Залуу дуучин Б.Солонго: Нутагтаа зориулж “Сэлэнгэ сайхан нутаг” дуугаа гаргасан
Урлагийн талбарт өөрийн байр суурийг бэхжүүлж яваа залуу уран бүтээлчтэй хэсэг хоромд ярилцсанаа хүргэж байна. АЖ Долгор гуайн гарын шавь тэрээр Сэлэнгэ нутагтаа зориулж дуу гарган, клипээ нэлээн асуудал хөндөж гаргасан байна. Чанартай уран бүтээл хийхийн тулд нэг дуун дээр их хугацаа зарцуулдаг гэсэн.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Эмэгтэйчүүд.мн сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын арван жилийг 2005 онд төгсөөд СУИС-д Ардын жүжигчин Долгор гуайн удирдлаган дор Дуурийн дуулаачийн ангийг төгссөн.
-Залуу уран бүтээлчид сургуулиа төгсөөгүй байхдаа уран бүтээл хийхийг эрмэлздэг болж. Таны хувьд?
-Манай үеийнхэн оюутан байхдаа уран бүтээлээ хийж эхэлсэн. Харин би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Миний хувьд сурах зүйл их байхад хажуугаар нь уран бүтээл хийх цаг зав байдаггүй. Би бүрэн сурч, түүнийхээ дараа уран бүтээлийнхээ ажилд орно гэсэн бодолтой байгаа. Сурч байхдаа мэргэжлийнхээ хичээлүүдэд байнга тэргүүлж, сурлагынхаа амжилтаар дээгүүрт жагсдаг байсан. Долгор багш минь шавь нараа их зөв аргаар сургаж, хатуу гарт барьдаг. Анх сургуульд орж байхад өөрийнхөө мэргэжлийн шавь нартаа сургуулиа төгстлөө хүүхэдтэй болохгүй, нөхөртэй болохгүй байх хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Харин би багшийнхаа шавь нарын өмнө тавьж байсан бүх үүргийг сайн биелүүлж чадсан гэж боддог юм.
-Тэгвэл сургуулиа төгсөөд гаргасан анхны уран бүтээлийнхээ талаар яриач?
-Миний анхны уран бүтээл “Энхрий үрс” нэртэй. Дараагийн уран бүтээл УГЗ Сангидоржийн ая, Хүрэлсүхийн шүлэг “Өрлөг ижий” дуу маань мэргэжлийн дуучны хоолойн цар хүрээг харуулсан бүтээл бий. Уран бүтээлүүдээ аль болох үзэгчиддээ дүрсжүүлж хүргэх бодолтой байгаа. Энэ нь мэргэжлийн дуучны байх ёстой түвшинг ард түмэндээ хүргэх зорилготой. Тиймдээ ч би нэг уран бүтээлдээ ойролцоогоор таван сарын хугацаа зардуулдаг.

-Сэлэнгэ нутгийнхаа тухай дууг өөрөө захиалж хийлгэсэн гэсэн?
-Тийм ээ, өнгөрсөн оны долоон сард Сэлэнгэ нутгийн маань 80 жилийн ой болоход “Сэлэнгэ сайхан нутаг” дуугаа захиалж хийлгэсэн. Манай нутгийн тухай олон сайхан дуунууд байдаг, гэхдээ би залуу хүний хувьд нутаг, уул усаа аргадах гэж энэ дуугаа бүтээлгэсэн. Шүлгийг яруу найрагч Хүрэлсүх ах бичиж, аяыг нь Мөнхжаргал эгч зохиосон.
-Энэ дууны клип нь нэлээн асуудал хөндсөн байсан?
-Сэлэнгэ нутагтаа очиход үнэхээр сэтгэл шимшрэм дүр зураг угтсан. Нэг гол яг хоёр хуваагдчихсан юм шиг нэг тал нь цэвэр нөгөө тал нь бохирдсон байсан. Клип хийж байх хугацаанд манай багийнхан тэр бүхнийг хараад уйлж байсан. Нутаг орныг минь эвдэн сүйтгэж байгаа энэ аюул гамшгийг бид өөрсдийн биеэр үзэж, яг тэр замаар нь явж зургаа авсан болохоор үзэгч түмэн энэ бүхнээс нэгийг ойлгох байхаа.
Ярилцсан танд баярлалаа.







