“Бэр цэцэг” холбооны тэргүүн, Ахлах Б.Оюун: Цэрэг бүсгүйчүүд хатуу чанга боловч гэнэн цайлган
Цэргийн эмэгтэйчүүд болон тэдний боловсрол, ар гэрт анхаарал тавьж зөвлөгөө өгдөг Бэр-Цэцэг холбооны тэргүүн, Ахлагч Б.Оюуны яриаг хүргэж байна.

-Юуны өмнө та “Бэр цэцэг” холбоогоо хэрхэн байгуулсан түүхээсээ яриагаа эхлэе?
-Зах зээлийн эдийн засагт шилжих үед хүн бүр хувьчлалаар өөрт оногдох бүхнээ авч байлаа. Харин цэргийн албан хаагчид цалингаас өөр юм байхгүй болж, тэд төдийгүй, тэдний ар гэрт хүнд туссан. Цомхон, хүчтэй арми байгуулах гэж энэ салбарынхан маш олон албан хаагчийг ажлаас халж, заримыг нь эрт тэтгэвэрт гаргасан. Ийм үед Цэргийн гэр бүлийн хэсэг бүсгүйчүүл өөрсдийнхөө төлөө байгууллага байгуулах ёстой юм байна гэж 2000 онд анх Цэргийн болон цэрэгжсэн байгууллагын эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр байгуулсан. Харин 2006 онд “Бэр цэцэг” болгон өөрчилсөн. Бид цэргийн байгууллагатай холбогдсон гэр бүл, тэдний ар гэрийн сэтгэл санааны байдал гээд бүх зүйлд нь анхаарч ханддаг.
-Анх байгуулагдаж байсан тэр үеэс өнөөдрийг хүртэл хэрхэн өөрчлөгдөж, ямар үр дүн гарсан бэ?
-Тухайн үеийг бодвол маш их хөгжсөн. Наад зах нь өөрсдийнхөө төлөө болон өөртэйгээ адил эмэгтэйчүүдэд л туслахын төлөө ямар ч мөнгө төгрөг, цалингүй ажилладаг байсан. Харин одоо “Бэр
цэцэг” холбооны тухай цэргийн байгууллагууд мэддэг болсон. Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахад наад зах нь төсвийг шийдээд өгөх хэмжээний биднийг ойлгодог. Бидэнд зовлон, жаргалаа хэлээд ирдэг цэргийн ар гэрийнхэн олширсон. Ингэхээр манай байгууллага жилээс жилд улам л үр өгөөжөө өгсөөр байна гэсэн үг.
-Таны гэр бүлийн хүн энэ салбарт ажилладаг гэж байсан. Цэрэг хүний ар гэр байхад ямар хариуцлага хүлээдэг вэ?
-Миний түүх их сонин. Би өөрөө багш мэргэжилтэй. Харин одоо ахмад цолтой болж энэ амьдралаа цэргийн байгууллагатай холбочихсон. Нөхөртэйгөө долдугаар ангиасаа хойш үерхэж, гэр бүл болсон. Тэр хүнийг цэргийн хүн болно гэж бодоогүй. Залуудаа цэргийн хүн дагаад их л дэвэргэн явдаг байж. Цэргийн хүний гэр бүл гэдэг маш онцлогтой. Харьцаа, дэг жаяг, сахилга батыг шаарддаг, захиргаадалтанд байдаг гээд. Тэр хүн гэртээ хүртэл бос, суу гэх мэт ааш гаргах нь элбэг. Энэ нь хэн нэгнийг дарамтлах, захиргаадалтандаа байлгах гэсэн биш, ерөөсөө л амьдралынх нь хэвшил болчихсон. Үүнийг л ойлгож, хайрлах хэрэгтэй.
-Сүүлийн үед манай цэргийн албан хаагчид ОУ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, урт хугацаагаар явах болсон. Энэ үед мэдээж ар гэрийн байдал тухайн хүнд чухал байх?
-Манай олон бүсгүйчүүл гадаадад үүрэг гүйцэтгэж байна. Тийшээ явахад тухайн хүний ар гэрт маш сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Зургаан сар, 12 сар эсвэл бүр жилээр ажиллагаанд явж байна. Эхнэр нь хүүхэдтэйгээ үлдэж, нөхрөө байхгүй үед хүүхдээ ганцаараа өсгөхөөс эхлээд л асуудал их. Нөхөр нь сургууль эсвэл сайхан амрах гэж яваагүй учир санаа зовоох зүйл гарна. Олон сараар өөр оронд амьдарч байгаад ирэхэд эхнэр нь өнөөх л байдгаараа галаа ухаад сууж байх нь олон газраар явж юм үзсэн нөхөрт нь сайхан санагдахгүй байх жишээний олон асуудал тулгардаг. Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх гэр бүл гэдэг чухал ойлголт.
-Үүнийг хэрхэн зохицуулах ёстой юм болоо?
-Төрийн албан хаагчид энэ асуудлыг зүгээр л хувь хүний эсвэл гэр бүлийн асуудал гэж ерөнхийд үздэг. Зарим бүсгүйчүүл “Бэр цэцэг” холбоон дээр бүр “больчихсон” ирдэг. Утсаар ярихгүй байна, интернэтээр холбоо барихгүй, сураг байхгүй гээд үл итгэсэн байдал гаргана. Залуу гэр бүлд үүсдэг асуудлуудын нэг. Энэ бүхнийг манайх шийдвэрлэж, тэдэнд туслахыг хичээж байна.
-Өнгөрсөн жил танай байгууллагаас “Мөрдөстэй хатад” уралдаан зохиож байсан. Энэ уралдааныхаа тухай яривал?
-Жанжин штаб манай байгууллагад итгэл хүлээлгэж, хамтарч ажилласнаар бусад байгууллагатай холбогдох гүүр, итгэлцэл нь болж өгсөн. Бид зургаан цэрэгжсэн байгууллагын зургаан бүсгүйг нэг сарын цалинтай чөлөөг олгон, уралдаандаа оролцуулсан. Цэргийн мэргэжлийн хүн гэхээс гадна, эмэгтэй хүн хоол хийх, юм оёх, уран жолоодлого, ширээ засах гээд л олон шалгуураар зохиогдсон. Эхлээд сургалтанд хамруулж дараа нь үр дүнгээр нь шалгаруулсан. Ингэснээр тэд бие биенээсээ харилцан суралцаж байгаа юм. Энэ салбарын бүсгүйчүүл ингэж ажилладаг юм байна гээд л...
-Цэргийн салбарын эмэгтэйчүүд жирийн эмэгтэйчүүдийг бодвол юугаар онцлог байдаг вэ?
-Ахлагч охин маань ярьж байсан. Нэг удаа таксинд суусан чинь, жолооч нь “чи дандаа эрчүүдтэй байдаг хүн, тэд нартай юу хийдэг юм” гэж асуусан гэсэн. Өөрсдөө их эршүүд юм шиг их шулуун шударга, хэлэх гэсэн үгээ залгина гэж ер байхгүй. Нөгөө талаасаа хэтэрхий хүний үг дагадаг, захиргаадалтанд байдаг, ажил гэдгийг хэт ухамсарласан бүсгүйчүүд. Бас нэг асуудал бол цэргийн байгууллагын эмэгтэйчүүд 45 насандаа тэтгэвэрт гардаг. Автобусанд суугаад тэтгэврийнхээ үнэмлэхийг үзүүлэхээр “яахаараа 45 насандаа тэтгэвэрт гардаг юм” гээд зөрчил үүсдэг. Нийгэмд ийм асуудал маш их гардаг. Манай цэргийн эмэгтэйчүүд хариуцлагатай, шаардлагатай, сэтгэлийн хүчтэй мундаг эмэгтэйчүүл бий. Тэд байнга буугаа үүрээд, торон доогуур мөлхөөд л, гүйж байхдаа буудаад эрчүүдээс дутахгүй. Бас нэг сайхан зүйл бол энэ эмэгтэйчүүд маш итгэмтгий, гэнэн байдаг нь сайхан зан чанар юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







