Франц дарс ба хэрэглээ (үргэлжлэл)

Өмнөх нийтлэлийг уншаад та бүхэнд дарсны тухай нэлээд ойлголт авсан байх гэж найдаж байна.
2011 онд дарсны хэрэглээ өмнөх онуудыг бодоход нэлээд нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. АНУ, Хятад улс руу франц дарсыг түлхүү худалджээ. Энэ онд дарсны худалдаа дэлхий дахинд 0,7 % нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна.
Францын нэг оршин суугчид 47,4 л дарс ноогддог. 2011 онд 2, 44 тэрбум шил дарс зарж дарсны үйлдвэрлэлийн ашиг орлого нь 10 тэрбум еврогоос давсан байна.
“Дарс бол франц хүний төрөлх ундаа, таних тэмдэг мөн” гэж зан заншил судлаач Роланд Бартес нэгэнтээ хэлжээ Дарс зооглох нь францчуудын ахуй амьдралын хэв маяг бөгөөд өдгөө ч үндэсний төрх буюу “үндэсний үнэт зүйл” хэвээр байна. Усан үзэм тариалах муж болон ойр орчим, нийт Франц даяар дарстай холбоотой өвөрмөц заншил, зан үйл, хэлц хэллэг хэдэн зуугаар бий. Франц дарсыг монгол айрагтай мөн харьцуулж болох талтай.
Франц хүн дарснаас таашаал авахыг хүсдэгээс бус дарсны амт чанарт дүн шинжилгээ хийхийг сонирхдоггүй. Гэхдээ энэ нь францчууд дарс сонгохдоо огт анхаарал тавьдаггүй эсвэл ууж буй дарс ямар байхыг огт тоодоггүй гэсэн үг биш. Идэж буй хоолноосоо илүү их таашаал авахын тулд дарсыг хэрэглэх нь зүйтэй гэж үзэх хүмүүс ч бий. Дарсны хэм хэмжээг таруулан хэрэглэх нь хувь хүний соёл гэж үзэх бөгөөд согтууран хөлчүүрхэх нь нийгэмд харш үзэгдэл хэмээн тооцдог.
Хувь хүн бүр өөрийн дур сонирхол, таашаалдаа тохируулан дарсыг сонгох нь бий. Таны зочин түүнд барьсан хоолноос таашаал авахын сацуу, өгсөн дарсны амтыг нь мартахгүй байвал сайнсан гэж францчууд хэлдэг. Та 20, тэр ч байтугай 200 доллараар дарс худалдан авч болно. Гэхдээ хоолтой чинь нэг л сайн таарахгүй бол түүнийг их мөнгөөр худалдаж авахын учир утга юу байна хэмээн тэд хошигнох дуртай.
Франц дарс олон янз, иймээс франц хүн бүрийг дарсны мэргэжилтэн гэж үзэж болохгүй. Ихэнх хүмүүс өөрсдийн мэдэх хүрээндээ л өдөр тутмын дарсаа сонгодог. Харин баяр ёслол, зочин урих үед ямар дарс сонгох вэ гэдэгтээ гойд анхаарал хандуулна.
Дарс гэдэг нь усан үзмийн шүүсийг зүгээр нэг исгээд л савлачихсан эд бус харин хэдэн зуун төрлийн усан үзмээс сонгон, тусгайлан арчилж, нарийн аргаар боловсруулан савласан сэтгэл итгэл шингэсэн ариун ундаа юм.
Францад хэдэн үеэрээ дарсны үйлдвэрлэл эрхэлсэн, үе залгамжилсан хүмүүс их байдаг. Монгол улсад саяхан 6 дахь үеийн дарс үйлдвэрлэгч, туршлагатай хүмүүс ирсэн юм. Тэд Монголчуудад дарсыг хэрхэн зөв тээвэрлэх, хэрэглэх, хадгалах гэх зэрэг олон сонирхолтой мэдээлэл өгсөн. Тэд бидэнд ийнхүү зөвлөсөн юм.
Та аливаа нэг дарсыг уухаас 30 минутын өмнө задлаарай. Дарс чинь тухайн орчинтойгоо зохицон, уухад тань бэлэн болно. Ингэж орчинтойгоо дасан, сайхан энергийг шингээсэн дарс таньд эм болно гэсэн юм. Уншигч та ч гэсэн үүнийг туршиж үзээрэй. Өдөр бүр 50-100 млгр дарс уувал зүрх, судасны үйл ажиллагаанд сайн гэж дэлхийн эрдэмтэд тогтоосон гэнэ лээ.
Энэхүү бяцхан нийтлэл маань дарсны тухай багаахан мэдээлэл хүргэсэн байх гэдэгт итгэж байна. Дарсны зөв хэрэглээ, соёл улам дэлгэрч, үе, үеийнхэн маань хатуу ундаанаас татгалзаасай билээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







