Хийлийн эгшиг ба Байгал

 

Урлагийн ертөнцөд менежмент улам бүр хөгжиж буйн нэгэн илрэл бол 1-р сарын 27-нд ДБЭТ-т зохиогдсон хийлч Очирхүүгийн Байгалийн “Сонгодог эгшиглэн” тоглолт юм.. Энэ тоглолтыг О.Байгаль өөрөө зохион байгуулж менежментээ удирдан явуулсан. Учир нь тэрээр энэ салбарт багагүй туршлага хуримтлуулж чадсан нэгэн бөгөөд 2009, 2010 онд “Травиата” дуурь, “Хунт нуур” бүжгэн жүжгийн үзэгчдийн суудлыг дүүргэж менежментийг амжилттай хийж байжээ. Өдгөө “Залуус удирдахуйн ухаан” ТББ-ын тэргүүнээр ажиллаж байгаа ажээ. Зургаан настай бяцхан охин байхаасаа эхлээд л 20 жилийн турш Байгаль хийл гэгч хөгжмийн зэмсэгтэй нөхөрлөсөн. Хийлгүйгээр энэ бүсгүйн амьдралыг төсөөлшгүй. Хийл, Байгаль хоёр нөхөрлөсөөр, бие биедээ уусан дассаар хамтдаа тоглох, хүмүүнийг уяраах гэгээн зорилго өвөрлөсөөр өнөөг хүрч ирсэн нь дамжиггүй. Тиймээс ч энэ үдэш тэдний тоглолт маш нандин байв. И.С.Бах , П.И.Чайковский, Г.Венявский, А.Глазунов, К.Сен-Санс, Ж.Массне, И.Брамс, Н.Жанцанноров, Ж.Чулуун зэрэг хөгжмийн зохиолчдын хийлд зориулсан зохиол бүтээлээс хөгжимдсөн юм. Зуу зуун дамжсан энэ олон төрөл жанрын хөгжмийн бүтээлийг нэгэн үдэш дор нэгэн цаг мөчид ямар ч бичлэг фонограммгүйгээр “амьд”-аар хөгжимдөнө гэдэг бол маш их зориг, туршлагатай хөгжимчний томоохон шалгуур мөн. Үнэхээр залуу хүний зориг золбоог харуулж чадсан Байгаль хийлч анхны уран бүтээлийнхээ алдаа оноог дэнслэн цаашид хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгаагаа хэлж байв. Сонгодог урлагийн алтан тайзнаа амилан дуурьссан эрхэмсэг хийлч бүсгүйн уран хуруугаар товших хатан аялгууг шимтэн сонссон үзэгчид азтай.

 Урлаг судлалын ухааны /Ph.D/ доктор Д.Энхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.