Ханджамц хатан

 

    Төвдэд Богд Зонховын /1357-1419/ үүсгэж байгуулсан бурхны шашин Монгол оронд XVI зууны сүүлч XVII зууны эхэн хүртэл дэлгэрэн хөгжиж, Монголын нийгэм улс төр, оюун санаа, ахуй амьдрал, соёлын хөгжилд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн түүхтэй билээ. Тухайн үеийн Монголын нийгэм-улс төр нэг талаас Манжийн түрэмгийлэл хурцадсан, нөгөө талаас Халх-Ойрадын өвөр зуураа хямралдан бүхий бэрх үед, энэ хямралдаан тэмцлийг намжаах, эв нэгдлийг эрхэмлэх зорилгоор Монгол газраа шарын шашныг дэлгэрүүлэхэд Монголын зарим хаад ноёдын хүчин зүтгэлийн зэрэгцээ нөлөө бүхий томоохон хутагт хувилгаадын үйл ажиллагаа чухал байр суурь эзэлж байв. Тэдний нэг нь Монголын шашны анхны тэргүүн-«Өндөр гэгээн» Занабазар юм.

 

  Занабазар, эзэн Чингисийн Алтан урагийн Абтай сайн ханы ач, Очир Түшээт хан Гомбодоржийн гэрт, Ханджамц нэрт хатнаас 1635 онд мэндэлжээ. Энэ тухай Анхдугаар Богд Занабазарын намтарууд, түүний тухай аман болон бичгийн олон домгуудад дэлгэрэнгүй дурьдсан байхын хамт түүхэн бодит өгүүлэмж нь үлгэр домгийн уран сэтгэмжтэй хослон байдаг нь түүний хүндэтгэн дээдлэхтэй холбоотой аж.

 

 Ханджамц хамтнаас хэрхэн хүү төрсөн  тухайд тэнгэр язгуурт хаад, бурхны шашны хутагт хувилгаадын адилаар зөн билиг, гэрэл солонготой холбон үлгэр домгийн байдлаар олонтоо өгүүлсэн байдаг. Тухайлбал Өндөр гэгээний нэгэн намтарт: «Түшээт хан Гомбодорж гөрөөлж явтал нэгэн сайн лам учирч «Юу юу үйлдэж буй вэ», хэмээсэнд би газар дэлхий тахиж суумой» хэмээгээд үзэгдэхгүй болов. Энэ сайн ламтай учирснаа бэлэгшээж хойно, гэрэл солонго үзэгдэх ба хаан, хатан хоёр элдэв сайн зүүд тэргүүтэн сайн билэг шинж олонтой болсны дараа Түшээт ханы хатны хэвлийд хүү олдсои тухай» өгүүлжээ.

 

 

Богд Занабазарын элбэрэлт эх Ханджамц Дөрвөн Ойрадын хошууд аймгийн Далай тайшийн охин бөгөөд Халхын Зая бандид Лувсанпэрэнлэйн /1642-1715/ зохиосон Богд Жэбзүндамбын ердийн товч намтарт: «Богдын эх гоо үзэсгэлэнт, сайхан авирт, хатадын эрдэм төгөлдөр Ханджамц хэмээх болой» хэмээсэн бол Өндөр гэгээний бас өөр нэг намтарт /VIII Богдын цорж Агваан Лувсандондовтын бичсэн/ «Хатан харваас гуа, ёс сайхан ээж, хэмээх мэт тэр нь үзэсгэлэнтэй сэтгэлд зохистой, харваас гуа бөгөөд хатан нь эрдэнэ лугаа адил зан төрх шулуун, гурван эрдэнэд төгөлдөр Ханджамц » гэж магтан бичжээ.

 

    Хүү Занабазарын төрсөн тэр жилийн тухай:” өвчин тахал, ган зудгүй, өвс ургамал тэгш, хур бороо, солонго ургах тэргүүтэн нь ЭЦЭГ, ЭХ энэ зүгийн хүмүүсийн сайн ёр, элдэв сайн зүүд, зон билэг, буяны тэмдэг» хэдийгээр мэндэлсэн нь өвөл цаг байсан авч сайхан цэцэг ургажээ» зэргээр бичсэн нь нэг талаар ер бусын ид шидийн зэрэгцээ ертөнцийн эгэл хүмүүний адил эх хүнээс, элбэрэлт эх Ханджамцаас төрснийг харуулах баримт болж байна. Тиймээс ч Занабазар өөрийн хожмын алдарт бүтээлүүдээ эх, эмэгтэйчүүдийг дүрслэн хүндлэн биширсэн байдаг ажээ.

 

   Ханджамц хатны өсгөн бойжуулсан хүү Занабазар нь  шашин номыг хичээнгүйлэн суралцаж, дэлгэрүүлэхийн хамт, түүний урлагийн авъяас билэг ойд тодорч, уран зураг, уран баримал, бурхад бүтээх талаар алдартай болж, бурхны шашны урлагийн «Монгол сургууль»-ийг үүсгэн байгуулсан амуй.

 

   Урлагийн алдарт бүтээлүүдийн оргилын нэг нь эхийн элбэрэл ачлалыг шүтэн хүндэтгэж өөрийн мутраар бүтээсэн  «Эхийн хөрөг» буюу «Эх Ханджамцын хөрөг» юм. Энэ зурагт эх хатан Ханджамцыг өндөр настай болох үед нь бүтээсэн бөгөөд хожим Ханджамцыг хүү Занабазартай хамтатган бүтээх уламжлал Монголд тогтсон байдаг.

 

Мөн түүнчлэн уран барималын сор бүтээлийн нэг нь «Ногоон дар эх» бурхны баримал бөгөөд Төвд, Энэтхэг, Балба хийцээс өөрийн өвөрмөц ур хийцээр ялгаатай, «Бурхан бүтээх Монгол сургууль»-ийн үндэс болсон бүтээл. Ногоон дар эхийн уран зураг уран баримал нь нөгөө «Цагаан дар эхийн» бурхны барималыг бодвол илүү намбалаг, уян налархай, «биеийн хөдөлгөөний илрэл нь ихэд хөгжимлө!, яруу найрагтайгаараа...илүү амьд...» харц нь эх хүний элбэрэл шингээсэн сайхан төгөлдөр, эх эмэгтэй хүний төгс сайхан дүрээр дүрслэгджээ. Энэ нь Өндөр гэгээний эхийгээ шүтэн, түүнийг хүндэтгэн бүтээсэн дурсгал, ертөнцийн түм түмэн эхчүүдийн түгээмэл дүр хэмээн үзүүштэй.

 

    Өөр нэг сонирхолтой мэдээ нь: Өндөр Богдыг мэндлэхүйн өдөр хатны аягач арван зургаан настай хүүхний хөхнөөс гэнэт сүү гарч, тэр хүүхэн ихэд ичиж зовсонд их хатан:

 

 «.. битгий уйл, бүсгүй язгууртан сүү гарах ёстой» хэмээн хэлж тайвшруулж.....бүгдээр зөвлөлдөн аягач хүүхний хөхийг рашаанаар угааж ариусган шимүүлсээр, тэрбээр Богдын өрлөг эх болсон» гэдэг.

    Монголчууд хэдийгээр төрүүлээгүй боловч, цагаан сүүгээ шимүүлэн өсгөсөн ачтанг хүндэтгэн «Өрлөг эх», «Сүүний ээж » хэмээн нэрлэдэг нь «Өр зүрхний өрөвч зөөлөн өршөөлт эх» билээ гэсэн утга амуй.

 

    Өндөр гэгээнтэн 1616 онд Өрлөг эх Авхай ижий буюу Далай ижийдээ (Сүүн далай-гэсэн үг) «Чих орд» хэмээх дацан сүм байгуулсан бөгөөд гол шүтээн нь «Цагаан дар эхийн таталбар хөрөг байсан» байна. Мөн Далай ээжийн түүхэнд холбогдох «Далай ээжийн жас» одоогийн Дундговь аймгийн нутагт Адаацаг уулын зүүн хойд хөндийд оршдог. Энэ нутгийнхан өөрсдийгөө Далай ээжийн удмынхан буюу «Далай ээжийн жасынхан» хэмээдэг.

 

Монголын Анхдугаар Богд хожим нь «Цагаан дар эх» бурхныг бүтээсэн нь мөн л «өрлөг эжийдээ» зориулан бүтээсэн бололтой хэмээн судлаачид үздэг юм. Цагаан дар эх сайн бүхнийг төрүүлэгч Цаст уулын гэрэл мэт маш цагаан үзэсгэлэнтэй тул «Цагаан дар» бурхныг 16 нас бүхий охины төрхтэй бүтээсэн нь цэвэр ариуны билэгдэл болж ур хийцээрээ гайхагдсаар байна. Эх хүнийг хүндэтгэн үзэж, гавьяаг нь мөнхрүүлэх монгол уламжлал энэ болой.

Ж. Урангуа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.