Харзны усны талаар эмч, энерги судлаач нар ийн ярив



Сүүлийн жилүүдэд харзны усанд орох хүмүүс олширчээ. Цахим ертөнцөд үүнтэй холбоотой янз бүрийн сэтгэгдэл бичиж байна. Тэгвэл Монголын Рейкийн холбоо буюу био энерги судалдаг төвийн эрхлэгчтэй уулзахад харзны усанд орохын ач тусыг дэлгэрэнгүй танилцуулсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч эрс шүүмжилж байна. 

Монголын Рейкийн холбооны Био энергийн сургалт судалгааны төвийн эрхлэгч, ШУТИС-ийн доктор, дэд профессор С.Эрдэнэтуяа: 

“Харзны усанд орох сайн” гэсэн ам дамжсан яриагаар сонирхсон хүн бүр мөс хагалан хяналтгүйгээр усанд орж, биеэ хямрааснаас “Харзны усанд орох нь буруу, муу” гэсэн ойлголт бий болоод байна. Харзны усанд орох нь эмгүйгээр биеэ эмчлэх уламжлалт арга юм. Мэдээж харз гэхээр манайхны ороод байгаа Туулын мөсийг нь цоолсон цооног биш, хасах хэдэн хэмд ч харзлан, газрын гүнээс булгилан гардаг ус юм. Улаанбаатарт хамгийн ойр харз гэвэл Баянзүрх дүүргийн товчооны наахан уулынхаа ам руу байдаг. Манай холбооны хувьд нийслэлээс 70 км-т байдаг Харзтайд хүмүүсээ оруулдаг. Харзанд орох хугацааны хувьд намрын дунд сарын 15-ны тэргэл сар гарахад газар дэлхий дээрх усны болоод агаар мандлын цэнэг өөрчлөгдөж, байгаль дээрх ус рашаан болдог гэж үздэг. Энэ өдрөөс хаврын эхэн сарын шинийн нэгэн хүртэл харзанд ороход эм болно. 



Харзанд орсноор хүний биед механикаар үүссэн /бэртэл, хугарал гэх мэт/ гэмтлүүдэд л шууд нөлөө үзүүлдэггүй. Харин чийрэгжих, сэтгэл санаа тайван болох, энерги эрч хүч нэмэгдэх, үхэжсэн эс сэргэх гээд ач холбогдлыг дурдаад баршгүй. Манайхан “жаахан хүүхдийг яах гэж хүйтэн ус орилуулж чарлуулаад хийчихдэг юм. Хүүхдийн эд эс үхжинэ гэж юу байх вэ” гээд шүүмжилдэг л дээ. Гэхдээ хүүхдийг чийрэгжүүлэх гэж харзанд оруулж байгаа юм шүү дээ. Хүмүүс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Харзны усанд орсон хүүхэд хамрын ханиад, хатгалгаа тусах нь эрс багасдаг. Тэр ч бүү хэл эрхийн балай болсон хүүхдийн ааш зан засарсан тухай ч аав, ээж нь талархан ярьдаг. Хамгийн гол нь хүүхдээ оруулах гэж байгаа ээжийн сэтгэлзүй чухал. Ээж нь л итгэлтэй, эерэг ойлголттой байж чадвал хүүхдэд үр дүнгээ өгнө. Насанд хүрсэн хүний хувьд ч мөн адил. Сэтгэлзүйд итгэл бүрэлдээгүй тохиолдолд харзанд орох хэрэггүй гэж хэлмээр байна. Тэгээд хяналтгүй дур мэдэн харзанд орж байгаа хүмүүс баатарлаг болох гээд хүйтэн усан дунд удаан хэвтэх тохиолдол бий. Бүүр усан дунд зургаа авахуулаад хуруугаа гозойлгоод хэвтчихнэ шүү дээ. Ийм үйлдэл нь жин цохих аюултай болохоор хэрхэвч болохгүй. Манай холбооны тэргүүн Д.Цагаадай багш маань нэг сартай хүүхдийг харзанд оруулж байсан. Хамгийн настай нь 94-тэй эмээг би өөрөө оруулж байлаа. Тэгэхээр харзанд ороод хүмүүсийн төсөөлдөг шиг дааралт, хөлдөлт байдаггүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Хамгийн гол нь харзанд орохдоо багш нарын хяналтад зааврын дагуу, амьсгалаа зөв хуваарилаад, шумбаад л гарах хэрэгтэй.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги судлалын клиникийн их эмч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэл: 
Өвлийн улиралд буюу гадаа -20 ба түүнээс дээш хэмтэй байхад  харзны усанд орно гэдэг яав ч байж болохгүй асуудал. 37 хэмтэй хүний бие гэнэт хүйтэн усанд орсноор мэдрэлд хурц цочрол үүсэхээс гадна бүхий л судас агшдаг. Уснаас гарч, дулаан хувцсаа өмссөний дараа агшсан судаснууд буцаж тэлэхдээ цус бүлэгнэдэг. Цус ингэж бүлэгнэх нь цусны даралт харвах, гэнэтийн байдлаар амь насаа алдах зэрэг олон сөрөг нөлөөтэй. 

Тиймээс хүмүүсийг иймэрхүү буруу зүйл хийж, эрүүл мэндээ хохироох хэрэггүй гэж хэлмээр байна. Адаглаад л ханиад томуу, хатгалгаа авах нь маш их. Харин эсрэгээрээ ханиад хүрэхээ болино гээд байгааг ойлгохгүй байна. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bolor (49.0.161.195) 2015-01-19 21:02:54
Харзны ус үнэхээр сайн Мэддэг хүмүүстэй орох хэрэгтэй Хоолойн ангина зүрхний өвчинд сайн шүү
bolor (49.0.161.195) 2015-01-19 21:02:27
Харзны ус үнэхээр сайн Мэддэг хүмүүстэй орох хэрэгтэй Хоолойн ангина зүрхний өвчинд сайн шүү
harz (112.72.13.89) 2015-01-19 20:08:10
reikimn gd reikiin byasalgal hiihed anhnii zuvluguu ugdug yum bnle
taivanaa (112.72.13.162) 2015-01-19 17:53:49
sain baina uu ene harzand oruuldag humuustei n holboo barih utas eswel hayagiig n helj ogooch
Moni (150.129.141.244) 2015-01-18 23:42:03
Sain bn uuu ene gazriiin hayagiig hileed uguh hvn bn iuu