Төгс гоо сайхны төлөө
Хамгийн төгс төгөлдөр эмэгтэйг дүрслэх урлаг бий болгодог гэлцэнэ. Тухайлбал алдарт зураач Тицианы “Толины өмнөх Венера” уран зураг нь XVI зуунаас эхлэн гоо сайхны хэм хэмжүүрийг шинэ шатанд гаргажээ. Мөр тэгш, гар урт, хөх дундаж хэрнээ өргөгдсөн, төвгөр хэвлий, булцгар бие гээд эмэгтэй хүн бүр Венерагийн адил болохыг, харин эр хүн бүр эхнэрээ Венерагаас дутахгүй байгаасай гэж хүсдэг байлаа. Төрөлхөөс заяасан биеэ Венерагийн адил үзэсгэлэнтэй харагдуулахын тулд хөх өргөсөн “корсет” өмсөж, бэлхүүсээ амьсгалах төдийхнөөр боож нарийсгана. Нүдээ хүнхэгэр, шанаагаа шулуун, хацраа ягаан байлгах гэж байгалийн гаралтай будгаар өөрийгөө өөрчлөх болов. Урлагт хүмүүст ямарваа нэг зүйлийг, бүр заримдаа этгээд сонин зүйлийг “сайхан” хэмээн оюун ухаанд нь дархалснаар хүмүүс түүнд маш хүчтэй татагдаж чухам тийм л болохыг хүсч тэмүүлдэг болжээ. Энэ үед үдэшлэг, худалдаа үйлчилгээний төв, театр гудамж гээд хаа сайгүй Венерагийн хуулбар болсон эмэгтэйчүүд л байв. Өөрийгөө тийм болгоогүй эмэгтэй “нугасны муухай дэгдээхий” болон хоцорно. Алдарт Венера шиг болохын тулд эмэгтэйчүүд юу ч хийхээс буцахгүй байсан юм.

Харин шинэ эринд гоо сайхны охин тэнгэрүүд Victoria Secret нэртэй хамгийн үнэтэй дотуур хувцасны брендийн загвар өмсөгчид болон хувирав. Шаргал үс, том давхраатай нүд, том хөх, нарийн бэлхүүс, татуу хэвлий, урт туранхай гар хөл. XVI зуунаас ялгаатай нь энэ зуунд эмэгтэйчүүд мэсийн аргаар төгс төгөлдөр гэх урлагийн бүтээл рүү тэмүүлэх болов. Жижиг нүдтэй нь давхраа хийлгэж сормуус суулгана, богино хөлтэй нь тусгай металл хөлөндөө залгуулж, зарим нь хөхөндөө хуванцар эд нэмүүлж өнөөх л төгс төгөлдөрт ойртох эндүүрлээр өөрийгөө зэрэмдэглэж эхлэв. Мөн л Венерагийн адил энэ зуунд шаргал үс, өндөр хамар, урт хөлтэй эмэгтэйчүүд хаа сайгүй холхилдоно. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн бодит байдлаас хэт татгалзаж, сүнсээ хүртэл урлагийн бүтээл болгоход бэлэн тийм л аймшигтай сэтгэлзүйд эзэмдүүлжээ. Хувьсал зуунаас зуун, эринээс эрин дамжин явагдсаар... Хэрэв маргааш хүн төрөлхтний дунд хамгийн алдартай, сэтгэлийг нь татаж чадсан брэндийн сурталчилгааны хуудас дээр нэг хөл нь нөгөөгөөсөө урт, хавтгай цээжтэй, халзан эмэгтэйг гаргаад түүнийхээ доор “Төгс төгөлдөр” гэсэн бичиг хадсан байвал магадгүй үүнийг хамгийн сайхны жишиг хэмээн ойлгож хөлөө тайруулж үсээ хяргуулж мэдэх тийм эринд амьдарч байна. Хүн төрөлхтний сэтгэлзүй, нэн ялангуяа төгс төгөлдрийг хүсэмжилсэн эмэгтэйчүүд ямар ч этгээд сонин зүйлийн төлөө өөрийгөө зэрэмдэглэхээс буцаагүй мөн буцахгүй байгаа харамсалтай. Хамаргүй эмэгтэй хамгийн сайхан нь гэвэл хамраа тасдах тийм л сэтгэлзүй. Хэзээд өөрийнхөөрөө байх нь туйлын гоо үзэсгэлэн гэдгийг ухамсарлахгүй юм бол нэгэн зууны дараа эс бол нэгэн мянганы дараа хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй билээ. Жам ёсыг сөрснөөр эгээ л хумхын тоос байсан шигээ үгүйрэн алга болох ч магадсандаа.
Б.Сүйжин






