахан байсаан. Ямар ч бэлтгэлгүй, ямар ч зорилго өвөртлөөгүй ярилцсан хэдхэн хормын яриа бидэнд их зүйлийг өгсөн.  Маргааш нь яг тэндээ зогсоод ахиад сэтгэлийг нь амталмаар, халуун гарыг нь атгамаар санагдсан. Бидний яриа ийнхүү өндөрлөлөө....Эмээ машины урд алхаж явснаа эргэж харан гараараа далласаар цааш одлоо. Эмээ аарцаа зараад хүүхэддээ хашаа байшин авч өгсөн гэж найз минь хэлсэн,  үнэн худлыг нь би мэдэхгүй. Гэхдээ зарим хүмүүсийн “утгагүй” гэсэн амьдралыг утга төгөлдөржүүлэн сайхан болгож харж чадсан энэ эмээ харцаараа, аарцаараа хайр түгээж явна, та минь.

Дараагийн удаад би 32-ын тойрог хавьцаа “аарцчин” эмээг  хүлээж байгаад халуун аарцийг нь уунгаа ярилцлага аваад та бүхэндээ хүргэх болно.

Б. Гэрэлмаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.