Эмэгтэй боксын АШТ манай улсад болно

Эмэгтэй боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 16-аас эхлэн 10 хоногийн хугацаанд манай улсад зохиогдохоор бэлтгэл ажлаа базааж байна. Уг тэмцээнд 17 орны 200 орчим эмэгтэй боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстан улсууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багийг манай улсруу илгээж байна. Харин манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг “Олимп” баазад бэлтгэлээ хийж байгаа. Тэмцээнд оролцох эмэгтэйчүүдээс олимпийн жинд өрсөлдөх Б.Нандинцэцэг /51 кг/, Б.Сувд-Эрдэнэ /60 кг/, Э.Ундрам /75 кг/ нар Германд хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд ирэх сарын 11-нд эх орондоо ирээд бусад тамирчидтайгаа нэгдэх аж. 10 жинд болох тэмцээнд манай улсын тамирчдаас сорил авч тэндээс шалгарсан боксчидод Азийн аваргад оролцох эрх өгөх юм. Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар AIBA-гаас томилогдсон ерөнхий зохион байгуулагч хатагтай Нийви Имбулденья, Азийн боксын холбооны гүйцэтгэх захирал Азиз нар манай улсад ирсэн. Тэд Буянт-Ухаа дахь Спортын цогцолборыг үзээд Олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж болохуйц том ордон байна хэмээн сэтгэл хангалуун байсан юм. 2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө болж байгаа учраас Азийн орнууд энэ тэмцээнд их ач холбогдол өгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах төлөвтэй байгаа. Хуваарийг харахад 16-наас эхний тамирчид ирж, 19-нд тэмцээн албан ёсны нээлтээ хийнэ.







