Цагаан сарын чин хүсэл

Саяхан “Цагаан сар” айл бүрийн хаалга тогшоод “Бэлгээ авсан уу” гэж асуусан сурагтай. Айлууд “авчихсаан” гээд толгой дохиж, авсан бэлгээ “Цагаан сард” харуултал эхэр татан уйлсан гэнэ.
Арга ч үгүй юм даа. Жил бүр хэлэхгүй муугаар хэлүүлж, өндөр үнэд чирэгдэж үйлээ үздэг болохоор хөөрхий цагаан сар залхсан байх. Тэгээд ядаж бэлгэндээ сэтгэл гаргаач гэх санаатай айлуудаар урьдчилан орж:
“Аль болох удаан эдэлгээтэй, чанартай, хүнд хор болохгүй сайн сайхан зүйлийг бие биедээ бэлэг болгон өгөх нь өөрийнхөө ирээдүйн төлөө хийж буй хөрөнгө оруулалт юм шүү. Харахад сүр бараатай хэрнээ чанаргүй, хэврэг, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг нь бус чанартай, удаан эдэлгээтэй, хүний биед элдэв сөрөг нөлөөгүй, идэхэд болон эдэлж хэрэглэх бүртээ баясаж, сэтгэл хангалуун байх бэлгийг сонгохыг” уриалж байгаа аж.
Түүний энэ хүслийг айл болгон, хүн бүр биелүүлээсэй.
Монголчууд бидний өөрсдийн гараар урласан эсгий бүтээгдэхүүн хүүхдийн бойтог, эсгий гэрийн углааш, арьс ширэн эдлэл цүнх, тэлээ, түрүүвч, уран бүсгүйчүүдийн шаглаж оёсон хөөрөгний даалин, монгол цамц, тэмээний ноосон оймс, бээлий гээд сэтгэл шингэсэн Монгол бэлгүүд сонголт ихтэй зарагдаж байгааг санаарай. Хамгийн их үнэ цэнэтэй мөртлөө хямд төсөр иймэрхүү бэлгийг бие биедээ өгч үндэсний баяраа сайхан тэмдэглэцгээе.
Энэ бол цагаан сарын чин хүсэл шүү.
Б. Гэрэлмаа
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







