Энергийн вампир гэж хэн бэ?

Сэтгэл санаа чинь ямар ч тодорхой шалтгаангүйгээр гэнэт хямарч, толгой тань үе үе хүчтэй өвдөж, ажил үйлс тань бүтэхээ больчихоод байна уу? Хөдлөхөөс дургүй хүрч, дотоод эрч хүчийг чинь юу ч үлдээлгүй сорчихсон мэт санагддаг уу? Тэгвэл энэ юуных вэ? Архаг ядаргаа юу, аль эсвэл...? Төсөөлснөөс чинь огт өөр юм ч байж мэдэх юм шүү!  

Эргэн тойрноо сайтар ажигла даа. Магадгүй, таны ойролцоо ВАМПИР байгаа ч юм билүү. Үл үзэгдэх, тийн атлаа өлөн зэлмүүхэн тэр таны найз залуу, найз хүүхэн, даргын дүрд хувирчихсан...

Тэгвэл энергийн вампир буюу эрч хүч сорогчийг таних хэд хэдэн шинж чанар байдаг аж.

1. Вампир хүмүүс маш их хувиа хичээсэн атгаг чанартайгаас гадна, байнга яршиг төвөг учруулж нойтон хамуу мэт бусдыг залхааж байдгаараа онцлог. Тэд хажуудах хүнээ сонсох дургүй. Учир нь вампируудад бусдын үзэл бодол, жаргал зовлон, тэдэнд тохиолдсон зүйлс огтхон ч сонин биш.

 2. Тэд хэдэн цагаар ч хамаагүй утсаар ярьдаг, ихэвчлэн шөнө дунд эсвэл өглөө үүрээр тань руу залгаж ямар нэгэн оршилгүйгээр шууд л өөрийн асуудлаа залхтал бурж эхэлдэг. Тухайн үед түүний яриа онцолсон сэдэвгүй, байдаг л нэг чалчаа үг мэт боловч дараа нь та маш их ядарсан, эсвэл сэтгэл тавгүйтсэнээ  мэдэрнэ. 

3. Вампир байгаа газрын тоног төхөөрөмж ямар нэгэн байдлаар гацаж, эсвэл эвдэрдэг, тэр өрөөний цэцэг ургамал гунддаг.

4. Ийм хүмүүс халуун цай, кофе уух дургүй байдаг бөгөөд ихэвчлэн хүйтэн ундаа, ус уухыг илүүд үздэг.

5. Том дэлгүүр, хурал цуглаан гэх мэт хүн их цугладаг олон нийтийн газраар байх дуртай. Хэрүүл маргаан, зодоон цохион хаа байна, тэнд вампир хүнийг олж харж болно. Иймэрхүү газрууд тэдний хувьд эрч хүчнийх нь эх үүсвэр, оргилуур булаг л гэж мэд. 

6. Вампирууд үргэлж хүмүүсийн мэдрэлээр тоглож хүн хүний уурыг хүргэж, ялихгүй жижиг асуудлыг өдөөж дэвэргэн хэрүүл хөгжөөхдөө гарамгай. Хэн нэгнийг бусдын нүдний өмнө унагаж, “шороотой хутгах” нь тэдний хийх дуртай зүйлийн нэг юм.

7. Тэд үргэлж мөнгө зээлдэг боловч яаж ийгээд буцааж төлөхгүй, өөртөө авч үлдэхийг эрмэлздэг.

8. Вампир хүн их хартай, атаач бас өсөрхүү.

Энергийн вампируудыг идэвхтэй (“омогтой”) ба идэвхгүй (“тайван”) гэсэн хоёр төрөлд хувааж үзэж болно. Гэсэн ч тэд нэг л үндсэн зорилготой. Тэр нь мэдээж, өөр өөрийнхөө арга барилаар таны энергийг сорох. Идэвхтэй вампир ямагт маргаан хэрүүл өдөж, хэн нэгнийг буруутгаж, бусадтай муудалцах ямар нэгэн шалтгааныг хялбархан олчихдог муу аргатай. Хэрэв харилцагч нь хэрүүл маргаанд оролцохгүй, тайван байдлаа алдахгүй бол тэд хүссэн зүйлээ авч чадахгүйд хүрч аргаа барахдаа бусдыг доромжилж, дайрч давшлаад зогсохгүй бүр хэн нэгэнд гар хүрч зодоон цохион эхлүүлэх нь ч бий.

Идэвхгүй вампир өөр зарчимтай. Гаднаасаа гэмгүй номхон харагдах энэ хүмүүсийн дотор атаа жөтөө, үзэн ядалт, уур хилэн савнаасаа сагатал буцалж байдаг. Хамгийн айдас хүрмээр нь тэд энэ бүх зүйлээ хүмүүсээс чадамгай нуун далдалдаг увидастай. Ийм хүн магадгүй, яриан дундаа нухацтай, хүнлэг чанар ч гаргаж мэднэ. Идэвхгүй вампир  үргэлж яаж зөв амьдрах ёстойг ярьж, яаж хийх арга барилыг зааж, хэн нэгэнд санаа зовж, таньд бусад хүмүүс яагаад шударга бус хандсаныг тайлбарлаж, сэтгэлийг тань тайвшруулж, өрөвдөж хайрладаг ч яагаад ч юм, сэтгэл санаа чинь улам дордоод байгааг та тун удалгүй мэдрэх болно.

Энергийн вампираас өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?

Яаж ч байсан тэсээд, уцаарлахаа азна! Тэр таныг зориудаар доромжилж гутааж байвч тайван байдлаа битгий алд. Хүний эерэг сэтгэл хөдлөл түүнд хоол болдоггүй, харин гэнэт уурлах, огцом дүрсхийхэд ялгардаг энергийг л хүлээн, таныг “дэлбэлэхийг” хичээж байгаа гэдгийг мартаж болохгүй. Өөрийн био энергээ хаахыг хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд вампиртай ярилцаж байхдаа хөлөө юм уу гараа зөрүүлж болно. Тааламжгүй хүнтэй харьцах үедээ  тэр та хоёрын хооронд байгаа толин хана түүн рүү чиглэсэн байна гэж төсөөл. Ингэсэн тохиолдолд тэр өөрийг чинь сорж амжилгүй өлөн хоцрох болно.

Идэвхтэй вампиртай  юм ярьж байхдаа түүнийг дотроо өрөвдөх нь хамгийн шилдэг арга. Дотроо түүнийг бяцхан хүүхэд харин өөрийгөө ээж нь гэж төсөөлөөд толгойг нь илээд эвийлээрэй.

“Тайван” вампиртай уулзах үед тэрээр өөрийнхөө зовлонг ярин танаар өрөвдүүлэх гээд байвал харин түүнийг дотроо буруутгах нь таньд өлзийтэй байх болно. “Чи өөрөө л буруутай...”, “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр” гэдэг шүү дээ” гэх мэт.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.