“Өнгө будаггүй ертөнцийн үрс”
Нар харахсан гэж мөрөөдөж яваа үрийнхээ өмнө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй эцэг эхийн тухай та сонсож байсан уу?
Төрөлхийн хараагүй хүүхдээ бусдаас дутахгүй “хүн” байлгах гэж эрүүл хүүхдээс дутаахгүй гэсэндээ боловсролд нь илүү их анхаардаг. Хүн хараагаараа орчин тойрноосоо авах мэдээллийн 80%-ийг авдаг. Тэгвэл эрүүл хүүхдэд “А” үсэг зааж байхад хараагүй хүүхдэд ширээнийхээ өмнө хэрхэн зөв суух вэ? Халуун цай өөртөө хэрхэн аягалах вэ? Өрөөнүүдийнхээ хооронд явах гэх мэтийг сургадаг гэсэн үг. Харин “Б” үсэг заахад нь тэд гаднах орчинтойгоо хэрхэн дасан зохицох тухайд суралцаж байдаг. Ингэж л тэд эрүүл хүүхдүүдийг нэг алхаж байхад хоёр алхаж байж хэвийн түвшинд, гурав алхаж байж тэднээс илүү гарах боломжтой болдог.
Хараагүй хүүхдийг жинхэнээс нь “хараагүй” болгодог хүн бол тэдний эцэг эх. Хүүхдээ өрөвдөн хайрлаж байна гэж эндүүрэн амьдралынх нь туршид өмнө нь орж явсаар тэднийг “гэрийн тэжээмэл амьтан”-ы дүрд хүсээгүй ч хүргэдэг. Гэтэл тэдний авъяас чадвар бусдаас гойд бөгөөд сэтгэхүйн уран зураг, хөгжмийн гоц сонсгол, мэдрэхүйн өндөр хэмтэй байна. Нэгэнт бурхан түүнд энэ амьдралыг заяажээ. Бурхан яагаад түүнд ийм “бэлэг” сонгов. Түүний мэдэрч чадах, харин бусдын мэдэрч үл чадах түм буман зүйлсийг бурхан түүнээр дамжуулан хүргэх гэсэн ч юм билүү?
Монгол улсын 21 аймаг, нийслэлийн хараагүй, хэл яриа, сонголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 29 дүгээр тусгай дунд сургууль гэж бий. Эцэг эхчүүд энэ сургуульд хүүхдээ өгөхөөс татгалздаг. Учир нь тэнд бусдаас нэг л өөр “аймшигтай” хүүхдүүд суралцдаг гэж ойлгосоор байна. Гэтэл гэртээ хүмүүжиж буй хүүхдүүдийг бодвол тус сургуулийн сурагчид харьцангуй биеэ даасан, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй, зөв замаар туслаж дэмждэг багш нарын халамжинд байдаг. Мөн тэнд эцэг эхчүүдэд зориулсан анхан шатны дугуйлан хичээллэдэг. Хүүхэд энэ орчинд ганцхан өөрийгөө “ийм” гэж сэтгэлээр унахгүй, бусад нөхөд нь хэрхэн амьдарч байгааг мэдэрч урам зориг авах болно.
Хараагүй хүүхдүүд бусдын адил л хүүхэд, тэр биеэ дааж амьдрах боломжтой. Тэд Монгол улсын анхны хараагүй Ерөнхийлөгч, ерөнхий сайд болох боломжтой, амьдралыг нэгэнт хар бараанаар төсөөлсөн хараагүй хүмүүст амьдралын гэрэл гэгээ өгөх “хараагүй” нэгэн байж болох юм. Тэднийг бүү дутуу үнэл.
Б. Гэрэлмаа







