“Xөгжим гэж юу вэ?” цуврал нийтлэл (2-р хэсэг)

2-р хэсэг.

Хөгжим бусад урлагтай нэгдэн гайхамшгийг бий болгодог. Жишээ нь:

Уран зохиолын ачаар хөгжим баялаг болж, сонсогчдод илүү хүчтэй нөлөөлж асар олон хүмүүст ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй болдог юм. Кино юмуу драмын жүжиг үзэж байхдаа хөгжим эгшиглэж байгаа хэсгүүдийг хөгжимгүй байсан бол ямар байхыг дүрслэн бодоод үзээрэй. Жүжиг буюу кино нь хөгжимгүй бол ямар их зүйл алдахыг та нар мэднэ. П.Тургенов Пушкины зохиолыг уншаад нүдийг нь нулимс бүрхдэг бол хөгжим сонсоод бүр уйлдаг байжээ. Гүн ухаанч Чарльз Дарвин: “Хэрэв би дахин амьдарвал ямар нэгэн шүлэг уншиж, хөгжим сонсох байсан” гээд үүнийгээ тэрээр маш том алдаа өөрийнхөө аз жаргалыг үгүй хийсэнтэй адил хэмээн үзжээ. Бальзак амьдралынхаа хамгийн хүнд хэцүү үедээ Бетховен, Моцартын хөгжмийг сонсож сэтгэлээ тайтгаруулдаг байв.

Хүнийг хүн болгон хүмүүжүүлэхэд урлаг их ач холбогдолтой байдаг талаар эртний Грекийн гүн ухаантан Софокл: “Тоочин хүн тоочин л болно, физикч хүн физикч л болно, харин урлаг мэдэрч байж хүн болно” гэжээ. “Сайхан, бодит хоёр чанар нь хөгжмийн агуулга мөн” хэмээн Цезарь Кюи хэлсэн байдаг. Хөгжмийг бүгд сонсож чадах хэдий ч тэр өөрийнхөө эрдэнэсийг хүн бүрт нээдэггүй. Түүнийг бүрэн мэдэрье гэвэл зөвхөн сонсоод өнгөрөх бус зүрх сэтгэлээрээ мэдрэхийн тулд хичээл зүтгэл гарган олон олон шинэ хөгжим сонсож, сонсох туршлагаа баяжуулах нь чухал. Хөгжмийн сайхан бодит чанар чин сэтгэлээсээ ойлгохыг эрмэлзсэн хэн бүхний өмнө нээгддэг хуультай.

Янз бүрийн хөгжим сонс, ихийг сонс, концерт үз, хөгжим таны амьдралыг баян, сайхан болгож, таны амьдралын нэгэн чухал хэсэг болж таны мэргэн нөхөр байх болно. Хөгжмийн тухай мэргэдийн сургааль үгс, хөгжмийн зохиолчдын дурсамж сэтгэгдэл асар олон байдаг нь хөгжмийн мөн чанарын тухай ойлголтыг хүмүүст товч тодорхой өгч чаддаг. Хөгжмийн тухай суутнуудын хэлсэн үгсийг та бүхний анхааралд толилуулж байна. -“Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, хөгжим хэвээрээ үлдэх ёстой” В.А.Моцарт -“Хөгжмийг юу урлаг болгодог вэ? -Аялгуу” Ж.Руссо -“Хөгжим бол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг дүрсэлж чаддаг болтлоо тийнхүү өр зүрхэнд гүн нэвтэрсэн цорын ганц урлаг мөн” Стендаль -“Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрхийлсэн сэтгэлийн амьдрал. ” П.Чайковский -“Хөгжим бол сэтгэлийн хэлгүй залбирал. Учир нь үггүй билээ. Хөгжмийн авианд бодол санаанаас илүү сэтгэл их шингэсэн байдаг. Бодол санаа бол тавтын зоосуудыг агуулсан хэтэвч. Харин хөг авиа бол хир буртаг суугаагүй угаасаа цэвэр ариун эд” Л.Толстой - “Айзам хэмнэл ч үгүй, хэмжээ дамжаа ч үгүй бол аймаар эд дээ -Хөгжим гэдэг” В. Шекспир - “Хөгжмийг ард түмэн бүтээдэг, харин уран бүтээлч бид нар түүнийг зөвхөн найруулдаг юм” М.Глинка - “Моцартын хөгжим намайг дулаацуулж баярлуулж, түүний хөгжмийг сонсохдоо би сайн үйлс бүтээх мэт болдог. Яагаад ингэж хүчтэй нөлөөлдгийг илэрхийлэхэд хэцүү гэхдээ энэ нь ямарч эргэлзээгүй бөгөөд түүний хөгжимтэй танил болох тусмаа,сонсох тусмаа улам бүр дурлах юм” П.И.Чайковский -“Хөгжимд амин хувийн сэтгэл санааны чин зүрхний гээд хүмүүн ёсны шууд хэлхээ холбоо хэрэгтэй. Хөгжмөөр бусдад элэгсэг дотноор ханддаг цагаан цайлган сэтгэлтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй” Карл Орф --“Хөгжмийн зорилго бол хүмүүсийг уриалан шилдэг сайхан өөд, хөтлөх явдал юм.” Жорж Энеску - “Би хөгжимд маш их хайртай, хэрэв сонсохгүй бол амархан уйдаж ганцаарддаг” Репин - “Үгээр илэрхийлж боломгүй зүйлийг би хөгжмөөр нөхөж өгдөг” Ф.Мендельсон - “Хөгжим бол бусад урлагийн дотроос үнэт зүйлсийг хамгаас сонор соргог эрхэм дээдээр илэрхийлэгч мөн” А.Руссель - “Суу их хөгжим бол хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг мөн” К.Дебюсси- “Чайковскийн хөгжим миний амьдралын мөнхийн дагуул, түүний хөгжим дээр би өссөн. Тэр бол миний зүрх сэтгэлийн нэгэн хэсэг” Г.Уланова - “Хэлэх үг надад хэзээд байдаг болохоор хөгжмөөр би ярьдаг” П.И.Чайковский - “Шопен бол энхрий тансаг эгшгийн суут мөн” Ф.Лист -Та аугаа их жүжигчин юмаа. - Үгүй ээ Би их хөгжмийн өчүүхэн албат бүлгээ И.Штраус - “Хөгжмийн урлаг энд эрдэнийн баян сангаа үнэндээ гэхэд эрхэм сайхан найдлагаа оршуулсан юм” Ф.Шубертын хөшөөний бичгээс... Энэхүү сургааль үгсийг шинжлэхүй зөвхөн хөгжмийн бус эгэл жирийн хумүүс болон зохиолч зураач, яруу найрагч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс хөгжмийн өмнө бөхийж , шагшин магтаж амьдралынхаа нэгэн хэсэг болгож байсан нь ажиглагдаж байна. Хөгжмийн тухай мэргэдийн сургаалийг шинжлэн үзвээс хөгжмийг: 1-рт, Хөгжим бол сайхан хөг эгшигтэй байх нь чухал, чихний чимэг байх ёстой, айзам үгүй хэмнэл үгүй бол аймшигтай мэтээр бичсэн байна. Үүнээс үүдээд хөгжим бол сайхан аялгуулаг байж тодорхой хэмнэлтэй, тэр нь хэмнэлийн лугшилт дахь өнгө будаг шиг байхын чухлыг заасан байна. 2-рт, Хөгжмийг зүгээр нэг эд өлөг бус хүний сэтгэлгээний урлаг, зүрх, сэтгэлийн юм хэмээн авч үзээд хөгжим бол хүний сэтгэлд шингэсэн байх тухай өгүүлжээ.

Манайд ч хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлд шингэсэн аялгуу” хэмээн нэрлэсэн зохиол бий. 3-рт, Хөгжмийн урлаг бол нууцлагдмал, тансаг зүйл хэмээн авч үзээд, түүнийг эрдэнийн сан, эрдэнийн чулуутай зүйрлэсэн нь хөгжмийн урлагийн хичнээн нандин сайхныг илтгэх ажээ. 4-рт, Хөгжмийн урлагийн хүмүүжүүлэх ач холбогдлын талаар олонтаа өгүүлж, хөгжим нь хүнийг шилдэг сайхан өөд уриалдаг, хөгжим нь хүнийг хүн болгодог хэмээн баримт татан өгүүлсэн нь олон байна. Ийнхүү хөгжим гэгч үнэхээр нандин, эрхэм, үгээр илэрхийлж болшгүй сайхан урлаг бөгөөд түүний нууцлаг авшиг, увидас нь зөвхөн хүнд төдийгүй мал амьтанд нөлөөлдөг тухай олон баримт байдаг. Тэр ч бүү хэл байгаль, уул ус, ургамал цэцэгт сайхан хөгжим нөлөөлдөг, өвчтэй хүнийг хөгжмөөр эмчлэх гээд дэлхий ертөнцөд хөгжмийн урлагийн амин хэрэгцээ улам бүр чухлаар тавигдаж буй. Мөн хөгжим бол морин хуурын аязаас бүхэл бүтэн симфони найрал хөгжмийн зохиол, жирийн бадагчилсан дуунаас дуурь хүртэлх маш олон төрөл зүйлийг хамарсан арвин их ертөнц билээ.

Гэвч хөгжмийг ойлгоход зохих бэлтгэл хичээл оролдлого хэрэгтэй ажээ. Энэ талаар Оросын алдарт хөгжмийн зохиолч Д.Шостакович:”Төрөлхөөс хөгжим сонирхдог мэддэг хүн гэж байхгүй. Харин тийм болон хүмүүжиж болно. Хөгжимд дур сонирхолтой болохын тулд юуны өмнө сонсож сурах хэрэгтэй. Хөгжимд дурлацгаагтун. Хөгжмийн ачаар та нар урьд мэдрээгүй шинэ хүчээр сэлбэгдэн, амьдралыг шинэ соргог өнгө будгаар харах болно” гэжээ. Энэ бүхнээс үзэхэд авч болдоггүй, барьж болдоггүй мөртлөө хүний сэтгэлийн нандин чавхдсыг хөндөх увидастай, сэтгэлийн гүнд нэвтрэх чадвартай, хүний оюуны тэжээл болох урлагийн нэгэн чухал төрөл нь ХӨГЖИМ хэмээх урлаг мөнөөс мөн ажээ. Энэ нь хүмүүний амьдралын утга учир болж улам бүр баяжин хөгжсөөр, авьяас билигт хүмүүний оюунаар бүтээгдэн хүнийг хүн болгон хүмүүжүүлж, амьдралын сайхан гэрэл гэгээ өөд уриалсаар байх бизээ.

 

 

Д.Энхцэцэг

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.