ХҮҮХЭД БА ЭЦЭГ, ЭХ

 

Хүний амьдралын гол утга учир, баяр баясгалан бол хүүхэд байдаг.

 

  Ямар ч эцэг, эх хүүхдийнхээ эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг Гэр бүлийн тухай хуулиар хориглодог.

 

  Хэдийгээр эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэднийгээ асран хамгаалж тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх зэрэг үүрэг нь хэвээр хадгалагдаж үлддэг. Гэхдээ энэхүү үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулах үедээ харилцан тохиролцож болдог бөгөөд ийнхүү тусгайлан тохиролцоогүй бол шүүх түүнийг нь тогтоож болно.

 

  Хэрэв хүүхдийнхээ эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзахад нь саад учруулж болохгүй.

Амьдрал дээр харж байхад эцэг, эхчүүдийн таарамжгүй харьцааны явцад хамгийн их хохирдог, эрх, ашиг сонирхол нь хөндөгддөг хүмүүс бол хүүхдүүд байдаг бөгөөд эцэг, эхчүүд зөвхөн өөрсдийгөө бодож, муудалцсаныхаа төлөө хэн нэгэнтэй нь уулзуулахгүй байх явдал гардаг. Энэ нь хамгийн буруу бөгөөд хүүхдүүд эцэг, эхтэйгээ уулзах, хамт байх, өөрийгөө хамгаалуулах зэрэг эрхээ эдлэхэд нь хэн ч саад учруулах ёсгүй.

 

Хүүхдийн ашиг, сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

 

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг 6 сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно. Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл садангийн хүн, бусад иргэн, хүүхдийг эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

 

Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, түүнийг төлөөлөх болон хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор эдлэх эрхээ алдана. Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг ч мөн давхар шийдвэрлэдэг.

 

Хэрэв эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг нь хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ. Шүүхээс эцэг, эх байх эрхийг нь хязгаарласан хугацаанд тухайн зөрчил арилаагүй, хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироосоор байвал эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч болно. Харин эцэг, эх байх эрхийг нь хязгаарлах болсон үндэслэл, нөхцөл арилсан нь тогтоогдох юм бол тухайн эрхээ хязгаарлуулсан эцэг, эх нь шүүхэд хүсэлтээ гаргаж, эрхээ сэргээлгэж болно.

 

Харин хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, гэмт хэрэгт татан оруулах зэргээр эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг бол эцэг, эх байх эрхийг шүүх хасч болно. Шүүх эцэг, эх байх эрхийг нь хязгаарлуулсан хүнээс мөн л хүүхдийн тэтгэлгийг гаргуулах асуудлыг давхар шийдвэрлэдэг.

 

Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн эрхээ сэргээлгэхээр хандаж болох бөгөөд хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно. Гэхдээ хүүхэд 7-оос дээш настай баййвал хүүхдийн саналыг харгалзаж шийдвэрлэнэ. Харин хүүхэд нь бусдад үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг нь сэргээдэггүй байна.

Г. Оюунцэцэг

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.