Алдарт загвар зохион бүтээгч Gianni Versace
Шинэ цаг үеийн тэргүүлэгч брэнд болох Versace-ийг үүсгэн байгуулагч, ховорхон тохиох авьяаслаг Gianni Versace 1946 онд Италийн Reggio Calabria-д мэндэлжээ. Тэр бол өнгөрсөн зууны хамгийн авьяаслаг загвар зохион бүтээгчдийн нэг юм. Түүний ээж оёдлын жижиг дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд эндээс л бяцхан хүү Versace хувцас хэрхэн бий болдгийг мэдэж авчээ. Улмаар ээждээ туслахын зэрэгцээ өөрөө хувцас хэрэглэл хийж эхэлсэн бөгөөд түүнийгээ ээжийнхээ дэлгүүрт зардаг байв

Хэдэн жилийн дараа Versace архитекторийн чиглэлээр суралцахаар шийдсэн боловч удалгүй бодлоо өөрчилж загвар дизайн гэдэг бол түүний амьдралын нэгэн чухал хэсэг болохыг ойлгож Милан хотыг зорьжээ. Ингээд идэр залуухан, ер бусын авьяаслаг загвар зохион бүтээгч өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгохоор чөлөөт уран бүтээлчээр ажиллаж эхлэв.
1970-аад оны дунд үеээр ид гялалзаж эхэлсэн бөгөөд яг энэ үед өөрийн хамгийн анхны загварын шоугаа Миланы Palazzo della Permanente Art Museum-д хийжээ. Тухайн оныхоо 9-р сард нь мөн өөрийн эрэгтэй хувцасны загвараа олонд танилцуулсан нь нэр алдрыг нь ихээхэн өсгөсөн юм.

Амжилт бүтээлээр дүүрэн жилүүдийн дараа 1978 онд хамгийн анхны дэлгүүрээ мөн л Милан хотноо Via della Spiga-д нээжээ. Энэ бол өнөөдрийн алдарт Италийн нэрийн хуудас болсон тансаг зэрэглэлийн брэндийн үндэс суурь байлаа. Versace-гийн бүтээлүүд дээд зэргийн тансаг хэрэглээг эрхэмлэдэг хүмүүст ихээхэн үнэлэгдэж байсан юм.

Ялангуяа гоёмсог сүлжмэл хувцаснуудад нь олон алдартнууд дурлаж байв. Түүний загварууд уран зурагтай нэлээдгүй холбоотой. Тэр дундаа эртний Грек, Ромын үлгэрийн баатрууд, хээ угалз, уран баримал, уран зураг гээд сонин содон өнгө төрхийг түүний бүтээлээс олж харж болно.
Брэндийн лого хүртэл Грекийн үлгэрийн баатраас санаа авсан бөгөөд Medusa-н төрхийг илэрхийлсэн байдаг. Энэ нь ч тухайн үедээ тун өвөрмөц бусдаас онцгойрч байсан юм.
Зохион бүтээгчийн хувийн амьдрал тун сонин. Ижил хүйстэн гэдгээ олноос нуугаагүй Versace анх 1982 онд жинхэнэ хайр дурлалтайгаа учирсан нь Италийн загвар өмсөгч Antonio D’Amico /ижил хүйстэн/ байлаа. Хосууд Versace-г амиа алдах хүртэл 15 жилийн туршид хамтдаа амьдарчээ.

Харамсалтай нь алдарт загвар зохион бүтээгч маань ихийг хийж бүтээх 50-хан насандаа Америкийн цуврал алуурчин Andrew Cunanan-д буудуулж амиа алдсан юм. Түүний нас барсан явдал дэлхийн загварын ертөнцөд томоохон гарз хохирол болж үлдсэн билээ. Энэхүү эмгэнэлт явдлаас хойш дүү Donatella Versace нь ахынхаа ажлыг үргэлжлүүлэн Versace брэндийг авч яваа юм. Өдгөө тус группын дор олон брэндүүд үйл ажиллагаагаа явуулж байна.
Versace брэнд нь хувцас загвар, гоёл чимэглэл, тансаг үнэртнээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн барааг хүртэл өөрийн нэрийн дор гаргаж байна. Versace бол ямар ч эргэлзээгүй эмэгтэй хүн бүрийн хүслэн болсон гайхамшигт загваруудыг гаргадаг шилэгдсэн хүн байсан юм.







