"СОРХУГТАНИ" ТҮҮХЭН РОМАН МЭНДЭЛЛЭЭ
13–р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, Их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор нэгдэж байсан тэр цагт Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж, бага хүү Тулуйтай нь гэрлэж байгаагаар энэ роман эхлэнэ. Гоо үзэсгэлэн төгс Хэрэйд охин Сорхугтаний эгч Ибагаг мөн Чингис хаан өөрийн хатнаа болгон авах боловч, удалгүй аав нь хаан эзэнтэй дахин тангараг тасарна. Хоёр охиных нь нэрээр олон удаагийн урвалтыг нь уучилсан Чингис хаан Сорхугтаний аав Жаха Хамбуг хөнөөж, эцгийг нь алсан хүнд эгчийг нь өгч явуулан, Сорхугтанийг өөрийн бэр хэвээр үлдээж байгаагаар зохиол үргэлжилнэ.
Хааны бэр хэвээр үлдсэн ч Сорхугтаний амьдрал урт удаан аз жаргалаар үргэлжилсэнгүй. Эзэнт гүрний баян тансаг амьдрал, эрх мэдлийн зах хязгааргүйн дунд ч хүний л амьдрал өрнөж байх тул, хүний зовлон ч өөрийн байраа эзэлсэн хэвээр байдаг ажээ. Ар араасаа ирэх өнчрөл хагацал түүнээс эцэг эх, хайртай эгч, халамжит хань, дотно бүхнийг нь нэг нэгээр авч явсаар байна. Эцсийн мөчид эмэгтэй хүнээс л гарч болох ухаан, тэвчээр, хатуужил энэ хатныг тал нутгийн элгэн дээр хөл дээрээ чанга гишгэн зогсох их хүчийг хайрлаж, атаа хорсол албин хорлолын дундуур ч өөрт заяасан ухаан авьяасаараа гэтэлж, эх хүний үүргээ нэр төртэй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юуг хийж болохыг өөрийн биеэр харуулах болно.
Энэ романд их эзэн Чингис хааны үеэс хойш, Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жил, Монголын нууц товоо бичигдэж дууссанаас хойшхи түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтыг он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулсан юм. Сорхугтани хатнаар дамжуулан Монголын түүхэнд төдийлөн дурсагдаагүй үлдсэн олон хатад, тэдний гаймшигт түүхийг өгүүлсэн юм. Эзэнт гүрний нийслэл Хархорум тухайн үед хэрхэн дэлхийн хөгжил цэцэглэлтийн өлгий болж байсан хийгээд, өнөө хир тэрсэлдэн байгаа олон шашин Монголын тэнгэр дор хэрхэн эв нэгдэлтэй оршиж байсан үнэн түүхийг өгүүлсэн юм.
Сорхугтани хатны төрүүлсэн дөрвөн хүү дөрвүүл цагийг эзэлсэн их хаад болж, алтан ургийн гинжин хэлхээг 400 жил залгуулан, Лигдэн хаан хүртэл үргэлжлүүлж, хожим түүний үр хүүхдүүдийн дундаас 4-р далай лам, анхдугаар богд Занабазар нар төрсөн юм. Газрын явдлыг таньж барсан түүний хөвгүүд тэнгэрийн явдлыг тольдон харахаар дэлхийн анхны одон орон судлалын төвийг өнөөгийн Ираны нутагт байгуулсан юм. Одоогоос ердөө гурван зуун жилийн өмнө төрөөс ард түмний хүүхдийг сургуульд сургаж болох юм байна гэдэг шийдвэрийг гаргаж байсан бол Сорхугтани хатан найман зуун жилийн өмнө Бухарад дэлхийн анхны сургуулийг бариулж, Хатны сургууль хэмээн нэрлэж байсан нь өнөө ч сүндэрлэсэн хэвээр байгаа юм. Сорхугтани романд энэ бүх гайхамшигт түүхийг өгүүлэх болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





