Аминд халтай дохио зангаанууд
Гадаад хэл мэдэхгүйн улмаас очсон газрынхаа хүмүүстэй ойлголцох гэж яаж хөглөдөг, энэ нь ямар хэцүү болохыг хилийн дээс алхсан “хэлний бэрхшээлтэй” хэн бүхэн мэдэх биз ээ. Ийм тохиолдолд бид дэлхийн хэл болох дохио зангааг ашиглаж ойлголцохыг оролддог. Тэгвэл бидний хувьд гэмгүй, энгийн гэмээр дохио зангаа тэднийг хялбархан гомдоож, тэр ч бүү хэл санамсаргүйгээр таныг томоохон асуудалд унагаж ч болно. Тиймээс зочлох гэж буй улс орныхоо зан заншлыг заавал урьдчилан судалж танилцсаныхаа дараа аян замдаа мордохыг зөвлөе.
- Бразильд очоод гараараа “ОК” гэсэн дохиог хэзээ ч битгий харуулж бай! 1950-аад онд Америкын ерөнхийлөгч Ричард Никсон энэ улсад албан ёсны айлчлал хийх гэж онгоцноос буух үедээ хоёр гараараа “ОК” дохиог харуулан Бразиль улсын иргэдтэй мэндчилсэн билээ. Гэм зэмгүй гэмээр түүний энэ үйлдэл дэлхий даяар ихээхэн дуулиан тарьж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олон өдөр “идэх хоолтой” болгосон. Учир нь энэ улсад бидний сайн мэдэх “ОК” дохио нь дунд хуруугаа харуулахтай адил утга агуулдаг ажээ.
- Грект та цадталаа хооллоод дахиж идэхгүйн тулд гарныхаа алгыг гадагш харуулан: “Өө, ёстой их баярлалаа. Таны хийсэн мусака гайхалтай амттай болохоор би дэндүү их идчихлээ. Дахин нэммээр л байна, даанч зай алга” гэж илэрхийлэх гэж байгаа бол түр хүлээгээрэй. Та маш том алдаа хийх гэж байна. Учир нь энэ дохиог грекээр “орчуулбал”: ”Мусака сайхан байна. Харин та өөрөө миний дургүйг хүргээд байгаа болохоор таны толгойг ...-д дүрчихмээр санагдаад байна” гэсэн утга болно. Грект “мутза” хэмээн нэрлэгддэг эл дохио аль эртний Византийн вант улсын үеэс гаралтай. Тэр үед гэмт хэрэгтнүүдийг гэсгээхийн тулд морин тэргэнд нүцгэнээр нь ачин хотын төв гудамжаар түмний шившиг болгон явуулдаг байж. Илүү гутамшиг болгохын тулд гэмт хэрэгтний нүүрийг хараар будахдаа нүүрс юм уу ялгадас ашигладаг байсан байна.
- Эрхий хуруугаа гозойлгох дохио. Хэдэн зуун мянган жилийн турш энэ дохио янз бүрийн утгаар хэрэглэгдэхдээ соёлын ялгаатай зарим улс үндэстний иргэдийг төөрөлдүүлдэг байсан. Холливудын кинон дээр гардагчилан эрхий хуруу римийн гладиаторуудын амийг хэлтрүүлдэггүй байжээ. Үнэн хэрэгтээ атгасан гарыг өргөх нь амь аврах цорын ганц дохио байсан байна. Хэрэв та Ойрх Дорнод, Өмнөд Америк болон Африкийн баруун хэсэгт зочилвол эрхий хуруугаа атгаж явсан чинь дээр. Эрхий хуруугаа гозойлгох нь энд “Сайхан байна” гэдгээ илэрхийлэх биш харин бүр эсрэгээр нь хэрэглэгддэг. Та харилцагчаа буюу нөгөө хүнээ бүдүүлгээр “юү яахыг” урьж байна гэж ойлгох юм байна.
- Энэ хорвоо ертөнц дээр идэж үзээгүй хамгийн амттай хоол байсан ч тавгаа хоослохыг Тайланд, Хятад, Филлипинчүүд үздэггүй гэнэ. Сайхан хоол идээд цадчихлаа гэдгээ гэрийн эзэгтэйд мэдэгдэхийн тулд тавган дээрээ заавал бага зэрэг хоол үлдээх хэрэгтэй. Хятадууд ам дүүрэн ярих, хүмүүсийн дэргэд чанга дуугаар хэрхрэхийг соёлгүй зан гэж тооцдоггүйгээр барахгүй дотно найзуудынхаа дунд хий алдсан ч юман чинээ бодохгүй.
- Саудын Арабт аялж явахдаа бүсгүй та тухайн нутгийн эсрэг хүйстний хүнтэй мэндлэх вий! Шариатын журмын дагуу энэ улсад эмэгтэй хүн гэр бүлийн ахмад эмэгтэй эсвэл эрэгтэй хамаатны хяналтгүйгээр нөхрөөсөө өөр хүнтэй мэндлэх, харилцах нь ёс суртахууны гэмт хэрэг мөн. 2008 оны хоёрдугаар сард нэгэн америк бүсгүй нийтийн хоолны газар нутгийн нэг залуутай хэдэн үг солилцоход түүнийг баривчилсан юм. Үүгээр ч барахгүй америк эмэгтэйг бүрэн нүцгэлэн нэгжиж, гэмт хэрэг үйлдсэн нь үнэн гэсэн бичиг баримтанд гарын үсэг зуруулсан түүхтэй. Ер нь Арабт эмэгтэй хүний эрх дээд зэргээр зөрчигддөг, энд эмэгтэйчүүд өөрийн бизнес эрхлэх, шүүхэд үг хэлэх, тээврийн хэрэгсэл жолоодох, сонгууль өгөх, наад зах нь дугуй унах хүртэл хориотой.
- Хэдийгээр ариун цэврийн цаас нийтийн хэрэглээнд ороод 1500-гаад жилийн нүүр үзэж байгаа ч зарим улс гүрэнд энэ нь тусгай тансаг хэрэглээнд тооцогддог. Жишээ нь, Энэтхэг, Шри-Ланка, Африк, Ойрх Дорнод болон Дундад Азийн зарим улсад ариун цэврийн цаасны үүргийг зүүн гар гүйцэтгэдэг. Иймээс зүүн гар бохирт тооцогдон хоол хүнсээ зөвхөн баруун гараар иддэг юм. Дан ганц ариун цэврийн шалтгаанаар ч биш, эдгээр улсын шашны номлолд гэгээнтэн нь зөвхөн баруун гараар хооллодог гэж заасан байдаг бол Кораны номлолд Сатана солгой байсан гэж бичигдсэн аж.
- Гадаадын иргэнд бэлэг сонгохдоо бас болгоомжтой байх хэрэгтэй. Хятад хүнд цаг бэлэглэдэггүй. Учир нь хятад хэлэнд “цаг”, “үхэл” гэдэг хоёр үг нэг дуудлагатай ажээ. Мөн оршуулгын зан үйлд ашиглах эд зүйлс л зөвхөн цагаан өнгөтэй байдаг тул бэлгийн баглаа боодолд цагаан өнгийг сонгож хэрхэвч болохгүй. Бангладешт цагаан цэцэг хүнд өгдөггүй нь мөн л дээрхийн адил учир шалтгаантай.
Ёс заншилтай холбоотой энэ мэтчилэнгийн нарийн зан үйл олон бий. Тиймээс та гадаадад аялахаар зэхэж байвал очих гэж байгаа улс үндэстнийхээ онцлог зан заншлын тухай мэдээлэлтэй залхууралгүй танилцаарай. Ингэснээр та танихгүй газар, өмгөөлөгчгүйгээр эвгүй байдалд орохоос өөрийгөө аврах болно. Сайн яваарай, сайхан аялаарай!
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.







