Ахлах дэслэгч Э.Солонго:Би хоёр тангараг өргөсөн хос мэргэжилтэй хүн

 

Эмэгтэй хүн Олон улсын чанартай ажиллагаанд оролцоно гэдэг тийм ч амар хэрэг биш. Манайхаас ийм ажиллагаанд нийт 10 баг явсан. Хоёр ч удаа Энхийг дэмжих ажиллагаанд оролцож явсан тэрээр Монголоос хамгийн олон эмэгтэй гишүүнтэй бүрэлдэхүүнд ажилласан нэгэн. Түүний гэр бүлийн хүн мөн цэргийн хүн. Түүнийг дөнгөж эх орондоо ирсний маргааш  эр нөхөр нь Афганистан улсад үүрэг гүйцэтгэхээр мордсон. Гэр бүлээрээ Монгол улсын төлөө зүтгэж яваа энэ бахархам эмэгтэйн ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Эрдэнэсайханы  Солонго гэдэг. Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальд дүрс оношлогооны их эмчээр ажилладаг. Ахлах дэслэгч цолтой. Манай эмнэлэг заавал цэргийн ангид ажиллаад дараа нь шилжин орж ирэх шалгууртай байдаг. 2006 онд ЭМШУИС-ийг төгсөөд ЗХ-ний 065 дугаар ангийн хүн эмнэлгийн даргаар ажлынхаа гарааг эхэлсэн. 2008 оноос өнөөг хүртэл ЗХКТГ-д дүрс оношлогооны их эмчээр ажиллаж байна.

 

 

-Таныг хоёр удаа энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсныг сонссон. Аль улс руу, ямар үүрэгтэй оролцож байсан бэ?

-Би НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь Энхийг дэмжих ажиллагааны /ЭДА/ VII ээлж, мөн Судан улсын Дарфур муж дахь НҮБ болон Африкийн холбооны хамтарсан Монгол улсын цэргийн II шатны эмнэлгийн I ээлжинд дүрс оношлогооны их эмчээр тус тус үүрэг гүйцэтгэсэн. Сьерра улс дахь ЭДА-нд эмнэлгийн бүлэг маань 6 сарын хугацаанд Монголынхоо цэргийн багийн 250 албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалж, I шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн. Судан улсад Монгол улсын цэргийн II шатны эмнэлэг нь 9 сарын хугацаанд гадаадын олон орны энхийг сахиулагч цэргийн албан хаагчдад болон судан улсын орон нутгийн иргэдэд II шатны эмнэлгийн тусламж үзүүлж, үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн. Манай багийн 68 хүнээс 25 нь эмэгтэй эмч сувилагч эмнэлгийн ажилчид багтаж ажилласан.

 

 

-Эрүүл мэндийн талаас нь сонирхоход Африк тив хүн амын эрүүл ахуй, цаг агаар ямар байдалтай байв. Эмэгтэй хүний хувьд цэргийн ажиллагаанд оролцох хэцүү байх.

-Цэргийн эмнэлгийн эмч сувилагч нар энгийн эмнэлгийн эмчээс  ялгаатай нь хоёр тангараг өргөсөн, хос мэргэжилтэй хүмүүс шүү дээ. Тиймээс бид шантрах эрх байхгүй.

Африк тив халуун, чийгтэй уур амьсгалтай, усны бохирдол ихтэй, дорой буурай хөгжилтэй, цагийн байдал тогтворгүй, хумхаа өвчин болон халдварт өвчний тархалт ихтэй хүнд нөхцөлтэй байдаг. Энэ нөхцөлд эрчүүдтэй мөр зэрэгцэн ЭДА-нд үүрэг гүйцэтгэхэд эмэгтэйчүүдээс маш их тэсвэр хатуужил, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар мөн хэлний өндөр мэдлэг шаардагдаг.

 

 

 

-Олон сараар Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад ард үлдсэн гэр бүлийн тогтвортой байдал чухал. Энэ тал дээр эмч хүний зүгээс юуг анхаармаар байдаг вэ?

-Зургаа болон есөн сараар ЭДА-нд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдын ар гэрт сайн муу олон л үйл явдал тохиолддог. Хүний газар монголчууд тэр дундаа манай цэргийнхэн их эв нэгдэлтэй, нөхөрсөг байдаг юм билээ. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн үгний утгыг үүрэг гүйцэтгэх хугацаанд хамт олноосоо олж харсан даа. Есөн сар хүний газар үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд онгоцноос буугаад Монголынхоо агаараар цээж дүүрэн амьсгалчихаад ээждээ гүйж очоод үнсүүлэх мөч хамгийн сайхан шүү.

Цэргийн эмч хүн ер нь цэргийн хүний ар гэрийнхэн мэргэжлийг нь маш сайн ойлгож, байхгүй үед нь түүнийгээ нөхөөд ар гэрээ аваад явах чадвартай, хайр халамжтай хүн байх ёстой юм шиг байгаа юм. Миний ханийг Амгаланбаатар гэдэг. Бас цэргийн хүн л дээ. Одоо Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа. Бид 2 нэг хоногийн зайтай зөрж ниссэн. Цэргийн амьдрал ажил дээр ч, амьдрал дээр ч нэг иймэрхүү тэвчээр шаардсан байдаг юм болов уу даа. Энэ сарын сүүлээр ирнэ. Хайртай ханийгаа үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирэхийг нь хүлээгээд л сууж байна даа.

 

 

-Яагаад эмч мэргэжлийн сонгох болов. Тэр дундаа цэргийн эмч?

-Миний аав их бие муутай хүн байсан юм. Бага байхад аав минь хүндээр өвдөөд эмнэлэгт хэвтэнэ, аавыгаа эдгээд хөл дээрээ босоод эмнэлгээс гарахыг нь харах тоолондоо энэ хорвоогийн хамгийн мундаг хүн эмч хүн юмаа гэж бодож биширдэг байлаа. Ээж минь энэ эмнэлгийн эмч. Жаахан охин ээжийнхээ ажил дээр ирэхээр цэргийн хувцсаараа жигдэрсэн эмч ах эгч нар жагсаад алхах нь их сүртэй сайхан харагддаг байсан. Тэгээд л эмч, бүр цэргийн эмч болохоор шийдсэн дээ. Миний ээж Сэрээнэн гэж сайхан эмэгтэй бий. 30 жил рентген лаборантаар ажиллаж байна. Өглөө ээжтэйгээ хамт ажилдаа ирнэ, ээж рентген зургаа авна, би дүгнэлтийг нь өгнө. Тараад хамтдаа харина. Ээжтэйгээ үргэлж хамт байдаг “Би их азтай хүн”.   

 

 

-Удахгүй Монгол цэргийн өдөр болно. Цэрэг эмэгтэйчүүд маань аль баяраар баярладаг вэ?

-Цэргийн эмэгтэйчүүд “Мартын 8” “Цэргийн баяр” аль алинаар нь баярладаг азтай хүүхнүүд байдаг юм. /инээв/. Цэргийн баяраар бүх цэргийн албан хаагчид цэргийн хувцсаараа гоёж, жигдрэн жагсаад, цэргийн тангаргаа давтаж, цол медалиар шагнуулах нь шагнуулна.

-Сүүлийн хэсэг хормыг танд үлдээе.

-Ингээд Зэвсэгт Хүчний төлөө эрч хүч оюун мэдлэг, хөдөлмөр зүтгэл, чин сэтгэлээ зориулж яваа ЗХ-ний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн өдөр” буюу ЗХ-н үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярын мэнд хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.