Хуучин нөхөртэйгөө эргэж амьдарсны хэрэггүй гэж үү?
Их зохиолч Шекспир гэрлэснээсээ хойш 5 жилийн дараа эхнэр, гурван хүүхдээ орхиод салаад явдаг. Харин хөгширсөн хойноо буюу 25 жилийн дараа эхнэртээ эргэн ирсэн гэдэг.
Сэтгэлзүйчид болон сэтгэлзүйн ухаалаг номнуудад өнгөрсөн амьдрал руугаа эргэж битгий хар, хэмээн зөвлөсөн байдаг ч эрчүүдийн ихэнх хувь нь үнэхээр л эргээд ирдэг. Энэ тухай танд ч бас нэгийг бодогдуулах болов уу, гэсний үндсэн дээр уншигчдынхаа захидлаас тоймлон хүргэе.
“Яаж түүнийг эргүүлж авах вэ?” гэсэн асуулт нь хариу хүссэн түгээмэл хайлтын нэг. Түүгээр ч барахгүй нөхрөө өөр хүүхэнд алдсан эмэгтэйчүүд лам хард очин “Яавал нөхрөө эргүүлж авах вэ?” хэмээн явах нь олон билээ. Ийм байдал эрт, орой хэзээ нэгэн цагт ихэнхдээ эмэгтэйчүүдэд л тохиолддог. Учраад нэг, хоёр сар эсвэл хэдэн жил болсон нь хамаагүй тэр таныг орхиод явахад та “Тэр эргэж ирнэ ээ” гэсэн бяцхан горьдого зүрхэндээ тээн үлддэг нь гарцаагүй үнэн.
Хамт байх нь дассаных уу?
22 настай “О” - гийн нөхөр салсныхаа дараа 2 сарын дараа “Миний буруу байжээ” хэмээн эргэн иржээ.
“Би нөхөртэйгөө амьдраад 4 жил орчим болсон. Энэ хугацаанд бидний амьдралд баяр хөөр, хэрүүл уруул бүхий л зүйл тохиолддог байлаа. Заримдаа нөхрөөсөө залхаж, эсвэл түүнийгээ дахин дахин хайрласаар… Гэтэл тэр нэг өдөр надад: “чи бид хоёрт бие биендээ дассанаас өөр юм алга. Хоёулаа салъя” гэж хэлсэн юм. Би эхлээд түүний энэ үгэнд итгэж чадахгүй байлаа. Бид дажгүй л амьдардаг. Нөхөр маань миний насан туршдаа хамт амьдарч, үр хүүхдийг нь төрүүлж, өсгөхийг хүссэн тэр эр хүн яг мөн.
...Ингээд би түүний хэлсэн үгийг бодож хэд хоног шаналлаа. Эхний 7 хоног миний хувьд маш хүнд өнгөрөв. Түүний тухай, салах тухай бодоод сэтгэл нэлээд өвдөж байлаа. Бидний секс хайр биш байсан юм байна гэдгийг тэгэхэд л бага зэрэг ойлгосон. Урьд нь би энэ тухай бодож байгаагүй санагдлаа. Удсан ч үгүй бид хоёр салсаан.
Гэвч салснаас хойш 2 сарын дараа нэгэн өдөр намайг ажил дээрээ байтал нөхөр маань над руу гэнэт залгалаа. “Бидэнд ярих хэрэг байна. Би танай ажлын үүдэнд байна, гараад ирээч” гэв. Намайг буугаад очтол тэр царай ядарч цонхийсон, зовсон шинжтэй зогсож байв. Тэгснээ чүү ай ам нээж: “ Би өөрийхөө гараар амьдралаа нураасан. Хамгийн хэрэгтэй бүхнээ хаяснаа би ойлголоо” би чамдаа хайртай хэмээн хэлсэн юм. Тэгснээ салах үедээ түүнд бичсэн миний захидлаас иш татан, намайг зөвтгөв.
Би түүнд: “Бодож байж болъё” гэсэн хариу хэллээ. Амьдралынхаа ханийг олох маш хүнд, хүмүүс хамтдаа амьдрахын тулд бүхий л саад бэрхшээлийг л даван туулах хэрэгтэй байдаг. Тэр орой нөхөр маань миний хариуг хүлээлгүй шууд яваад ирсэн.
Эцэст нь хэлэхэд, бид хоёр одоо хамт амьдарч байгаа. Салах үед миний зүрх сэтгэл ямар их өвдөж байсныг үгээр илэрхийлэхэд үнэхээр хэцүү байсан шүү.
Нөхцөл байдлыг гартаа ав
Туршлагаас харахад алдсан амьдралаа эргүүлэн авахад шийдвэртэй бөгөөд бодлоготой хөдлөх нь зөв болдог. 26 настай нэгэн эмэгтэйн захидлаас энд дурдъя.
“Бид жил шахам уулзаж байтал нэг өдөр л тэр надад “хоёулаа уулзахаа болъё” гэж гэнэт хэлсэн. Би сар шахам гүрийсэн ч галзуурах дөхөөд тэсэж чадалгүй түүнтэй уулзахаар очив. Бид маш удаан ярилцсан. Уйлж дуулж, олон янзын бодсон зүйлээ асуулаа. Ингэсний үр дүнд бид дахин нэг оролдоод үзэхээр шийдэцгээлээ. Үнэн хэрэг дээрээ, ингэж усан нүдлэсний эцэст өөрийнхөө бардам занг нэг сар дарж аваад л хоёр тийшээ болох байх гэж би дотроо бодож байсан. Надад, өөрийгөө хаягдсан гэж бодохгүй байх л хамгийн чухал байлаа. Гэхдээ тэр өдрөөс хойш бид хамтдаа амьдраад хоёр жил боллоо! Хамтдаа амралтанд явсан, би томилолтоор хөдөө 3 сар ажилласан зэрэг нь бид хоёрын хувьд маш том туршлага болсон гэж би бодож байна. Энэ хугацаанд тэр намайг хүлээсэн.
Дөнгөж эргэж нийлсний дараа бүх зүйл нэг л сонин байсан л даа. Би түүнтэй уулзах болзоонд очих замдаа түүнийг яах бол, юу ярих бол гээд л бодож айдаг байсан… Хамгийн сонирхолтой нь, тэр үед эртнээс мэддэг хайртай хүнээ огт мэддэггүй ч юм шиг сэтгэгдэл төрж байсан.
Бидний харилцаа цоо шинэ болсон гэж хэлж чадахгүй ч, бид хоёрын үзэл бодол ямар нэгэн хэмжээгээр өөрчлөгдснийг мэдэрсэн. Жишээ нь, тэр намайг урьд нь гомдоочихоод удаан хугацаагаар утсаар ч ярихгүй таг алга болчихдог байсан. Харин би одоо үүнийг өөр дээрээ тусгаж эмзэглэхээ больсон. Тэр маань ажил ихтэй байгаа зөөлрүүлж боддог болсон доо”. Үнэхээр хайртай бол бардам зангаа ганц удаа гээгээд үзэхэдл алдах юм байхгүй шүү дээ.
Тэвчээр ба хөдөлмөр
35 настай эмэгтэй “А”-д тохиолдсон инээдмийн кино шиг түүхийг хүргэе. Тэрээр урьд нь амьдралд ийм зүйл болдоггүй гэж боддог байжээ. Тэр нөхөртэйгөө бүхэл бүтэн 5 удаа салсан байна!
“Хамгийн сүүлд би нөхөртэйгөө гэрлэчихсэн байхдаа салахаар шийдсэн. Үүнээс өмнө бид хоёр 4 удаа салж нийлсэн байлаа. Энэ удаа бие биедээ яг жинхнээсээ эцсийн удаа салцгаая, гэж тохиролцоод, бүхнийг хууль ёсоор нь гүйцэтгэн, шүүхэд өргөдөл гарган салцгаалаа. Энэ “сүүлчийн салалтаасаа хойш” бид хоёр одоо гурван жил гаруй хамт амьдарч байна. Найз нөхөд маань биднийг хаана ч байхгүй “рекорд” тогтоосон гэж шоолдог болсон доо.
Ингэж сүүлийн удаа эргэн нийлэхдээ бид хоёр өөрсдийнхөө харилцааны талаарх бүх асуудлыг тунгаан ярилцсан юм. Энэ хүнд асуудлыг шийдэхэд бидэнд сэтгэлзүйч их тусалсан. Салах үнэхээр хэцүү байсан шүү. Ингээд бид 4 жилийн дараа дахин хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд цайллага хийн хуримын бөгжөө солилцсон билээ. Бид хоёр хоёулаа хамгийн гол нь өөрсдийнхөө хүсэл сонирхол, харилцаан дээрээ маш ухаалаг хандах нь зүйтэй юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь яг л алдаан дээрээ ажиллахтай адилхан. Үүнгүйгээр хайр сэтгэлээ хадгална гэж хэзээ ч үгүй”.
Сэтгэл зүйчийн зөвлөгөө:
• Ихэнхдээ хүмүүс салчихаад, эргэж нийлэн амьдрах нь сайн бодоогүйн улмаас болж өнгөрдөг. Энэ нь зохисгүй явдал. Яагаад салчихаад өөр хүнийг сонгож амьдраагүй юм бол? гэж та асуух байх л даа. Хэргийн учир, хуучин харилцаа нь дасал болсон байдаг бөгөөд түгшүүр багатай байдгаас үүдэлтэй.
• Аз жаргалтай байсан хосууд салаад, дахин амьдрахдаа нэг хийсэн зүйлээ дахин давтахгүй гэдэг нэг гол нөхцлийн үндсэн дээр эргэн нийлэх нь зүйтэй. Хийсэн зүйлээ давтах нь дахиад л амьдралаа сүйрүүлэхийн шинж. Хэрвээ хосын хэн нэг нь салсныхаа дараа өөрийгөө өөрчилж чадсан бол дахин амьдрах шинэ нөхцөл болно. Ингэсэн цагт амьдралын гольдорго өөрчлөгдөнө гэсэн үг. Хэрвээ ингэж чадсан тохиолдолд яагаад дахиад нэг үзээд алдаж болохгүй гэж? Ямар нэгэн дурын алдаагаа дахин давтах л юм бол сэргэж байсан гэр бүлийн харилцаа дахиад л нуран унана гэсэн үг. Яагаад? Яагаад гэвэл, салалтын хэсэгхэн хугацаанд гомдол, үзэн ядалт, уур хилэн арилаагүй, юм өөрчлөгдөөгүй байна. Ямар нэгэн хугацааны дараа энэ бүхэн дахиад давтагдахгүй гэх газаргүй.
• Нэг, хоёр сарын богино хугацааны салалт нь олон жилийн салалтаас үр дүн муутай байдаг. Салалтын хоёр дахь тохиолдолд хосууд аз жаргалтай амьдралыг шинээр үүсгэх боломжоор илүү байдаг байна. Багахан хугацаанд юу ч өөрчлөгддөггүй.
Дахин гэрлэхэд баримтлах гурван дүрэм:
1. Энэ нь урьдын адил “өнгөрснийг эргүүлэх” нөхцөл байж болохгүй, харин үнэ цэнэтэй шинэ харилцаа байх ёстой. Урьд нь уулздаг байсан кафе, цэнгүүний газарт болзоогоо тохирох хэрэггүй. Яагаад гэвэл, хуучин гомдлоо эргэн санадаг. Зөвхөн шинэ газар, шинээр танилцах хэрэгтэй юм шүү.
2. Хэрвээ салалт таны санаачлагаар болсон бол энэ бүхнийг мартахад уужуу тайвуу ухааныг та л гаргах ёстой. Хэрвээ эвлэрч боломгүй ямар нэгэн сэтгэлийн шарх байгаа бол хамгийн түрүүнд үүнийгээ та өөртөө л хэлэх хэрэгтэй.
3. Та хоёр “шинэ” учралаа сайн сайхнаар эхлэхийн тулд хоёулаа бяцхан ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй. Яагаад гэвэл, урьд нь өнгөрөөсөн амьдралаа дахин давтаж яасан ч болохгүй!



